sonin.mn

Улсын Их Хурлын 2014 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн /2014.10.21.Мягмар гараг/ үдээс өмнөх нэгдсэн хуралдаан 10.00 цагт 53.9 хувийн ирцтэй эхлэв. Чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2015 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2015 оны төсвийн тухай, Хүний хөгжил сангийн 2015 оны төсвийн тухай, Монгол Улсын нэгдсэн төсвийн 2015 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2016-2017 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийн нэг дэх хэлэлцүүлгийг хийхээр өнгөрсөн долоо хоногт УИХ дахь нам, эвслийн бүлгүүд тохиролцсон юм.

Хэлэлцэх асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Г.Уянга ирэх оны төсвийг Сангийн сайдгүйгээр хэлэлцэх болоод байна, иймээс эхлээд Засгийн газрын гишүүнийг томилох асуудлыг хэлэлцэж шийдвэрлэсний дараа төсвөө хэлэлцье гэсэн санал гаргахад УИХ-ын дарга “Төсвийг өнөөдрийн хуралдаанаар хэлэлцэхээр өнгөрсөн долоо хоногт тохирсон. Сангийн сайдын үүргийг Ерөнхий сайд орлож байгаа” гэсэн хариулт өгөв.

Чуулганы нэгдсэн хуралдааны эхэнд өнгөрсөн долоо хоногт батлагдсан Засгийн газрын бүтцэд өөрчлөлт оруулах тухай хуульд нийцүүлэн холбогдох бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн эцсийн найруулгыг сонсов. Мөн УИХ-ын гишүүн Д.Батцогт УИХ дахь АН-ын бүлэгт нэгдэж орсноо илэрхийлсэн тухай албан бичгийг тус намын бүлгээс ирүүлснийг уншиж танилцуулав.

Ингээд чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2015 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2015 оны төсвийн тухай, Хүний хөгжил сангийн 2015 оны төсвийн тухай, Монгол Улсын нэгдсэн төсвийн 2015 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2016-2017 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийн нэг дэх хэлэлцүүлгийг эхлэв. Эдгээр хуулиудын төслийн талаарх хууль санаачлагчийн илтгэлийг Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг танилцууллаа.

Төсвийн хуулиудын нэг дэх хэлэлцүүлэг үргэлжилж байна гэж Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.