sonin.mn
М.Энхсайханы шар гозойжээ. Тэр 2014 оны 10 дугаар сарын 17-нд “Гадаадын хөрөнгө оруулалт ба үйлдвэржилт” гэсэн ээлжит тэмдэглэлээ бичив. Түүнд анализ хийх нь бас л миний үүрэг юм. М.Энхсайхан уйдахгүй бол би ч гэсэн залхуурахгүй…
 
Буруу тайлбараас эхлэв
М.Энхсайхан:”Зэс баяжуулах үйлдвэртэй, цахилгаан станцуудтай, барилгын үйлдвэрүүдтэй, хүнсний үйлдвэрүүдтэй, арьс шир, ноос боловсруулах үйлдвэрүүдтэй түүнийгээ дагаад хот суурин газруудтай болсон түүх бол гадаадын хөрөнгө оруулалтын түүх байлаа” гэж эхэлж байна. 
 
Энэ нь эдийн засгийн талаасаа харьцангуй үнэн ч, нийгмийн талаасаа огт буруу юм. Манай өнгөрсөн зууны түүх бол уламжлалт нийгмээс модерн нийгмийн нэг төрөлд буюу зөвлөлт маягийн нийгэмд шилжсэн асар их дэвшил байсан юм. Үүнийг зөвхөн “гадаадын хөрөнгө оруулалтын түүх” гэвэл арай сэрүүднэ. 
 
Тэгвэл соёл, боловсрол, шинжлэх ухаан, эрүүл мэнд зэрэгт гарсан асар их дэвшил хаашаа орох юм ? Энэ түүх хэний түүх юм ? М.Энхсайхан энэ түүхийг хасчихаад ганц хөрөнгө оруулалтын түүх гэж дүгнэвэл эсвэл тэр мал, эсвэл адал балмад этгээд.
 
Цааш нь тэр: “Коммунист үзэл суртал Барууны болон Хятадын хөрөнгө оруулалтыг “гадаадын” гэсэн ойлголтод оруулж түүнийг шахан зайлуулсныг эдийн засгийн том ололт, Зөвлөлт Оросын оруулсан хөрөнгө оруулалтыг ахан дүүгийн тусламж хэмээн ойлгуулдаг байсан. Одоо ч иймэрхүү ойлголт популистуудын “тархи”-нд хэвээрээ байна” гэж загнаж байна.
 
Өөрийгөө үндэсний үзэлтэн гэж алхам тутамдаа зарладаг энэ хүн Монголын түүхийг ор тас мэдэхгүйгээ үүгээр баталж байна. Учир нь XIX-XX зууны заагт гадаадын бараг ямар ч хөрөнгө оруулалт байгаагүй. Харин худалдаа арилжааны капитал, мөнгө хүүллийн капитал байсан. 
 
Тэд монголын ядуу тарчиг, эмзэг эдийн засгийг цусыг нь гартал шулан мөлжиж байсан. М.Энхсайхан хятадын мөнгө хүүллийн наймаачдыг Монголоос хөөн гаргасныг гадаадын хөрөнгө оруулалтыг шахан гаргасан гэж загнаж байвал ёстой дэмий л байна. 
 
Мөн колоничлолын ааш авир нэвт шингэсэн барууны цөөн тооны капиталистыг Монголоос гаргасан нь бас л гадаадын хөрөнгө оруулалтыг хөөсөн хэрэг биш юм. Тэд мөн л худалдаа, мөнгө хүүллийн салбарт л ажилладаг байсан. М.Энхсайхан заль мэх гаргаж, гүтгэлэг хийж байна.
 
Ингэж тэр нийгмийн дэвшил хийгээд гадаад хөрөнгө оруулалт хоёрыг санаатайгаар хольж хутгаж байна, ингэж тэр өнгөрсөн зууны худалдаа, мөнгө хүүллийн капиталыг өнөө үеийн гадаадын хөрөнгө оруулалттай адилтган үзэж байна. Энэ чинь хошин шогоос өөр зүйл биш.
 
Матрын нулимс
XIX-XX зууны заагт Монголыг шулан мөлжиж байсан хятадын Даашинхүү пүүс: “Бид Хүрээнээс Бээжин хүртэл ачаатай тэмээ эгнүүлж чадна” гэж даналзахад нөгөө Даашиндэ пүүс нь: “Бид Хүрээнээс Бээжин хүртэл мөнгөн ембүү эгнүүлэн тавьж чадна” гэж аархаж байв. 
 
