sonin.mn

ЛОНДОН. /EmergingMarkets/. Эрдэс баялгийн үнийн уналт Монголын арвин их байгалийн нөөцөөс хамааралтай эдийн засагт хохирол учруулж байна. Монгол Улс Хятадтай харилцаагаа сайжруулж байгаа нь эдийн засгийн хавчилтад орохоос хамгаалах боловч дэлхийн хөрөнгө оруулагчдад өөрийн жинхэнэ боломжийг хараахан нээн харуулахгүй байна.

Монгол бол эдийн засаг, газар зүйн хувьд дөнгөж тогтож байгаа улс юм. Хэдэн жилийн өмнө Монгол нь эдийн засгийн өсөлтөөр Азид тэргүүлж буй улсуудын нэг байсан боловч төлөв байдал одоогоор эмзэг байна. Эрдэс баялгийн үнийн уналт болон гадаадын шууд хөрөнгө оруулалт буурснаар валютын нөөц нь огцом буурчээ. Гэсэн хэдий ч Монголын засгийн газар гол хөрөнгө оруулагч болох “Рио Тинто” компанитай холбоотой удаан хугацааны татварын маргааныг шийдвэрлэх тогтоол гаргаснаар тус улсын эдийн засгийн өсөлт дахин сэргэж магадгүй юм.

Эдийн засгийн хувьд, Монгол нь ашиглагдаагүй байгалийн нөөц баялагтай учир эдийн засгийн өсөлтийн ихээхэн боломжтой байгаа. Газарзүйн байрлалын хувьд дэлхийн хоёр хүчирхэг гүрэн болох Орос, Хятад хоёрын дунд Монгол улс оршдог.

2014 оны зургадугаар сарын байдлаар Монголын ДНБ-ий өсөлт 10 хувьтай байсныг эс тооцвол ойрын хугацаан дахь өсөлтийн төлөв төдийлөн сайнгүй болж, эдийн засгийн өсөлт удааширч, үнийн хөөрөгдөл нэмэгдсэнээр макро эдийн засгийн төлөв муудсан байна. Үүний улмаас өргөн хэрэглээний барааны үнийн хэлбэлзэл ихэсч, эдийн засгийг хямрааж байгаа бөгөөд үүний эсрэг  төсөв санхүү болон гадаад валютын хамгаалах хэрэгслийг бий болгож чадахгүй байна. 2014 онд Монголын төсвийн алдагдал 10 гаруй хувьтай байх болно гэж Дэлхийн банк мэдэгдлээ.

Монголын хоёр дахь том экспортын нэр төрөл болох нүүрсний үнэ унасан нь эдийн засагт сөргөөр нөлөөлж байна. Нүүрсний орлого 2011 онд 2,27 тэрбум доллар байсан бол түүнээс хойш байнга унасаар өнгөрсөн жил гэхэд 1,2 тэрбум болжээ.

Алт, зэс, газрын ховор элемент зэрэг эрдэс баялгийн ихээхэн нөөцтэй Монгол Улсын ирээдүйн хөгжил гэгээлэг харагдаж байна. Үл хөдлөх хөрөнгө болон дэд бүтцийн салбар дахь өсөлт доороос хурдацтай байгаа учраас эдийн засгийн тууштай өсөлт дахин бий болно гэж олон хүн найдаж байгаа ажээ.

Хятад, Энэтхэг зэрэг бусад шинээр түрэн гарч ирж буй зах зээлийн түүхий эдийн эрэлт хэрэгцээг хангаваас эдийн засаг хурдацтай өснө гэж “Торгоны зам” төслийн менежер Алишер Али ярьж байна. “Шинээр гарч ирж буй зах зээл улам тэлэх бөгөөд зах зээл дэх түүхийн эдийн үнийн уналт олон жилийн турш үргэлжлэхгүй” хэмээн тэрбээр өгүүллээ.

“Оюутолгой”-н асуудлыг шийдвэрлэх

Хэдэн тэрбум долларын өртөг бүхий “Оюутолгой”-н зэсийн уурхайн талаар Монгол болон “Рио Тинто” хоёрын хооронд удаан үргэлжилсэн маргаан нь тус улсын эдийн засгийн өсөлтөд саад болж байгаа боловч асуудал түргэн шийдэгдэх боломжтой юм.

2009 онд “Turquoise Hill Resources” болон “Рио Тинто” компани “Оюутолгой”-н зэсийн уурхайн бүтээн байгуулалтыг хийхээр Монголын Засгийн газартай гэрээ хийсэн. Гэвч төслийн эхний үе шат болох ил уурхайн ажил дууссаны дараа байдал төвөгтэй болж эхэлсэн.

“2012 онд Засгийн газар хэд хэдэн оронтой хийсэн давхар татварын талаарх гэрээгээ цуцалснаар асуудал үүссэн. Эдгээр орны нэг нь “Оюутолгой”-д хөрөнгө оруулалт хийж байсныг зогсоосон юм. 2013 оны хоёрдугаар сард Засгийн газар болон “Рио Тинто”-гийн хооронд маргаан үүсч, долдугаар сарын 31-нд “Turquoise Hill” далд уурхайн ажлыг зогсоосон” гэж Монгол дахь шинжээч ярьж байна.

