sonin.mn

БЭЭЖИН. /Xinhua/. Хятад-Монгол дипломат харилцаа тогтоосны 65 жилийн ойг тохиолдуулан Хятадын дарга Си Зиньпин Монголын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржтой баярын мэндчилгээ харилцан солилцжээ.

Тэрбээр зурвастаа, Монгол болон Хятад улс уул ус, гол мөрнөөр холбогдсон найрсаг хөршүүд бөгөөд өнгөрсөн 65 жилийн хугацаанд хоёр орны харилцааг хөгжүүлэхэд чиглэсэн найрамдал, хамтын ажиллагаа явуулж ирсэн билээ.

Тэрбээр хоёр орны хүчин чармайлтад талархаж буйгаа дурдаад, сүүлийн жилүүдэд өндөр түвшний солилцоогоор улс төрийн итгэлцлийг хэлбэрэлтгүй бэхжүүлж, худалдаа, эдийн засаг, иргэд хоорондын харилцаа холбоо, соёл зэрэг салбарын хамтын ажиллагаа болон солилцоог гүнзгийрүүлснээр хоёр улс болон түүний ард иргэдэд бодит үр ашиг болж байна. Мөн хоёр орны харилцааны хөгжил дэвшилд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлсэн юм.

Си Зиньпин Монголд айлчлах үеэрээ, Монголын Ерөнхийлөгч болон бусад удирдагчтай уулзаж, хоёр орны харилцаа, олон улс болон бүс нутгийн харилцан сонирхсон асуудлуудын талаар санал бодлоо солилцсон билээ.

Хоёр тал олон чухал гэрээ хэлэлцээр байгуулсан байна. Үүний нэг нь Монгол болон Хятадын харилцааг хөгжлийн шинэ шатанд гаргасан иж бүрэн стратегийн түншлэлийн гэрээ юм.

Си Зиньпин, Хятад-Монголын харилцааг хөгжүүлэхэд ихээхэн ач холбогдол өгч, хоёр орон, тэдгээрийн ард иргэдийн ашиг сонирхлын төлөө хоёр талын харилцааг улам сайжруулахад Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржтой хамтран хүчин зүтгэхэд бэлэн байгаагаа дурдсан байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж илгээлтдээ, 65 жилийн өмнө дипломат харилцаа тогтоосноос хойш хоёр тал тэгш эрхтэй, харилцан ашигтай, найрамдалтай зэрэгцэн орших зарчмыг мөрдөж ирсэн бөгөөд хэзээд хоёр орныхоо тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал болон хөгжлийн замналд хүндэтгэлтэй хандаж ирсэн гэжээ.

Тэрбээр хоёр орны харилцаа иж бүрэн стратегийн түншлэлийн түвшинд хүрсэнд сэтгэл хангалуун буйгаа илэрхийлжээ.

Монгол болон Хятадын нягт хамтын ажиллагааг бэхжүүлэх, цаашид хоёр орны иж бүрэн стратегийн түншлэлийг бүх талаар хөгжүүлэх их үйл хэргийг дэмжихээр Си Зиньпинтэй хамтран ажиллахад бэлэн байгаагаа Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж  илэрхийллээ.

Д.Нямтулга

Эх сурвалж: