sonin.mn

“...Энэ засаг төрөө та нар нэг олигтойхон аваад явчихаж чадахгүй байна уу, аан. Яасан ухаанд нь ухна үхсэн малууд гэж ийм байдаг байна аа. Хурдхан шиг огцор...”. Энэ бол өнгөрсөн хугацаанд чуулганы танхимд МАН-ынхны амнаас гарч байгаа хамгийн эелдэг үгс гэе.

Зурагтынхан гарсны дараа бол энгийн ухамсрын түвшний этик, эстетик гэдэг ойлголтыг бүрмөсөн гээсэн хараалууд хөвөрнө. Эхлээд ч яахав сөрөг хүчин юм чинь дээ гэсэн үгээр энэ бүхнийг нэг их тоодоггүй байв. Байх ёстой зүйл л гэж үздэг байлаа. Ер нь сөрөг хүчин ийм байх ёстой гэж бодож байв.

Дараа нь та нар ядахдаа Засгийн газрынхаа зарим нэг нөхрийг тат гэсэн шаардлагыг байнга тавих болсон. Нөгөөдүүл нь тэгээд товчоор хэлэхэд засаг төрөө олигтойхон авч явахын тулд Засгийн газартаа бүтцийн өөрчлөлтийг хийхээр болсон юм. Ийм үгийг дуулангуутаа,”Хурдлаач та нар. Хурдхан сайдуудаа тавь. Цаана чинь улс орон сүйрч байна” гээд л шавдуулж байлаа.

Төрийн ажил тусгай дэг жаяг, ёс горимтой болохоор нөгөөдүүл нь зайлуул ном журмын нь дагуу хамаг бүхнийг явуулах гэхээр хоног 24 цагтай болохоор яалтай билээ. Гэхдээ ч тэр олон фракци бүлэглэл, эвсэл энэ тэрийнхээ янз бүрийн үзэл бодлыг эвцэлдүүлж байгаад харин ч бага хугацаанд сөрөг хүчнийхээ шөнөжин өдөржин шаардсан зүйлийг “хурдны зам” дээр гаргаж тавив.

Өөрөөр хэлбэл Засгийн газартаа бүтцийн өөрчлөлт хийгээд зарим сайдуудаа шинээр томилуулах тухай саналыг Засгийн газар УИХ-д оруулаад орхитол нөгөө ард түмний нэрийн өмнөөс, ард түмнээ өмөөрөөд, улс эх орноо бодоод энэ бүх шаардлагыг тавиад байсан МАН маань завсарлага авч байх юм. Бүүр тав хоног шүү.

Энэ асуудлыг хэлэлцэхэд ганц минут бүхэн үнэтэй байна гээд л чуулганы танхимд чарлаад байсан нөхдүүдэд гэнэт тав хоног юу ч биш болоод явчихав. За тэр ард түмэн маань сөхөрлөө энэ тэр бүүр ч худлаа болоод явчих шиг боллоо. Хурдхан төсвөө батлахгүй бол Монгол Улсад аюул нүүрлэлээ гээд байсан нь ч хаашаа хийсээд явчихав бүү мэд.

Өчигдөр ерөнхийдөө нэг ийм юм болов. Сөрөг хүчнийг ойлголгүй яахав. Сөрөлгүй ч яахав. Гэхдээ сөрөг хүчин хамаа намбаагүй, санаан зоргоороо сөрөөд байвал ямар болдгийг Мексикийн парламент харуулсан гэдэг юм. Эрх баригч бус сөрөг хүчнийхээ балгаар хамаг томоохон төслүүд нь зогсоод ард түмэн нь бослого аллага дээрээ тулсан түүхтэй. Уг нь сөрөг хүчин тувт ард түмний нэрийн өмнөөс хашгиралдаж байсан гэдэг юм.

Даанч эцэст нь ард түмнээ жинхэнэ өвдөг сөхрүүлсэн хорлонтой ажил болж хувирсан байдаг . Энэ бол аливааг сөрж л байвал боллоо гэсэн “улаан хамгаалагчид” маягийн хүмүүсийн балаг. Харамсалтай нь МАН-д ийм “улаан хамгаалагч” тун олон байсаар ирсэн, одоо ч байна.

Тиймээс төрийн албыг жинхэнэ ёсоор гацаах нь тэдэнд юу биш. Хэрвээ улс орныг нэг ачааны машин, жолооч нь ерөнхий сайд, дээрээ дүүрэн зорчигчтой яваагаар төсөөлбөл жолоочийг нь алахын тулд дээрхи зорчигчдыг нь үл тоон онхолдуулж чадах ёс суртахуунтай л хүмүүс шүү дээ.

Ингэхэд МАН “хурдны зам” дээр гарсан машины дугуйг байн байн хагалснаар ямар гай хор тарих вэ гэдгээ мэдэж байгаа. Жилийн эцэс болоод хүн бүхэн төсвийн зүг саравчлан харж байгааг тэд мэдэхгүй бол өөр хэн мэдэхэв. Яагаад гэхээр ирэх жилийн төсвөөс улс орны ойрын ирээдүй харагддагаас тэр .

МАН-ынханд сайдууд таалагдаагүй учраас завсарлага авлаа гэж би л лав огтхон ч бодохгүй байна. Итгэх ч үгүй. Үнэн хэрэгтээ хэн сайд байх МАН-д огтхон ч падгүй. Муу хүн сайд болоосой гээд л залбирч суугаа. Маш сайн сайдууд болох хүмүүс орж ирсэн ч тоохгүй.

Данагарууд түүнээс цаадхыг харна шүү дээ. Шуудхан хэлэхэд төсөв батлагдах л юм бол ирэх жил хөдөө орон нутагт хөрөнгө мөнгө ахиухан очиж, цалин тэтгэвэр үлэмж хэмжээгээр өсөх юм байна гэдгийг тэд маш сайн харах шиг боллоо. Ланжгарууд үүнийгээ андахгүй л дээ.

Тиймээс аль болохоор Засгийн ажлыг жаахан гацааж, яаж олон түмний уур хилэнг бадраах вэ л гэж бодож байгаа. Ард олны уур хилэн ч цалин мөнгө нь ирэхгүй гацаад, мах шөлний үнэ өсөхөөр өөрийн эрхгүй дүрэлзэнэ гэдгийг манай данагарууд мэдэхгүй бол өөр хэн мэдэхэв.

Завсарлага авсны нарийн учир гэвэл энэ. Тэд ард түмэндээ хайртай хүмүүс биш. Харин нэрийг нь барихдаа үнэхээр гарамгай хүнд гарууд. Тэдэнд ардчилсан засгийн үед ард түмэн баяр жаргалтай байвал бөөн гашуудал. Харин муу муухай амьдарч байвал бөөн баяр. Өөрсдийг нь засаг барих үед бүх юм эсрэгээрээ. 90 жилийн түүхтэй намын уг араншин ердөө л ийм. Нөгөө юу хатавч өмхийгөө тавьдаггүй гэдэгтэй л адилхан.

Тиймээс энэхүү тав хоногийн завсарлагын ард яавал ард түмнээ сөхрүүлэх вэ гэсэн төрөлхийн авир араншин нь нуугдаастай яваа хэрэг. Үүнийг л улстөр хийнэ гэж хэлээд байдаг юм болов уу гэж боддог юм даа.

Н.Халиун