Ийм болоод л эдгээр эцэс төгсгөлгүй шуналтай мөнгө хүүлэгчдийг Монголоос хөөн гаргасан юм. Гэтэл М.Энхсайхан үүнийг “гадаадын хөрөнгө оруулалтыг шахан гаргасан” гэж өнөөдөр “уйлж” байна. Энэ чинь ямар сэтгэл, ямар гээчийн үндэсний үзэл юм ?! 
 
 
Тэгвэл хятадын пүүсэнд тавиад Ардын засаг хүчингүй болгосон тэр дааж давшгүй их өөрийг М.Энхсайхан өөрөө хятадуудад төлөх хэрэгтэй л дээ. Би л лав үхэж байсан ч тэгж чадахгүй !!!
 
М.Энхсайхан ийм урьдчилсан заль мэх, гүтгэлэг хийснийхээ дараа “Монгол гадны хөрөнгө оруулалтгүйгээр үйлдвэржиж чадах уу ?” гэж даапаалан асууж байна. 
 
Учир нь ийм асуулт Монголоос хэн ч асуугаагүй юм. Тэгээд үүнийгээ улам лавшруулж: “Гадаадын хөрөнгө оруулалтгүйгээр үйлдвэржсэн тийм орон байна уу?” гэж асуугаад “Байнаа байна” гэж өөрөө хариулж байна. Энд тэр эсвэл эдийн засгаа ч мэдэхгүй байна, эсвэл илт худал ярьж байна.
 
Түүний жишээ авсан Хойт Солонгос Зөвлөлтийн тусламжаар буюу хөрөнгө оруулалтаар хөгжсөн юм. Дараа нь ЗХУ байна. Тэнд Сталины бүтээн байгуулалтын үеэр АНУ-д их хямрал (депресси) болж, тэндээс асар их хөрөнгө, ажиллах хүч их хямд авсан юм. 
 
Энэ бол хөрөнгө оруулалт биш гэж М.Энхсайхан яагаад ч нотолж чадахгүй. Бас Хятад байна. Хятад эхлээд Зөвлөлт, дараа нь 1960-аад оны сүүл үед АНУ-ын хөрөнгө оруулалтаар боссон. Ингээд М.Энхсайхан илт юман дээр ч худал хэлдэг нь баригдаж байна. 
 
Яг ийм юмыг дэлхий даяар популизм гэдэг болохоос өөр юуг ч ингэж хэлдэггүй. М.Энхсайхан бусдыг популист гэж яаж ч загналаа гэсэн өөрөө сонгодог популист мөнөөсөө мөн.
 
Ингээд тэр:”Түүхээ ч харсан, ертөнцийн зүй тогтлыг ч харсан Монголчууд бид ГШХО-ыг ашиглахгүйгээр босч чадахгүй” гэсэн дүгнэлт хийж байна. Ердөө л ийм дүгнэлт хийхийн тулд тэр бүхэл бүтэн цогц сургаал зохиож байна. Иймхэн юмны төлөө ингэж их хичээж, номлох ямар ч шаардлага байхгүй.
 
Тэгээд тэр бүр цаашаагаа ахиж: “Улс орон болгон гадаадын хөрөнгө оруулалтын төлөө өрсөлдөж, өөрсдийгөө хөрөнгө оруулагчдад “гоё” харагдуулахын төлөө явдаг” гэж хэлээд тэдний өмнө “ГОЁ” харагдахыг уриалан дуудаж байна…
 
Би бол гадаадынхны өмнө “гоё” биш, харин нэр төртэй, шударга, тэгш эрхтэй байхыг илүүд үзнэ. Ийм л учраас М.Энхсайхан либерал, би үндэсний үзэлтэн байгаа юм…
 
Судлаач Х.Д.Ганхуяг.
 
2014 оны 10 дугаар сарын 17.
 
Эх сурвалж: ganaa.mn блог
 
Эрхэм та судлаач Д.Ганхуягийн бусад нийтлэлийг түүний албан ёсны блог ganaa.mn- ээс уншина уу?