sonin.mn

“Ахмад настны эрүүл мэндийг дэмжих сар”-ын аяны хүрээнд “Насжилт ба нийгмийн эрүүл мэнд” сэдэвт геронтологи, гериатрийн чиглэлээрх үндэсний 7 дугаар симпозиумыг Эрүүл мэндийн яам, Геронтологийн үндэсний төв, Монголын Менопауз, Андропаузын зохицуулалтын нийгэмлэг, Насжилт судлал, Настны эмгэг судлалын нийгэмлэг хамтран зохион байгуулж байна.

Уг хурлаар настанд ээлтэй орчныг хэрхэн бүрдүүлэх, иргэдийн төдийлөн анхаарлаа хандуулдаггүй цэвэршилтийн үед үзүүлэх тусламж үйлчилгээ болон түүний дараах өвчнөөс урьдчилан сэргийлэх, настанд зонхилон тохиолдох эмгэг, настны эмийн хэрэгцээ зэрэг настны эрүүл мэндтэй холбоотой бүхий л асуудлаар  зөвлөлдөж, судалгаа, шинжилгээнд суурилсан илтгэлүүдийг хэлэлцэнэ.  

Мөн энэхүү симпозиум нь дэлхийн цэвэршилтийн өдрийг угтан зохион байгуулагдаж байгаагаараа онцлогтой. Жил бүрийн 10 дугаар сарын 18-ны өдрийг дэлхий нийтээр “Дэлхийн Цэвэршилтийн Өдөр” болгон тэмдэглэдэг.

Олон Улсын Цэвэршилтийн Нийгэмлэг (International Menopause Society)-ээс энэхүү өдрийг жил бүр өөр өөр уриан дор тэмдэглэн өнгөрүүлдэг бөгөөд 2014 оны энэ өдрийг “Өнөөдөр амьдралын хэв маягаа өөрчилж, маргааш эрүүл амьдарцгаая”, “Эрүүл мэндээ сахин хамгаалж, цэвэршилтийн насанд зонхилон тохиолдох өвчлөлөөс урьдчилан сэргийлье” уриан дор тэмдэглэхээр болжээ.