sonin.mn

Улсын Их Хурлын гишүүн Д.Хаянхярваа, Я.Содбаатар, Н.Номтойбаяр, Ч.Хүрэлбаатар нарын нэр бүхий 28 гишүүн Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуягийг огцруулах тухай саналыг өнөөдөр / 2014.10.17 / Улсын Их Хурлын дарга З.Энхболдод өргөн барилаа.

Огцруулах саналыг өргөн барьсан нэр бүхий 28 гишүүн Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг нь Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Дөчин нэгдүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан чиг үүргээ хэрэгжүүлэх чадамжгүй байгаагийн зэрэгцээ төсвийн хууль, тогтоомжийг удаа дараа зөрчин, Засгийн газрын ажлыг зангидан зохион байгуулах үүргээ туйлын хангалтгүй биелүүлж, ноцтой алдаа дутагдлуудыг гаргаж байгаа тул огцруулах тухай саналыг өргөн барьж байна хэмээн тайлбарласан юм.

Засгийн газар судалгаагүй, бодлогогүй зарцуулсан их хөрөнгө улс орны эдийн засгийг өсгөх бус өвчлүүлж байгааг Олон улсын валютын сан, Дэлхийн банк зэрэг олон улсын хөндлөнгийн байгууллагууд дүгнэлээ.

Засгийн газрын чадамжгүй, эдийн засгийн бодлогогүй байдлаас болж гадаадын шууд хөрөнгө оруулалт буурсан гэх зэрэг нэгдүгээрт:  Эдийн засаг хуулийн хүрээнд, хоёрдугаарт: Эдийн засаг ба Улсын Их Хурлын тогтоол, түүний хэрэгжилтийн хүрээнд, гуравдугаарт: Эдийн засаг ба хариуцлагын хүрээнд, дөрөвдүгээрт: Эрх ашгийн эрэмбэ ба ёс зүй, хуулийн хүрээнд гэсэн 4 бүлэг бүхий асуудлыг тусгасан саналыг өргөн барьсан болохыг УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.