Үүнээс хойш хоёр тал засгийн газрын хувьцаа эзэмших хувийг багасгах асуудлыг хэлэлцэж эхэлсэн боловч шийдвэр гаргах эцсийн хугацаа хэд хэдэн удаа хэтэрсэн билээ.

Монголын Засгийн газар 127 сая доллар байсан татварын хэмжээг 30 сая доллар болгон буурууллаа гэж есдүгээр сарын 22-нд “Turquoise Hill” мэдэгдсэн хэдий ч уг шийдвэрийг цаашид гүнзгийрүүлэн судлах шаардлагатай гэсэн юм. Албан ёсны шийдвэр ойрын хугацаанд гарснаар “Оюутолгой”-н далд уурхайн ажил сэргэнэ гэж шинжээчид дүгнэж байна.

“Оюутолгой”-г тойрсон сунжирсан маргаан болон далд уурхайн санхүүжилтийг шийдвэрлэхэд бэлэн гэсэн дохио сигналийг шийдвэр гаргагчид өгч байгаа. Хэрвээ ингэж чадвал, энэ нь ирэх таван жилийн хугацаанд Монголд хийгдэж буй эдийн засгийн салбарт хамгийн дорвитой өөрчлөлт болно гэж Монголын хамгийн том брокерийн пүүс болох “БиДиСек”-ийн ахлах ажилтан Ник Коусин ярилаа.

Санхүүжилтын эцсийн хугацаа есдүгээр сарын 30-нд дуусах бөгөөд энэ хугацаанд амжиж асуудал шийдэгдэхгүй гэж шинжээчид үзэж байна. Гэхдээ тэд далд уурхайн ажил он дуусахаас өмнө дахин сэргэнэ хэмээн тэд үзэж байгаа аж.

Монголын хувьд хамгийн том энэ төсөл асар их нөлөөтэй. Гэвч энэ нь асуудал шийдвэрлэгдэх хооронд бусад хөрөнгө оруулагчдын хувьд тодорхой туршилт тандалт болж байна гэж Али ярилаа. Засгийн газар гадаадын хөрөнгө оруулагчидтай гэрээ хэлэлцээ хийх үгүйг шинжих дохио хэмээн уг асуудлыг олон хөрөнгө оруулагч ажиглаж байна.

Ил уурхайн төслийн хүрээнд Монголын нүүрсний хамгийн том орд болох “Тавантолгой”-г Хятадтай холбосон төмөр зам тавих төлөвлөгөөтэй байсан. Үүний дараагаар Хятадын хилээс Оросын хил хүртэл улс хоорондын хурдны зам барих байсан. Эдгээрийг дагаад үл хөдлөх хөрөнгийн компани, эрчим хүч хангагч болон гадаадын хөрөнгө оруулагчдын оролцоотойгоор Улаанбаатар хотыг хөгжүүлэх боломжууд гарч ирэх юм.

Энэ төсөл нь эдийн засгийг богино хугацаанд сэргээх шинэчлэл болно гэж шинжээчид үзэж байгаа хэдий ч Засгийн газрын нэлээд хэдэн тулгамдсан асуудалтай тулгарсаар байна.

2014 оны эхний таван сарын байдлаар гадаадын хөрөнгө оруулалтын шууд урсгал өмнөх жилээс 64 хувиар буурсан нь төлбөрийн тэнцэлд алдагдал гарахад нөлөөлжээ.

“Оюутолгой”-н асуудал хэдий хурдан шийдэгдэнэ тэр хэрээр зургаан сая долларын хөрөнгө оруулалт хурдан хийгдэнэ. Энэ нь 2009 оны 10 дугаар сарын “Оюутолгой”-н хөрөнгө оруулалтын гэрээтэй адил эерэг нөлөө үзүүлнэ. Хэдэн тэрбум долларын хурдасгуур нь бусад хэрэгжиж буй төслүүдэд нөлөө үзүүлдэг болох нь батлагдсан. Дараа жил асуудал сайжирна гэж бид найдаж байна гэж Али ярилаа.

Гадаад валютын нөөц багасч байгаа нь Монголын хувьд томоохон асуудал болоод байгаа юм. Монгол банкны мэдээгээр, 2013 оны сүүлээр уг нөөц 2,2 тэрбум доллар байсан бол 2014 оны зургадугаар сард 1,3 тэрбум доллар болж буурчээ. Үүнээс үзвэл Монгол Улс сар тутамд 200-300 сая доллар алдаж буй хэрэг. Монголын санхүүгийн байдал хэцүү байгаа бөгөөд яаралтай шийдэлд хүрэх хэрэгтэй гэж шинжээчид дүгнэлээ.

