sonin.mn

Улсын Их Хурлын 2014 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн /2014.10.17/ үдээс өмнөх хуралдаанаар Галын аюулгүй байдлын тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцлээ.

Монгол Улсын Галын аюулгүй байдлын тухай хууль нь 1999 онд Улсын Их Хурлаар батлагдсанаас хойш 14 жилийн хугацаанд гал түймрийн аюулгүй байдлыг хангуулах, гарсан гал түймрийг унтраах талаарх төр, аж ахуйн нэгж байгууллага, иргэдийн хүлээх эрх үүрэг, тэдгээрийн харилцан ажиллагаа, ажлын уялдаа холбоог зохицуулах үндсэн үүргээ хангалттай биелүүлж ирсэн байна.

Шинэчлэн найруулсан хуулийн төслийн өмнөх хуулиас ялгарах гол онцлог, өөрчлөлт нь, галын аюулгүй байдлыг хангуулахад Онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллагаас гадна энэ чиглэлийн төрийн болон төрийн бус байгууллагуудын оролцоог нэмэгдүүлэн галын аюулаас урьдчилан сэргийлэх ухуулга сурталчилгаа, хичээл сургалтыг ард иргэд, аж ахуйн нэгж байгууллагуудад явуулах ажлыг шилжүүлэх, ингэснээр төрийн зарим чиг үүргийг иргэд, төрийн бус байгууллагад шилжүүлэх, иргэдийн оролцоог нэмэгдүүлэх аж.

Хэлэлцүүлгийн шатанд гишүүдийн зүгээс галын аюулаас урьдчилан сэргийлэх арга хэмжээний талаар иргэд, аж ахуйн нэгж, байгууллагын үүрэг хариуцлагыг нэмэгдүүлэх, гал унтраах дуудлагын үед хурдан очих шаардлагатай тул энэ үеийн замын хөдөлгөөний зохицуулалтыг хуулийн төсөлд нарийвчлан тусгах, обьектуудыг галын даатгалд хамруулах, ялангуяа авран хамгаалах үйл ажиллагааг сайжруулах асуудлыг хөндөж байр сууриа илэрхийлсэн. Мөн галын аюултай тэмцэж амь дүйж явдаг ажилтнуудын нийгмийн асуудалд анхаарах хэрэгтэй хэлж байсан юм.

Гишүүд асуулт асууж, үг хэлсний дараа Байнгын хорооны саналаар хуулийн төслүүдийг хэлэлцэх нь зүйтэй гэсэн саналаар санал хураалт явуулсныг хуралдаанд оролцсон гишүүдийн 88,2 хувь нь дэмжлээ. Ингэснээр хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Хууль зүйн байнгын хороонд шилжүүлэв.

Үүний дараа Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэв.

Хууль санаачлагчийн илтгэлийг Хууль зүйн сайд Х.Тэмүүжин, Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн О.Баасанхүү нар танилцуулав. Улсын бүртгэлийн байгууллагуудын чиг үүргийг тодорхой болгох, хуулийн этгээдийн талаарх өөрчлөлтийг бичгээр болон цахим хэлбэрээр бүртгэж, мэдээллийн цахим санг бий болгох, хуулийн этгээдийг 2-3 хоногт бүртгэж, гэрчилгээг өргөдөл гаргагчдад цахим хэлбэрээр илгээж, хэвлэх боломжийг бүрдүүлэх, хуулийн этгээдийн нэр хайх, баталгаажуулах, өргөдөл гаргах, шийдвэрлэлтийн явцын талаарх мэдээллийг цахим хэлбэрээр авах, хуулийн этгээдийн хувийн хэрэг болон улсын бүртгэл хөтлөх, лавлагаа олгохтой холбогдсон харилцааг нэгдмэл байдлаар зохицуулахаар хуулийн төсөлд тусгажээ.

Хууль санаачлагчийн илтгэл болон байнгын хорооны санал дүгнэлттэй холбогдуулан гишүүд асуулт асууж, үг хэлсэн. Улсын Их Хурлын гишүүн Д.Сарангэрэл мэдээллийн санд хэн дуртай нь нэвтрээд байх уу. Мэдээллийн санд нэвтрэх байдлыг хэрхэн зохицуулах вэ гэдгийг тодруулсан юм.

Мэдээллийн нээлттэй байдлыг тодорхой зааж өгсөн заалтууд хуулийн төсөлд орсон. Мэдээллийн нээлттэй байдлын хүрээнд тухайн шинээр бүртгэгдсэн этгээдийн тухай мэдээлэл нээлттэй байна.

Тэр мэдээлэл нь зөвхөн тухайн компанийн нэр хаяг, гэрчилгээг үндэслэнэ. Хувь эзэмшигч юмуу, хувь хүний болон байгууллагын нууцын тухай хуулиар хамгаалагдсан мэдээлэлд чөлөөтэй нэвтрэх боломжгүй.

Гэхдээ эрх бүхий байгууллагын хүссэн мэдээллийг гаргаж өгч байгаа гэсэн хариултыг ажлын хэсгээс өгөв. Хуулийн төслийг дэмжиж буйгаа илэрхийлж Улсын Их Хурлын гишүүн С.Баярцогт, Ё.Отгонбаяр нар үг хэлсэн бол хуулийн төсөл шаардлага хангахгүй байгаа тул дэмжихгүй гэдгээ илэрхийлж Улсын Их Хурлын гишүүн Ч.Хүрэлбаатар үг хэллээ. Хуулийн төслийг хэлэлцэх эсэх асуудлаарх санал хураалтыг чуулганы үдээс хойших хуралдаанаар үргэлжүүлнэ хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.