sonin.mn

Ерөнхий сайдын зүгээс Засгийн газрын бүтцэд өөрчлөлт оруулахаар гаргасан шийдвэрийг намынх нь зарим гишүүн дэмжихгүй байгаа. Тэдний нэг бол УИХ-ын гишүүн Б.Болор юм. Түүнтэй Засгийн газрын шинэ бүтэц, бүрэлдэхүүний талаар ярилцлаа.

-Шинэ сайд нарынхаа нэрсийг хамтад нь оруулж ирэхгүй, увуулж цувуулаад байгаа нь АН-ын фракциудын тэмцлийг улам хурцатгаж байгаа юм биш үү?

-Шинэ сайд нарын нэрс аль хэдийнэ тодорчихсон. Харин МАХН-МҮАН-ын "Шударга ёс" эвслээс сайдад нэр дэвшигчид Ерөнхийлөгч тодорхой байр суурь илэрхийлээгүй байгаа юм билээ. Энэ шалтгаанаар Засгийн газрын бүрэлдэхүүний асуудал удаашраад байна.

-Ер нь шинээр томилохоор ярьж буй хүмүүсийн талаар та ямар бодолтой байна вэ?

-Гадаад харилцаа, эдийн засгийн хамтын ажиллагааны сайдад нэр дэвшигч Л.Пүрэвсүрэн, Сангийн сайдад нэр дэвшигч Д.Зоригт нарыг би сайн мэднэ. Тэд дээрх яамдыг удирдаад явах мэдлэг, боловсролтой хүмүүс.

Уул уурхай, эрчим хүчний сайдад нэр дэвшигч Р.Жигжидтэй би Гадаад харилцааны яаманд ажиллаж байх үөдээ харьцаж байсан. Тиймээс энэ хүнийг сайн мэднэ.

Одоо удирдах гэж байгаа салбартаа сүүлийн хоёр жил Төрийн нарийн бичгийн даргын албан тушаал хашиж байсан. Тэгэхээр алзахгүй болов уу гэж харж байна.

-Ерөнхийлөгч “Дан дээл”-тэй хүмүүсийг сайдаар томилоорой”гэдэгчиглэл өгсөн. Гэтэл хобр ч сайдад “Давхар дээл”-тэй хүн нэр дэвшиж байна. Үүнийг юу гэж бодож байна вэ?

-Ерөнхийлөгч “Давхар дээл" тайлах асуудлыг УИХ-ын 2016 оны сонгуулийн дараа хэрэгжүүлээд явья” гэсэн санал оруулж ирсэн, Одоо хүчин төгөлдөр мөрдөж байгаа хуульд “УИХ-ын гишүүн Засгийн газрын гишүүн байж болно" гэсэн агуулгатай заалт байгаа.

Намын бүлгийн хуралдаанаар “Үндсэн чиг үүргийн яамдын сайд нар "Давхар дээл”-тэй байж болох юм гэсэн шийдэлд хүрсэн. Ер нь Сангийн яамны хувьд УИХ-ын гишүүн хүн сайд байх нь зохистой хэмээн бид үзсэн.

Яагаад гэвэл, төсвөө оруулж ирэхээс эхлээд Сангийн сайд УИХ-тай маш их уялдаа холбоотой ажилладаг. Тиймээс би хувьдаа Сангийн сайд нь УИХ-ын гишүүн байж болно гэсэн бодолтой байгаа.

-Ерөнхий сайд "Бүтцийн өөрчлөлтөө дутуу хийлээ" гэж шүүмжлэх хүн байна. Эрүүл мэндийн яам, ССАЖ-ын сайдыг ч сэлгэх хэрэгтэй гэх юм. Ингэх шаардлага бий юу?

-Би анхнаасаа бүтцийн өөрчлөлтийг эсэргүүцэж байсан. Ерөнхий сайд, эсвэл Засгийн газар солигдоход л бүтцийн өөрчлөлт хийдэг жишиг байдаг биз дээ. Гэтэл онц гойд шалтгаангүйгээр ажлаа хийгээд явж байсан сайд нараа бужигнуулдаг нь буруу шийдвэр.

Ерөнхий сайд бүтцийн өөрчлөлт хийхээ олон нийтэд зарласнаас хойш нэг мөсөн хийх байсан юм. Хооронд нь чиг үүргийнх нь дагуу нийлүүлэх боломжтой яамд үлдсэн байсан.

