sonin.mn
Гадаадын шууд хөрөнгө оруулалт манай эдийн засгийн амин асуудал юм. Энэ талаарх улс төрийн үзэл баримтлалын талаар өмнө нь “Гадаадын хөрөнгө оруулалт ба прагматик национализм” (http://www.sonin.mn/news/easy-page/32940) , “Прагматик национализм (Үндэсний үзэл)–ын тухай”(http://economy.news.mn/content/191812.shtml) гэсэн тэмдэглэл гаргасан билээ. 
 
Энэ удаа үйлдвэржилтийн тухай асуудлыг зэрвэс хөндье. Манайхны ярих дуртай сэдэв. Монгол гадны хөрөнгө оруулалтгүйгээр үйлдвэржиж чадах уу гэсэн асуулт байна. 
 
Өнгөрсөн зуунд Монгол бас ч үгүй үйлдвэрийн соёлтой орон болсон түүхээ эргэн харвал гадаадын хөрөнгө оруулалтад дулдуйдсан нь ойлгомжтой. Сайхан аашлахаараа бидэнд Зөвлөлт Орос ах нар тусалсан гэж ярьдаг. Эдийн засгийн хэллэгт нь оруулбал гадаадын хөрөнгө оруулалт Монголын нүүр царайг өөрчилсөн юм. Зэс баяжуулах үйлдвэртэй, цахилгаан станцуудтай, барилгын үйлдвэрүүдтэй, хүнсний үйлдвэрүүдтэй, арьс шир, ноос боловсруулах үйлдвэрүүдтэй түүнийгээ дагаад хот суурин газруудтай болсон түүх бол гадаадын хөрөнгө оруулалтын түүх байлаа. Орос хөрөнгө оруулалттай гэх үү дээ. Үүссэн 10 тэрбум долларын өрийг нь арай ядан МАХН парламентад үнэмлэхүй олонхи (72 суудалтай) байхдаа цайруулж билээ. 
 
Коммунист үзэл суртал Барууны болон Хятадын хөрөнгө оруулалтыг “гадаадын” гэсэн ойлголтод оруулж түүнийг шахан зайлуулсныг эдийн засгийн том ололт, Зөвлөлт Оросын оруулсан хөрөнгө оруулалтыг ахан дүүгийн тусламж хэмээн ойлгуулдаг байсан. Одоо ч иймэрхүү ойлголт популистуудын “тархи”-нд хэвээрээ байна. Тиймдээ ч тэдний шүүмжлэл ялгавартайгаас гадна огторхон. Шүүмжлэлийн ихэнхи нь асуудлын мөн чанарын тухай биш сонгогчдоос “оноо цуглуулах”-д чиглэгдсэн байдаг. 
 
Гадаадын хөрөнгө оруулалтгүйгээр үйлдвэржсэн тийм орон байна уу? гэж асууя. Байнаа байна. Хойд Солонгос. Чадахгүй юм гэж байхгүй. Пуужин хүртэл хийчихнэ. Бахархмаар ч юм шиг. Гэвч өлсгөлөнд үе үе орно. Өөр жишээ бас байнаа. Хуучин ЗХУ. Хуучны Хятад орон. Хэдэн арван сая хүний амь нас, цус, хөлс, боолын хөдөлмөрөөр үйлдвэржилтийн суурь тавьсан орнууд. Одоо тэд бүгд (Хойд Солонгосыг оролцуулахгүйгээр) өөрчлөгджээ. Үйлдвэрлэлийн баазаа шинэчлэхийн тулд, шинэ маягаар үйлдвэржихийн тулд Хөршүүд маань ГШХО-ыг чадварлаг ашиглаж байна. Ялангуяа Хятад улс. 
 
Монгол улс хэрэндээ үйлдвэржсэн орон. Хуучин үйлдвэрүүдэд асар их шинэчлэл шаардагдан буй. Түүхээ ч харсан, ертөнцийн зүй тогтлыг ч харсан Монголчууд бид ГШХО-ыг ашиглахгүйгээр босч чадахгүй. 
 
Гадаадын хөрөнгө өөрөө Монгол руу гүйгээд ирдэг эд биш гэдгийг бас бодолцох хэрэгтэй. Монголчууд ертөнцийг яаж харна вэ? Эсрэгээр нь Ертөнц Монголыг яаж харж байна вэ? гэж нэг удаа бодоод үзээч. Улс орон болгон гадаадын хөрөнгө оруулалтын төлөө өрсөлдөж, өөрсдийгөө хөрөнгө оруулагчдад “гоё” харагдуулахын төлөө явдаг. Өрсөлдөгчид нь тухайлбал Монгол улс нь хөрөнгө оруулагчдын нүдэнд муухай харагдаж байвал тэдэнд л ашигтай. Манай өрсөлдөгчдөд харамгүй туслалцаа үзүүлэгчид нь яалт ч үгүй манай популистууд. 
 
Монголоос хөрөнгө оруулагчид айдаг болсон нь Монгол төр, манай хүн ам популизмд автсны шинж билээ. Засч болдоггүй эд үү? Хургаж суудаг цаг уу? Амин асуудал биш үү?
 
Монгол Улсын Ерөнхий сайд асан, МҮАН-ын дарга М.Энхсайхан
 
Эх сурвалж: https://www.facebook.com/enkhsaikhan.mendsaikhan