sonin.mn

“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2014 оны 39 дэх дугаарт Зээлийн хэлэлцээр соёрхон батлах тухай, Конвенцийг соёрхон батлах тухай хуулиудыг нийтэллээ.

Зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулиар Монгол Улс, Бельгийн Вант Улсын Засгийн газрын хооронд 2014 оны 06 дугаар сарын 12-ны өдөр байгуулсан “Баруун бүсийн оношилгоо, эмчилгээний төвийг бэхжүүлэх төсөл”-ийн зээлийн хэлэлцээрийг, Конвенцийг соёрхон батлах тухай хуулиар “Хүчээр алга болгохоос бүх хүнийг хамгаалах тухай” олон улсын конвенцийг баталсан юм.

Мөн дугаарт Үндсэн хуулийн цэцийн 2014 оны 05 дугаар дүгнэлтийн тухай Улсын Их Хурлын тогтоолыг нийтлэв. Энэхүү тогтоолоор “Хувь хүний нууцын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Энэ зүйлийн 2 дахь хэсгийн 2 дахь заалтын “нийтэд аюултай онцлог зарим халдварт өвчнөөс бусад өвчин” гэдэгт хүний дархлал хомсдлын вирусын халдвар, дархлалын олдмол хомсдол өвчин хамаарахгүй.” гэж заасан нь Монгол Улсын Үндсэн хуулийн зарим зүйл, заалтыг зөрчсөн байна” гэсэн Монгол Улсын Yндсэн хуулийн цэцийн 2014 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 05 дугаар дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзсэн байна.

Түүнчлэн Хөтөлбөр батлах тухай Засгийн газрын тогтоолыг нийтэллээ. Энэхүү тогтоолоор Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих хөтөлбөрийг баталжээ. Уг хөтөлбөрийн хугацаа, хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлэх арга хэмжээ, хөтөлбөрийн удирдлага, зохион байгуулалт, санхүүжилттэй холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг уншигчид “Төрийн мэдээлэл” эмхэтгэлээс авах боломжтой хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.