sonin.mn

Дээрх хүсэлт бол Говьсүмбэр, Дорноговь аймгийн иргэдийнх. Хөдөө орон нутгийн иргэд үнэндээ өнөөгийн Засгийн газарт, эрх баригчдын хийж хэрэгжүүлж байгаа бодлого, ажлыг дүгнэн үзээд ийн хэлж байна.

Шинэчлэлийн Засгийн газрын алдаатай бодлогыг эхэндээ засрах байх хэмээн иргэд найддаг байсан бол одоо тэд залхжээ. Залхахаас илүүтэй Засгийн газрын тэргүүнийг огцуулж өгөхийг МАН-ын удирдлагуудаас хүсч эхлэв. Үнэхээр ажлаа хийж чадахгүй байгаа хүнийг огцруулж оронд нь иргэдийн амьдралыг өөд нь татах хүнийг Засгийн газрийн тэргүүнээр томилж өгөхийг арга ядахдаа гуйж эхэлсэн нь энэ.

Ард түмний амьдралыг тэдний дунд орж мэдэж болохоос аливаа нэг статистик мэдээнээс, хэн нэгэн албан тушаалтан тэр дундаа сайд дарга нар тодорхойлно гэж үгүй.   Тийм ч утгаараа “Албан тасалгааны цонхоор амьдрал сайхан харагдана” гэсэн үг бий.

ГОВЬСҮМБЭРИЙН ЗАСАГ ДАРГАД ХУУЛЬ ҮЛ ҮЙЛЧИЛНЭ

МАН ард түмнээ сонсч, хэрхэн амьдарч байгааг нь судлахаар “Ардын нам ард түмэнтэйгээ хамт” ая ныг зохион байгуулж эхэлжээ. Аяны эхлэлийг МАН төвийн бүсээс эхлүүлж, өнгөрсөн амралтын өдрүүдэд УИХ-ын дэд дарга, МАН-ын дарга М.Энхболд, УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан, Ж.Батсуурь нарын гишүүд болон МАН-ын ажлын албаныхан Говьсүмбэр, Дорноговь аймагт ажиллалаа. МАН-ын дарга болон УИХ-ын гишүүдийн хамгийн эхний дөрөө мулталсан газар нь Говьсүмбэр аймгийн төв Чойр байлаа.

Өнөөдрийн Говьсүмбэр аймагт албан ёсны бүртгэлтэйгээр 15240 хүн амьдарч байна. Хүн амынхаа тоогоор аймгийн иргэдийн хуралд 17 төлөөлөгч сонгогдон суух учиртай. 2012 оны орон нутгийн сонгуулийн үр дүнгээр нийт 17 төлөөлөгчөөс МАН ес, АН долоо, МАХН нэг суудал авчээ. Гэтэл  аймгийн Засаг даргаар ажиллаж буй Л.Одсэр сонгуулийн үр дүнг үл хүлээн зөвшөөрч, МАН-аас сонгогдсон дөрвөн гишүүнийг хасч, өөрийн намын дөрвөн хүнийг ИТХ-д суулгасан байна. Тиймээс МАН-ын зүгээс шүүхэд гомдол гаргасан байна.

Ингээд  гомдлыг авч хэлэлцээд бүх шатны шүүхээс Л.Одсэрийг хууль зөрчсөн болохыг тогтоожээ. Хамгийн сүүлд гэхэд л Монгол Улсын Дээд шүүхээс хууль зөрчсөн үйлдлээ зогсоож, МАН-аас сонгогдсон төлөөлөгчдийг ИТХ албан ёсоор оруулах тайлбар хүргүүлсэн байна.

