sonin.mn

Осол, гэмтлийн бүртгэл мэдээлэл, дүн шинжилгээг эрүүл мэндийн салбарын хэмжээнд сайжруулах, гэмтэл ослын бүртгэл тандалтын алба байгуулах талаар Эрүүл мэндийн сайдын тушаал, өгсөн үүрэг даалгаврыг хэрэгжүүлэх ажлыг эхлүүлээд байна.

Сүүлийн жилүүдэд манай улсын хүн амын дундах өвчлөл, нас баралтын тэргүүлэх шалтгааны эхний байруудад осол гэмтэл, гаднын шалтгаант нас баралтын эзлэх хувь улам бүр өсөн нэмэгдсээр байна.

Осол гэмтлийн үед үзүүлэх яаралтай болон анхны тусламжийн чанарыг сайжруулах, эмч мэргэжилтнүүдийг чадавхижуулах, багаж тоног төхөөрөмжийн бэлэн байдлын хангалтыг аймаг, сум, дүүргийн эмнэлгүүдийн түвшинд цогцоор нь шинэчлэх, сайжруулах шаардлагатай байна.

Эрүүл мэндийн сайдын санаачилгаар Гэмтэл согог судлалын үндэсний төвийн дэргэд гэмтэл, ослын үндэсний бүртгэл, тандалтын алба байгуулах, бүртгэл мэдээллийг тус төв нэгтгэн эрүүл мэндийн нэгдсэн статистик мэдээлэлд өгч дүгнэлт хийж, авах арга хэмжээний талаар бодлого боловсруулагчдад зөвлөмж өгч байхаар шийдвэрлээд байна.

 Энэ үйл ажиллагааг Гэмтэл согог судлалын үндэсний төв дээр эхлүүлэх үүднээс тус төвийн эмч мэргэжилтнүүдийг Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв, Хавдар судлалын төвийн бүртгэл мэдээллийн тогтолцоотой танилцуулах, туршлага судлуулах ажлыг тус яамны Эмнэлгийн тусламжийн хэлтэс, Нийгмийн эрүүл мэндийн хэлтэстэй хамтран зохион байгууллаа.

Гэмтэл согог судлалын үндэсний төв тус албыг байгуулах бэлтгэл хангаж байгаа талаар тус төвийн захирал З.Мэндсайхан хэлэв. Түүнчлэн осол, гэмтлийн бүртгэл мэдээлэл, тандалтын асуудлаарх хэлэлцүүлэг хийхээр төлөвлөөд байна.