sonin.mn

УИХ-ын гишүүн Су.Батболд, Г.Уянга нар Швейцарийн Женев хотноо энэ оны 10 дугаар сарын 12-17-нд чуулсан Олон улсын парламентын холбооны 131 дүгээр Ассамблейд оролцлоо.

Энэ удаагийн Ассамблейгаар авч хэлэлцсэн хүйсийн тэгш байдлыг хангах, эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийг зогсоох тухай сэдэв нь өнөөдөр дэлхийн олон нийтийн санааг зовоож буй нэг чухал асуудал болж байгааг улс орнуудын парламентчид анхаарч, улс төрийн шийдвэртэй алхам авч хэрэгжүүлэхийг Ассамблейгаас уриалав.

БНХАУ-ын Бээжин хотноо 1995 онд болсон Эмэгтэйчүүдийн асуудлаарх дэлхийн 4 дүгээр бага хурлаас баталсан Тунхаглал, Үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт тусгасан хүйсийн тэгш байдлыг хангах, эмэгтэйчүүдийн эрх мэдлийг нэмэгдүүлэх, тэдний эсрэг хүчирхийллийг зогсоох талаарх үзэл санаа, заалтуудыг тус бага хуралд оролцогсод дэмжиж буйгаа илэрхийлээд, хүйсийн тэгш байдал нь тогтвортой хөгжлийн чухал хүчин зүйл, дэвшлийн жишиг болж байгааг онцолсон байна.

Өнөөдөр дэлхийн гурван эмэгтэй хүн тутмын нэг нь хүчирхийлэлд өртөж байгаа бөгөөд ийм төрлийн хүчирхийлэл нь эмэгтэйчүүд, охидын нэр алдрыг гутааж, тэдний үндсэн эрхийг нь зөрчиж байна гэж хурлын илтгэлд тэмдэглэв.

Эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийн бүхий л хэлбэрийг зогсоох, хүйсийн тэгш байдлыг хангахад төрийн зөв бодлого амин чухал үүрэгтэйг төлөөлөгчид хэлсэн үгэндээ цохон дурдсан байна. Түүнчлэн эмэгтэйчүүдийн нийгэм, эдийн засгийн эрх мэдлийг нэмэгдүүлэх, тэднийг шийдвэр гаргахад өргөнөөр оролцуулах талаар өргөн хэлэлцүүлэг өрнүүлжээ.

Ассамблейн үеэр ОУПХ-ны Удирдах зөвлөл, Ардчилал ба хүний эрхийн байнгын хороо, Энх тайван ба аюулгүй байдлын байнгын хороо, Парламентчдын хүний эрхийн хороо, НҮБ-ын асуудлаарх байнгын хороо, Тогтвортой хөгжил, санхүү болон худалдааны асуудлаарх байнгын хорооны салбар хуралдаанууд болж, ОУПХ-ын Ерөнхийлөгчөөр Бангладешийн парламентын гишүүн Сабер Чоудхури сонгогдов.

Манай улсын төлөөлөгчид ОУПХ-ны Ассамблейд оролцох үеэрээ Австрали, Исланд, Мексикийн парламентын төлөөлөгчидтэй уулзаж хоёр талын харилцаа, хамтын ажиллагааны талаар санал солилцсон байна.