Энэ тайлбар 2013 оны гуравдугаар сард ирсэн, харин хууль зөрчсөнийг нь тогтоосон шийдвэр гараад жилийн нүүр үзэж байгаа аж. Гэтэл өнөөг хүртэл хууль бусаар олонхи болж, хууль бусаар ажиллаж буй энгийнээр тайлбарлавал эрх зүйн чадамжгүй Засаг дарга өнөөг хүртэл  ажлаа хийсээр байна. Үүгээр ч зогсохгүй хууль бусаар ИТХ-д орж ирсэн АН-ын дөрвөн гишүүн хуралд сууж тогтоол баталсаар байгаа юм.

Ийнхүү хууль бусаар, сонгогдсон  Засаг дарга хэнэг ч үгүй ажлаа хийж байхад аймгийн хууль хүчний байгууллага нүдэн балай чихэн дүлий бас л ажлаа хийсээр байгаа аж. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага шүүхээс гарсан тогтоолыг хэрэгжүүлэхээсээ илүүтэй хууль бус Засаг даргаа өөгшүүлэн суусаар жилийн нүүрийг үзэж байна.

Говьсүмбэр аймгийн Засаг дарга Л.Одсэр хууль бус гэдэгтээ бантсан уу яасан УИХ-ын дэд дарга болоод орон нутгаасаа УИХ-д сонгогдсон гишүүдийг айлчлахад тосч авах нь бүү хэл аймагтаа харагдсангүй.

Тэр бүү хэл аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга нь төрийн албан хаагчдаа бямба гаригт ажлын байрандаа сууж толгойгоо ч цухуйлгаж болохгүй лүндэн буулгаж хэрэв зөрчвөл гудамжинд хөөн гаргах даалгавар гаргасныг уулзалтад ирсэн иргэд хэлж байв.

Дээрх жишээ бол АН-ынхан орон нутагт хэрхэн дураараа дургин хуулийг гууль болгож байгаагийн тод жишээ юм. Аймгийн хууль бус Засаг дарга өөрийн албатаа ИТХ-д шургуулан Засаг даргаар сонгогдсон даруйдаа өмнөх Засаг даргын унаж байсан “Лексус 470” автомашиныг голж төсвийн мөнгөнөөс 170 гаруй сая төгрөгийг гаргуулан “Ланд круйзэр 200” маркийн автомашин авч унасан, Засаг даргын Тамгын газрын ажилчдыг хоморголон халж, хаалгачаас өгсүүлээд үйлчлэгчийг нь хүртэл намын харьяалал ондоо хэмээн гудамжинд гаргасан байх юм.

УИХ-ын дэд дарга, МАН-ын дарга М.Энхболд, УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан, Ж.Батсуурь нарын гишүүд иргэдийн эрхийг хөсөрдүүсэн явдлыг зогсоох зорилгоор аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын удирдлагуудтай шүүхийн тогтоол яагаад хэрэгжихгүй байгаа талаар уулзсан бол дараагаар нь Говьсүмбэрийн иргэдийн сэтгэгдлийг сонссон юм.

Энэ үеэр иргэдийн олонхи нь Шинэчлэлийн Засгийн газрын алдаатай, хуудуутай бодлогоос болж аймгийн хэмжээнд ядуурал ихэсч, олон аж ахуйн нэгж хаалгаа барьж байгаа болоод  улс орныг хямрааж байгаа Н.Алтанхуягийг огцруулж өгөхийг хүсч байлаа. Тухайлбал, хоёрдугаар багийн иргэн Г.Мөнхбат өнгөрсөн хавар 500 мянган төгрөгтэй явж байгаад зодуулан дээрэмдүүлсэн байна.

Гэвч цагдаагийн ажилтнууд хэрэгтнүүдийг суллан явуулаад  Г.Мөнхбатын хэргийг авч хэлэлцэхгүй байгааг ярьж байсан бол “108 Суварга” компанийн захирал Амарбаатар гэх залуу аймагтаа 150 гаруй ажлын байр нэмэгдүүлэх төсөл байгаа ч одоогийн удирдлагууд тоодоггүй.