Анзаарч байхад шинэчлэлийн Засгийн газрын нүүрийг тахалж байгаа хэдэн яамдаа нийлүүлж, бүтцийн өөрчлөлтөд орууллаа. Зам, тээвэр, Барилга, хот байгуулалтын яам энэ Засгийн газрын гол ажлыг нугалсан.

Гэтэл энэ яамыг нийлүүлчихээд нэгтгэх боломжтой яамаа үлдээсэнд шүүмжлэлтэй хандаж байна. Ерөнхий сайдад Засгийн газрыг улам илүү цомхон болгох боломж байлаа. Даанч зарим яамаа нэгтгэхийг хүссэнгүй.

-Та "Сайн ажилласан яамдаа нэгтгээд хариуцлагагуйг нь аваад үлдлээ" гэж хэлэх гээд байна уу?

-Хариуцлагатай, хариуцлагагүй ажилласан гэдгийг өнөөдөр ярихад эрт байна. Уг нь энэ Засгийн газар дөрвөн жил ажиллах ёстой. Тэгээд дараа нь дүнгээ тавиулах байсан.

Бүрэн эрхийнх нь хугацаа талдаа орж байхад бүтэцдээ өөрчлөлт оруулж байна. Дээр нь сөрөг хүчнийхэн нь ажлыг гацаагаад дөрвөн сайд нарын нэрс бүгд орж ирвэл батална гээд гүрийгээд суучихсан. Энэ юу гэсэн үг вэ.

Гурван сайд нь ч гэсэн батлагдаад ажлаа хийж байвал сайн шүү дээ. Чуулганаар ирэх оны төсөв хэлэлцэх байсан ч хойшиллоо. Ер нь сайн ажилласан яамдаа яагаад нэгтгэснийг Ерөнхий сайдаас асуусан нь дээр байх. 5и энэ бүтцийн өөрчлөлтийг анхнаасаа дэмжихгүй байсан.

-Бүтцийн өөрчлөлт хийсэн нь төрийн ажлыг гацаах шалтгаан болоод байгаа юм биш үү. Эрх баригч намын фракциуд хоорондоо тохирч чадахгүй удаашраад байна гэсэн үг биз дээ?

-Ер нь анх төрийн ажлыг цомхон бүтэц, бүрэлдэхүүнтэй хийх бодолтой ийм санал гаргасан байх. Энэ бол Ерөнхий сайдын бүрэн эрхийн асуудал. Шийдэгдэхгүй байгаа нэг сайдын асуудалд Ерөнхийлөгч тав хоногийн дотор хариугаа хэлэх ёстой.

Ерөнхийлөгчтэй зөвшилцөнө гэсний дагуу явж байгаа. Гэтэл өнөөдөр чуулганы хуралдаанаар төсвийг хэлэлцсэнгүй. 17 хоногийн өмнө өргөн барьсан төслийг аль хэдийнэ уншсан баймаар даа.

Ирэх оны төсвийн төсөл маш тодорхой төсөл орж ирсэн. Энэ төсөлд МАН-ын гишүүдийн яриад байгаа татварын асуудал байсан. Гэхдээ санал хэлбэрээр байсан. Засгийн газар төслөө буцаан татсаны дараа шинэ төрлийн татваруудыг авахгүй гэж зассан. Үүнийг хэт улстөржүүлж байгаа нь харамсалтай

-Ерөнхий сайдын гаргаж байгаа шийдвэрүүд АН-ын рөйтингийг бууруулж байна гэдэгтэй та санал нийлэх үү?

-Одоохондоо мэдэгдэж байгаа зүйл алга. Тойргоороо явахаар аяндаа иргэдийн хандлага мэдэгдэнэ л дээ. Ер нь Засгийн газар тогтвортой байх нь чухал шүү дээ.

Нэгэнт 2012 онд ийм бүрэлдэхүүнээр ажиллана гэдгээ зарласан учраас тогтвортой ажилласан бол зүгээр байсан юм. Харамсалтай нь улстөржилт хэрээс хэтэрлээ. Үүнд залуу хүний хувьд маш их харамч байна. Улстөржилт төрийн ажлыг урагшлуулахгүй байна.

Ц.Оюунтунгалаг

Эх сурвалж: