sonin.mn

Ази-Европын уулзалт (Asia-Euvrope Meeting) буюу АСЕМ-ын дээд түвшний уулзалт Италийн Милан хотноо  өнөөдөр (10-р сарын 16) эхэллээ. Дээд түвшний  уулзалтад Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж  тэргүүтэй төлөөлөгчид, хэвлэл мэдээллийнхэн оролцож байна.

Энэхүү уулзалт нь Ази, Европын орнуудын хамтын ажиллагааг харилцан хүндэтгэх, эрх тэгш хамтран ажиллах  зарчмын үндсэн   дээр өргөжүүлэн хөгжүүлэх зорилготой үйл явц бөгөөд  Европын Холбооны гишүүн 27 улс, Европын 2 орон, (Норвеги, Швейцарь), Зүүн Өмнөд Азийн улсуудын холбоо (ASIAN)–ны гишүүн 10 орон, Зүүн Хойд Азийн 10 орон  Австрали,БНХАУ,Монгол, Мьянмар, ОХУ,Пакистан, БНСУ, Шинэ Зеланд, Энэтхэг, Япон болон Европын Комисс АСЕАН-ны Нарийн бичгийн даргын газар, нийт 51 улс, байгууллага АСЕМ-ын гишүүнээр ажиллаж байна. Энэ жил 2 улс нэмэгдэж  байгаа юм байна.

Өнөөдрийн байдлаар Европын бүлгийг ЕХ-ны Гадаад харилцааны алба,Итали, АСЕАН-ны дэд бүлгийг Малайз, НЕСА-гийн дэд бүлгийг Монгол Улс тус тус зохицуулагчаар ажиллаж байна. Дээд хэмжээний уулзалт хоёр жилд нэг удаа болдог.

АСЕМ нь шийдвэр гаргагчид, бодлого боловсруулдагчид, судлаач эрдэмтэд, иргэний нийгмийн зүтгэлтнүүд, бизнес  эрхлэгчид сонирхсон асуудлаар санал солилцож, үзэл бодлоо илэрхийлэх чөлөөт индэр болдог.

АСЕМ-ын үйл ажиллагаа хоёр тивийн улс орнуудын харилцан сонирхсон бүхий л салбарт явагддаг бөгөөд улс төр, эдийн засаг, нийгэм, соёлын салбарыг  хамтын ажиллагааны тулгуур гэж үздэг.  

Өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж АСЕМ-ын Зүүн хойд, Зүүн өмнөд Азийн дэд бүлгийн зохицуулагчийн хувьд Европын Зөвлөлийн Ерөнхийлөгч Х.Ван Ромпиу, Европын Комиссын ерөнхийлөгч Ж.М.Баррозо, Европын  Холбооны Гадаад харилцаа, аюулгүй байдлын асуудал хариуцсан Дээд төлөөлөгч бөгөөд Европын комиссын Дэд ерөнхийлөгчөөр сонгогдоод буй Ф.Моргерини нартай тусгайлан уулзаж энэ удаагийн Дээд түвшний уулзалтын зохион байгуулалтын асуудлаар санал солилцов.

Энэ удаагийн Дээд түвшний уулзалт “Тогтвортой хөгжил, аюулгүй байдлын төлөөх хариуцлагатай хамтын ажиллагаа” гэсэн ерөнхий хэлэлцүүлэг өрнүүлж байна.