2012 онд төрийн мэргэшсэн албан хаагчдыг халж оронд нь таксины жолооч мэтийн их, дээд сургууль төгсөх нь бүү хэл бүрэн дунд боловсролгүй хүмүүсийг ажилд авч ямар ч туршлага мэдлэг боловсролгүй хүмүүсээр өөрийгөө тойрон хүрээлүүлж буй Засаг даргыг огцруулж өгөхийг шаардаж байв.

Иргэдтэй хийсэн уулзалтын эхэнд УИХ-ын дэд дарга, МАН-ын дарга М.Энхболд, УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан, Ж.Батсуурь нар   улс орны нийгэм эдийн засгийн байдлын талаар мэдээлэл өгч байсан бол төгсгөлд нь иргэдийн асуултад дэлгэрэнгүй хариулт өгсөн юм.

Аж үйлдвэрийн парк  байгуулахыг харж чадах болов уу

Шинэчлэлийн Засгийн газрын тэргүүн Н.Алтанхуяг “Чингис” бондын хөрөнгөөс багагүй хувийг зарцуулан Дорноговь аймгийн төв Сайншандыг аж үйлдвэрийн парк болгоно хэмээсэн, энэ ажил ямар шатандаа явна вэ. Мөн хөндлөн төмөр зам тавина хэмээн Ерөнхий сайд ирж хоёр ч удаа нээлт хийгээд, зүгээр байсан газрыг ухаж сэндийчээд явсан. Үүнээс хойш хоёр жил өнгөрлөө.

Гэтэл нэг метр ч зам одоогоор тавиагүй байна. Ингээд бодохоор биднийг хуурчээ. Ер нь Ерөнхий сайд, түүний танхимын гүшүүдэд итгэх арга алга. Энэ Засгийн газрыг огцруулж өгөөрэй. Хамаатан саднаа баяжуулж, ард түмнээ туйлдуулдаг ийм сайд ард түмэнд хэрэггүй шүү. Дээрх асуулт, хүсэлтийг Сайншанд сумын дөрөвдүгээр багийн иргэн Түмэнбаяр УИХ-ын дэд дарга болон энэ нутгаас сонгогдсон Ж.Батсуурь гишүүнд тавьж байлаа.

Сайншандын иргэдтэй хийсэн уулзалт энэ асуултаар эхэлсэн бол хоёрдугаар багийн иргэн Осормаагаас эхлээд УИХ-ын сонгуулийг хуучнаар буюу можаритар системээр явуулж, тооллогын хар машиныг 2016 оны сонгуульд ашиглахгүй байхыг хүссэн. Мөн шүүх болон хууль хүчний байгууллага хэт нэг талыг барьсан шийдвэр их гаргах болсон гэж байв.

Үүнээс гадна асуулт, хүсэлт хэлсэн иргэдийн дийлэнх  нь аж ахуйн нэгж олноороо хаалгаа барьж, ядуурал ихэсч, иргэдийн олонхи нь зээлээс зээлийн хооронд амьдарч байгаа тухай дуулгаж, банкуудын зээлийн хүүг бууруулж өгөхийг уламжилна уу гэсэн хүсэлт тавьж байлаа. Улаанбадрах суманд ураны олборлолт явуулахыг эсэргүүцсэн хүн ч цөөнгүй байсан.

Өнөөдрийн байдлаар аж үйлдвэрийн парк барих төсөлд 14 тэрбум  төгрөг зарцуулаад байгаа ч ажил нь урагшилсан зүйлгүй байна. Ураныг энхийн зорилгоор олборлох нь зүйтэй. Өнөөдрийн Засгийн газар хэрхэн ажиллаж байгаа.

Засгийн газрыг огцруулах асуудлыг ямар учраас тавьсан гээд асуулт бүрт УИХ-ын дэд дарга, МАН-ын дарга М.Энхболд, УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан, Ж.Батсуурь нарын гишүүд тодорхой хариулт өгснөөр уулзалт өндөрлөсөн.

