sonin.mn

Шинэчлэлийн засгийн газраас эдийн засгийн хүндрэлтэй нөхцөл байдлаас гарах дорвитой арга хэмжээ­нүүдийг шат дараалан авч хэрэгжүүлсээр байгаа. Эдийн засгийг эрчимжүүлэх 100 хоног зарлаж, үндэсний үйлдвэрлэгчдийг дэмжих бодлого баримтлан, дотоодын нийт бүтээгдэхүүнийг нэ­мэгдүүлэхээр шамдаж байна.

Өөрөөр хэлбэл айлаас эрэхээр авдраа уудал гэсэн ардын ухааныг Н.Алтанхуяг баримталж буй юм. Дотоод нөөц бололцоогоо ашиг­лан, хэмнэж болох зард­луудыг хэмнэж, бүсээ чан­галахаар шийдсэн гүй­цэтгэх засаглалын тэргүүний бодлого олон нийтэд 100 хувь биш юм гэхэд багагүй таалагдаж л байгаа.

Үүний тулд төрийн данхайсан бүтцийг цомхотгохоор засгийн газрын шинэ зо­хион байгуулалт, бүтэц бүрэл­дэхүүнийг өнгө­рөгч долоо хоногт ний­тэд танил­цуулсан. Н.Алтан­хуягийн энэ алхмыг Засгийн газрын түүхэнд байгаагүй шийдвэр гэж хэлж болно.

Өмнөх Ерөнхий сайдууд яам, агентлагуудын тоог нэмсээр ирсэн бол Н.Алтанхуяг нөхцөл байдалдаа тулгуурлан цомхтгох боломжуудыг олж харж ажил хэрэг болгохоор зүтгэж байна.

Үүнээс гадна өмнөх Засгийн газруудын тавьсан өрийг төлсөөр нэлээд хугацаа алдсан Н.Алтанхуягийн танхим ирэх 2015 онд цалин, тэтгэвэр тэтгэмжийг нэмэгдүүлэхээр төсөвт 500 тэрбум төгрөг суулгахаар урьдчилсан хэлэлцүүлэгт оруулсан.

Энэ мэтээр Шинэчлэлийн Засгийн газраас улс орон, ард түмний тусын тулд хэрэгжүүлэхээр эхлүүлж буй ажлууд МАН-ынханд таалагдсангүй. Тиймээс УИХ-ын нэгдсэн чуулганаас тав хоногийн завсарлага авч буйгаа зарлалаа. Эдийн засгийн эгзэгтэй нөхцөл байдал, төсөв хэлэлцэж буй эмзэг үед ийнхүү чуулганаас завсарлага авсан нь төрийн ажлыг санаатай гацааж, Шинэчлэлийн засгийн газарт төмөр дөнгө зүүхээр оролдож буй хэрэг юм.

Н.Алтанхуягийн Засгийн газар эдийн засгийн хүндрэлийг аль болох сааруулахын зэрэгцээ бүтээн байгуулалтыг эрчимтэй өрнүүлэн, сүүлийн жилүүдэд байгаагүй их ажил амжуулсныг олон нийт үнэлж байгаа.

Энэ утгаараа саяхан явуулсан санал асуулгаар Ерөнхий сайд Н.Алтанхуяг шилдэг улстөрчдийн хоёрдугаарт бичигдэж, түүний тэргүүлсэн Шинэчлэлийн Засгийн газар 24.1 хувийн саналаар өмнөх Засгийн газруудын өмнүүр чанар, чадамжаараа гишгэсэн.
 
Хэдийгээр дэлхий нийтээрээ эдийн засгийн хүндрэлийг туулж, энэ нь импортоор дотоодын хэрэглээгээ хангадаг Монголын хувьд илүү хүнд тусч буй боловч өнгөрсөн хоёр жилд бүтээн байгуулалтыг бүх салбарт өрнүүлж чадсан нь Шинэчлэлийн Засгийн газрын амжилт байв. Зам тээвэр, барилга хот байгуулалт, байгаль орчин, уул уурхайн салбаруудад хийсэн бүтээн байгуулалт өмнөх жилүүдийнхээс эрс нэмэгдсэн.

Олон нийт ч үүнд ам сайтай байж, өндөр үнэлгээ өгч байгаа. Энэ бүхэн дахиад л МАН-д таалагдсангүй. Тиймээс бүтэц зохион байгуулалтын өөрчлөлт хийх гэж буйг далимдуулан Засгийн газрын нэр хүндийг унагах, улмаар шүд сугалах зарчмаар танхимыг бүхэлд нь огцруулах боломжийг хүлээн ийнхүү удаан хугацааны завсарлага авч буй бололтой.

Угаас МАН-ын гишүүд 2012 оны сонгуулиас хойш удаа дараа энэ мэтээр Засгийн газрыг огцруулах, хүч алдуулахыг эрмэлзэж ирсэн бөгөөд үнэн хэрэгтээ энэ нь төрийн ажилд төмөр дөнгө зүүж, улс орноо хямралын ангал руу түлхэхээр оролдож буйтай утга нэг юм.

Тодруулж хэлбэл эдийн засгийн хүндрэл дээр төрийн хямрал нэмж, Монгол Улсын дархлааг сулруулах гэсэн увайгүй бодлого хэмээн үүнийг тайлбарлаж болно.

Өнгөрсөн 20 жилийн турш төрийн эрх барьж, үнэн хэрэгтээ сөрөг хүчин болж үзээгүй МАН-ынхны хувьд Шинэчлэлийн Засгийн газраас эхлүүлсэн их бүтээн байгуулалт, үйлдвэржилтийн бодлого тэдний үнэн нүүр царайг илчилсэн далайцтай, үр дүнтэй ажил болсон билээ. МАН-ын 20 жил худал амлаж, хууран мэхэлсээр хийгээгүй ажлыг АН ийнхүү бодитоор хэрэгжүүлж буй нь яалт ч үгүй үнэн юм.

Тиймээс ч 2016 оны сонгууль хүртэл улс төрийн эрээ цээргүй, увайгүй үйлдэл хийгээд ч болов АН-ын нэр хүндийг унагахыг эрмэлзэх нь аргагүй. Тиймдээ ч Засгийн газрын бүтэц зохион байгуулалт тэдний хувьд юу ч биш, төсвийн хэлэлцүүлэг мөн л ач холбогдолгүй ажил болж хувирлаа.

Төрийн ажил МАН-ын хатгаасаар ийнхүү гацаанд орсноор ард түмний нуруун дээрх ачаа улам бүр хүндэрч, эдийн засгийн байдал өнөөгийн төвшнөөсөө уруу­дах магадлал өндөр. МАН-ынхан чухам үүнийг хүлээж удаан хугацааны завсарлага авсан бол тэр нь хорлон сүйтгэх ажил­лагаанаас дутуугүй хор хөнөөлтэй юм.

Ажлаа хийж амжуулъя хэмээн зүтгэж буй АН, завсарлая, хойшлуулъя хэмээн хойш сууж буй МАН хоёрт ард түмэн аль эрт дүн тавьж, цахим ертөнцийнхөн МАН-ыг буруутган шуугиж байна. Хэнийх нь зөвийг гагцхүү цаг хугацаа л харуулна.

Эх сурвалж: