sonin.mn

2014 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 10.00 цагийн байдлаар:

Монгол улсад:

Томуу, томуу төст өвчний мэдээ


Улсын хэмжээнд 2014 оны 10 дугаар сарын 09-нөөс 10 дугаар сарын 16-ны өдрийн хооронд амбулаториор нийт 157.863 хүн үйлчлүүлсний 7.675 (4.9%) нь Томуу, томуу төст өвчтэй гэж оношлогдсон байна. Энэ нь өмнөх 7 хоногоос 0.3, өнгөрсөн оны мөн үеэс 0.2 хувиар тус тус их байгаа юм.

Мөн 10,000 хүн амд 29.0 тохиолдол бүртгэгдсэн нь өмнөх 7 хоногоос 4.2, өмнөх оны мөн үеэс 2.4 тохиолдлоор нэмэгдсэн үзүүлэлттэй байна.

Сэрэмжлүүлэг:

 • Хүйтэн, сэрүүний улирал эхэлж байгаатай холбоотой тохируулан хувцаслах, даарч хөрөхгүй байх,

 • Гэр сургууль, цэцэрлэг, ажлын байрны өрөө тасалгаанд цаг тутамд 10-15 минут цэвэр агаар оруулж, өдөрт 2-оос доошгүй удаа чийгтэй цэвэрлэгээ хийх,

 • Илчлэг сайтай, амин дэмээр баялаг хоол хүнс, жимс, жимсгэний шүүс хэрэглэх,

 • Гараа савандаж угааж хэвших,

 • Хүүхдийг цэвэр агаарт салхилуулах, хамрын хөндийг байнга цэвэрлэж байх,

 • Томуу томуу төст өвчнөөс сэргийлэх цэгчилсэн иллэг хийж хэвших,

 • Үзвэр, үйлчилгээ, олон нийтийн газраар сэлгүүцэхгүй байх,

 • Ханиах найтаах үедээ ам, хамраа нусны алчуур, сальфеткаар таглах, цэр нус, шүлсээ ил задгай хаяхгүй байх, амны хаалт зүүх,

 • Томуугийн эсрэг вакциныг ХӨСҮТ-ийн сайн дурын дархлаажуулалтын кабинет (101 тоот өрөө), 21 аймгийн Эрүүл мэндийн газрын дархлаажуулалтын кабинетэд хандан тариулах,

 • Томуу, томуу төст өвчний шинж тэмдэг илэрвэл гэртээ өөрийгөө тусгаарлах шаардлагатай.

 Дэлхий дахинд:

 Эбола вируст халдварын талаар албан ёсны мэдээлэл

2014 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн байдлаар дэлхийн 8 оронд 8997 хүний өвчний тохиолдол бүртгэгдэж, 4493 (48%) хүн нас барсан байна. Үүнээс 427 эрүүл мэндийн ажилтан өвчилж, 236 хүн нас барсан байна.

АНУ-д Эбола вируст халдвараар хоёр дахь эмнэлгийн ажилтан өвчилсөн нь тогтоогдлоо

2014 оны 10 дугаар сарын 15-ны өдөр АНУ-ын Өвчний хяналт, сэргийлэлтийн төвөөс тус улсын эмнэлгийн ажилтнууд дундаас вирусын халдвар авсан хоёр дахь тохиолдол батлагдсаныг ДЭМБ-д албан ёсоор мэдээлсэн байна. Тэрээр АНУ-д бүртгэгдсэн анхны өвчтөнд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлж байсан бөгөөд 10 дугаар сарын 14-ний өдөр шинж тэмдэг илэрч, тусгаарлагдсан байна.

Сэрэмжлүүлэг:

 • Өвчин бүртгэгдэж буй улс орнуудад онцгой шаардлага гарахгүй бол аялал жуулчлал, албан болон хувийн ажлаар зорчихгүй байх

 • Зайлшгүй шаардлагаар дээрх бүс нутгийн улс орнуудад очих тохиолдолд:

 o Халдвар авсан байж болзошгүй хүний цус, биеийн бусад шингэнд хүрэлцэхгүй байх;

 o Гараа савандаж угааж хэвших;

 o Тохиолдлын бэлгийн хавьталд орохгүй байх;

 o Үхсэн болон өвчтэй зэрлэг амьтны эд эрхтэн, сэг зэмээр оролдохгүй байх;

 o Арьс, салстаа гэмтээхгүй байх;

 o Түүхий болон дутуу болгосон хүнс хэрэглэхгүй байх;

o Өвчтэй байж болзошгүй хүний хэрэглэсэн болон хүрсэн эд зүйлс нэн ялангуяа цусаар бохирлогдсон зүү тариур зэрэгт хүрэхгүй байх.

  • Шаардлагатай тохиолдолд таны эрүүл мэндийг хамгаалах, урьдчилан сэргийлэх зорилгоор ашигладаг тул өөрийн орны хилээр болон зорчин яваа гадны улс орны хилээр нэвтрэхэд бөглөдөг маягт буюу “health declaration” болон орох, гарах хуудас дах (arrival/departure card) гэрийн хаяг, буух буудал, байрлах байр, холбоо барих хувь хүн/албан байгууллагын хаяг, утасны дугаарыг үнэн зөв алдаа мадаггүй бөглөх.

  • Дэгдэлт гарсан бүс нутгаас ирсэн зорчигчдын хувьд ирснээс хойш 3 долоо хоногийн дотор халуурах, ядрах сульдах, булчингаар өвдөх, бөөлжих, суулгах, арьсаар туурах, цус алдах зэрэг шинж тэмдгүүд илэрсэн тохиолдолд Халдварт өвчин судлалын үндэсний төвд (100 тоот утас болон хүлээн авах) яаралтай хандахыг зөвлөж байна.

Шуурхай удирдлагын төв