Сумын статус хүссэн Зүүнбаянгийнхан


“Ардын нам ард түмэнтэйгээ хамт” аяныхан цэргийн гэх тодотголыг нэгэн цагт зүүж яваад өдгөө нефьтийн гэх нэртэй болж, статус нь сумын хэмжээнээс баг хүртлээ буурсан Зүүнбаянд ажиллалаа. Энэ үеэр иргэдтэй танхимд ч уулзсан. Гэрт нь ч зочлов.

Монголын геологич Ж.Дүгэрсүрэн, Зөвлөлтийн геологич Ю.С.Желубовский нар 1940 онд Зүүнбаянд газрын тосны орд газар илрүүлж, 1947 онд “Монголнефть” нэгтгэл байгуулж, жилд 400,000 баррель (64,000 м3) нефть олборлох хүчин чадал бүхий цооног 1950 онд ашиглалтад оруулсан гэдэг. 1950-1969 онд дөрвөн сая баррель газрын тос олборлож, тухайн үеийн ЗХУ-аас импортлосон газрын тостой хольж, нефтийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг байсны нийт хэмжээ нь долоон сая баррель хүрч байсан гэдэг.

Энэ нь тухайн үеийн Монгол Улсын нефтийн бүтээгдэхүүний хэрэглээний 20 хувийг хангаж байв. Харамсалтай нь, Зүүнбаянгийн газрын тосны цооногуудын гарц багассан, боловсруулах үйлдвэрт гал түймэр гарч сүйтгэгдсэн, Сибирьт маш их нөөц бүхий газрын тосны орд олдсон зэрэг шалтгааны улмаас 1969 онд Монгол Улс газрын тос олборлохоо зогсоосон юм.

Харин нэлээд хэдэн жилийн өмнөөс Хятадын “Даншин” компани нефтийн олборлолт явуулж эхэлснээр иргэдийн амьдралд нэмэр болж эхэлсэн байна. Хамгийн сүүлийн үеийн мэдээллээр “Даншин” компанид 120 гаруй монгол, 70 орчим хятад иргэн ажиллаж, долоо хоногт 42 вагон түүхий нефть олборлож байна.

Зүүнбаян багийн иргэдтэй хийсэн уулзалтын үер олонхи нь амьдарч буй газраа хуучны буюу сумын статустай болгож өгөхийг уламжлахыг хүсч байв. Мөн Зүүнбаянгийнхны хэрэглэж байгаа ундны усанд селин гэх бодис их хэмжээгээр агуулагдаж байгаа. Ундны усны асуудал болон мөн хуучны адил зорчигч тээврийн галт тэрэг явуулж өгөхийг хүссэн.

Үүний хариуд УИХ-ын дэд дарга, МАН-ын дарга М.Энхболд ундны усны талаар онцгой анхаарч, галт тэрэг явуулж болох эсэхийг судалж үзэхээ амласан юм. Тэрбээр дэд бүтэц хөгжсөн танай багийг цаашид хот болгох асуудлыг бид бүлгийн хэмжээнд авч хэлэлцээд эрх баригчдад уламжлах болно. Мөн төмөр замын удирдлагуудтай ярилцах болно гэхдээ энэ салбар ашигтай ажиллах ёстой учир эхлээд холбогдох хүмүүсээр нь тооцоо судалгааг хийлгэнэ гэсэн юм.

Уулзалтын төгсгөлд Зүүнбаян багийн өндөр настан Банзрагч хэлэхдээ, Алтанхуяг баяжаад ард түмэн ядуураад байна, огцруулаад өгөөч ээ, энэ хүнийг. Хөгшин залуугүй бүгд зээлээс зээлийн хооронд амьдрах боллоо.

Өнөөдөр Н.Алтанхуяг түүнийг тойрон хүрээлэгчид баяжаад ард түмэн модоо барьж байна. Амьдрал өдрөөс өдөрт дордож байна. Амьдрах арга алга хэмээн нулимс дуслуулж байлаа.