Жилийн сүүлээр “Оюутолгой”-н асуудлыг шийдлээ ч гэсэн долларын ханшийн хөөрөгдөл тэр даруйдаа буурахгүй. “Оюутолгой”-д ихээхэн хэмжээний зардал гаргаад байгаа үед тус уурхайн асуудлыг шийдвэрлэх хэрэгтэй. Асуудал шийдэгдээгүй тохиолдолд эдийн засгийг сэргээх гадаадын хөрөнгө оруулалт хийгдэхгүй гэж бодож байна гэж “БиДиСек”-ийн ахлах ажилтан Ник Коусин ярьж байна.

Анхны тэсрэлт

2012 оны 11 дүгээр сард долларын бонд гаргаснаар Монголын гадаад валютын нөөц нэмэгдсэн бөгөөд үүнийг тухайн үед банкнууд анхны “тэсрэлт” гэж нэрлэжээ.

Монголын өрийн хязгаар ДНБ-ий 40 хувьд хүрсэн учраас засгийн газрын түвшинд бонд гаргаж чадахааргүй болсон байна.

Монголын Хөгжлийн банкаар дамжин засгийн газар зах зээлд гарч болно гэж шинжээчид үзэж байгаа боловч олон улсын хөрөнгийн зах зээл нь Монголын өрөөс болгоомжилж байна. Учир нь Монголын Худалдаа, хөгжлийн банк (ХХБ) таван жилийн долларын санхүүжилтийг нэмэгдүүлэх оролдлогыг долдугаар сард хийжээ.

Зургадугаар сарын 9-нд банкууд 11,25 хувиар санал гаргасны дараа маш цөөн захиалга авсан. Захиалгыг хоёр хоногийн турш нээж, гэрээг буцаан татав. Монголын бондыг гадаадын хөрөнгө оруулагчид авахыг хүсэхгүй байлаа.

Америкийн “Standard & Poor’s” компани Монголын засгийн газрын удаан хугацааны зээлжих үнэлгээг “В+”-ээс “ВВ-“ болгон бууруулжээ.

Энэ жил Монгол Улс олон улсад бонд гаргах боломжтой гэдэгт шинжээчид эргэлзэж байна.

Самурай бонд

Санхүүжилтийн өөр нэгэн эх үүсвэр бол самурай бондын зах зээл юм. Өнгөрсөн 12 дугаар сард Монголын Хөгжлийн банк 1,52 хувийн хүү бүхий 290 сая долларын бондыг хувиараа байршуулан гаргасан. Хөгжлийн банк нь төсвөөс гадуурх зардлыг санхүүжүүлэгчийн хувьд Монголд чухал үүрэгтэй юм.

Японы Олон улсын хамтын ажиллагааны банк /JBIC/ уг бондод баталгаа гаргасан  бөгөөд бондын хүүгийн төлбөрийн 90 хувьд Японы санхүүгийн байгууллага батлан даалт хийжээ. Самурай бонд гаргах, БНХАУ-тай тохиролцсон своп шугамын өргөтгөсөн зэрэг нь  Монголын Засгийн газрын хувьд санхүүжилтын тасалдал тийм ч ноцтой асуудал биш болно. “Оюутолгой”-н асуудал шийдэгдтэл, коксжих нүүрс зэрэг түүхийн эдийн үнэ чангарах хүртэл нэмэлт 500 сая доллар нь хангалттай хүрэлцэж болох юм гэж Али өгүүллээ.

 “БиДиСек”-ийн Коусин энэ жилдээ багтаан бас дахин самурай бонд гаргана гэдэгт итгэхгүй байгаа аж. Монголын өрийн дээд хязгаар ДНБ-ий 40 хувьд хүрсэн учраас парламент өрийн дээд хязгаарыг нэмэх шийдвэр гаргахгүй байх гэж Коусин хэллээ.

2014 оны зургадугаар сард Дэлхийн банкны тооцоолсноор, энэ хоёр бондоос олсон төсөвт тусгаагдаагүй мөнгөний хэмжээ нэг тэрбум доллар болжээ. Уг хөрөнгөний ихэнхийг энэ жил нийгмийн шинжтэй төсөл, эдийн засгийг урамшуулах хөтөлбөрүүдийг санхүүжүүлэхэд зарцуулах төлөвтэй байна.

Хөрөнгийн зах зээлээр дамжуулан санхүүжилт авах боломжгүй Монголын хувьд гадаад талдаа анхаарлаа хандуулах хэрэгтэй. Энэ боломжийг Олон улсын валютын сан бус, харин Хятад улс олгоно гэж шинжээчид үзэж байна. Наймдугаар сард Хятадын дарга Си Зиньпин Монголд айлчилснаар сүүлийн үед хоёр орны харилцаа илт сайжирч байгаа билээ.

Наймдугаар сарын 21-нд Монголбанк болон Хятадын Ардын банк валют солилцоог нэмэгдүүлж, 15 тэрбум юаньд /2,4 тэрбум доллар/ хүргэхээр гурван жилийн своп хэлэлцээр байгуулсан нь Монголын санхүүжилтэд нэн хэрэгтэй явдал болов.

Хэрвээ “Оюутолгой”-н далд уурхайн ажил урагшлахгүй бол хөрш орнуудаас нь санхүүгийн бэрхшээлээс аврах тусламж ирнэ.

Д.Нямтулга

Эх сурвалж: