sonin.mn

УИХ-ын 2012 оны сон­гуулиас хойш олон нийтийн дунд “Өвөрхангайн хоёр” гэх нэр томъёо газар авсан. Тодруулбал, Өвөрхангай айм­гийн 10 дугаар тойрогт МАН-аас нэр дэвшсэн С.Чинзориг, Н.Төмөрхүү нар илт илүү санал авсан ч АН-ын Г.Батхүү, Д.Зоригт нар тус тойрогт ялалт байгуулсан болж хувирсан. Энэ бол ямааны мах халуун байх үед хэвлэл мэдээ­лэл төдийгүй нийгэмд тарх­сан ойлголт.

Санал тоолох автомат ма­шин МАН-ын тал 43-48 хувийн саналаар яллаа гэж дүгнэж, тэр ч байтугай гишүүний түр үнэмлэхийг нь олгосон байдаг. Гэтэл удалгүй “Өвөрхангайн хоёр” насанд хүрээгүй хүүхдийг сонгуулийн суртал­чил­гаан­­даа ашигласан гэж шуу­руулаад айж балмагдсан шүүгчид ч цочиж гайхаад алхаа цохьчихсон.

Өвөрхангайчууд үүнийг эсэргүүцэж 23 мянган хү­ний гарын үсэг цуглуулан эсэргүүцлээ илэрхийлсэн ч СЕХ гаргасан шийдвэртээ эзэн нь гэсэн шиг тас гү­рий­чихсэн. Ингэснээр Г.Батхүү, Д.Зоригт нар УИХ-ын ги­шүүний тангараг өр­гөж, үнэм­лэх, энгэрийн тэм­дэгтэй болж өнөөдөр Тө­рийн ордонд таваргаж яваа.

Харин энэ жигтэй явд­лын үнэн мөнийг гагцхүү саналын хуудас тоолсон то­варишууд л мэдэх нь то­дорхой. Түүнээс хойш улс­төрд ямар нэг хөдөлгөөн орох үед энэ асуудал босч ирж, хүмүүсийн чих ба­раг дөжирчихсөн гэхэд бол­но. Тиймдээ ч хэсэг шуу­гиу­лаад удалгүй усанд хаясан чулуу шиг алга болчихдог.

Гэтэл өчигдөр Өвөр­хан­гай аймгийн сонгогчдын эрхийг хамгаалах түр хороо гэгч газраас хэвлэлийнхэнд энэ талаар мэдээлэл хийж “Г.Батхүү, Д.Зоригт хоёр баяр­лах болоогүй шүү” гэд­гийг дахин сануулдаг юм байна.

Тэд “Санал луйвардаж ялсан нь дүүрч. Харин одоо Д.Зоригтыг Сангийн сайд болгоно гэдэг чинь юу гэсэн үг вэ. Ийм ёс зүйгүй, увайгүй юм гэж байж болох уу” хэмээн шаардав. Тэр ч бүү хэл Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нарт энэ тухай шаардах бичиг өгсөн гэв.

Арга ч үгүй юм. Хоёр жил гаруйн өмнө саналыг нь луйвардсан нөхөр өдгөө Монгол Улсын хөрөнгийн эзэн буюу Сангийн сайдын сэнтийд залрахаар гэтэж суухад яаж ч дуугүй хараад сууж тэсэх билээ.

Аливаа зүйл олон талтай байдгийн адилаар тэдний энэ үйлдлийг “давхар дээл”-ээ тайлцгаа гэдэг Ерөн­хийлөгчийн саналд дөрөөлж, “хохирогч” болсон хоёрыг “давхар дээл”-гүй хэмээгээд хэн нэгний сандалд суулгах нууцхан хүсэлт өвөртөлж, Өвөрхангайгаас ирсэн ч юм бил үү хэн мэдлээ гэж харж болох. Нөгөөтэйгүүр хувьс­галын тохироо гээч нь бүрдчихвэл нөмгөн байтугай дээлтэй байгаа эсэх нь эр­гэлзээтэй эдгээр эрхмүүд торойтол гараад ирэхийг ч үгүйсгэх аргагүй.

Ямартай ч Өвөрхангайн гэх тодотголтой дажин да­хиад дэгдэв бо­лолтой. Гэхдээ энэ удаа арай л өөр. Учир нь засаг төр донсолгоотой байгаа өнөө үед шуудайд хийсэн үх­рийн эвэр шиг нөхдийн дундуур гулгаад ороод ирэх боломж, зай завсар ч олдож болно. Ха­рин уг дуулианы гол дүр “хохирогч” эрхмүүд юу бодож, ямрыг хийж яваа нь сонирхолтой.

М.Санчир

Эх сурвалж: