sonin.mn

Нийслэлийн өмчийн ха­рилцааны газрын дарга Ш.Төмөрбаатар төрсөн дүү болох ҮХАА-н сайд Ш.Түвдэндоржид иргэн Н.Жаргал гэх хүний газрыг эрх мэдэл, албан тушаалаа ашиглан хууль бусаар өгчээ.

Ийн хэлэхийн учир нь иргэн Н.Жаргал өнгөрсөн зун Сүх­баатар дүүргийн “Хуурай мухар” зус­лан­гийн газрыг нэгэн ир­гэнээс худалдан авчээ. Гэтэл түүний ху­далдаж ав­­­сан зуслангийн газрыг Ш.Түвдэндорж сайд ахынхаа албан ту­шаа­лыг ашиглан эздэд нь мэдэгдэлгүйгээр энэ са­рын 13-ны өдөр цаг­даа хүч­нийх­ний тус­ламж­тайгаар байшинг нь нурааж, газрыг нь өөрийн болгон авчээ.

Газар болон байшингаа сайдад алдсан Н.Жаргал холбогдох газрууд болон Хотын дарга Э.Бат-Үүлд хан­даад ч тусыг эс олсон байна. Тодруулбал Н.Жаргал бай­шингаа нураалгахаасаа өмнө өнгөрсөн наймдугаар сарын сүүлчээр болсон үйл явд­лын талаар тодорхой дурьдаж, Хотын даргад “Нэр бүхий албан тушаалтнууд иргэн намайг хохироож байна” хэмээн гомдол гаргасан аж.

Гэтэл Э.Бат-Үүл иргэн Н.Жаргалд гомдлын хариуг нь 68 хоногийн дараа гардуулан өгсөн аж.

Ингээд Хотын даргаас тусламж хүсээд тусыг эс олсон тэрбээр аргагүйн эрхэнд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид энэ сарын 17-ны өдөр захидал хаяглан хүргүүлжээ. Хамгийн гол нь иргэн Н.Жаргалын газрыг сайдад өгөхөд гар бие оролцсон хүмүүс нь бүгд эрх мэдэл бүхий төрийн албан хаагчид байгаа юм.

Ер нь газрын албаны байцаагчдыг албан тушаалаа ашиглан бусдын эдлэн газрыг хууль бусаар булаан авдаг гэж ярьдаг нь үнэн.

Энэ удаа Н.Жаргалын газрыг булааж авахад нь сайдад гүн тусалцаа үзүүлсэн хүн Сүхбаатар дүүргийн Засаг дарга Д.Бадарсан аж. Учир нь эрх мэдлийнхээ хүрээнд асуудлыг шийддэг Засаг дарга Н.Жаргалын худалдаж авсан газрыг сайдад өгөхийн тулд 2013 оны газрын төлбөр төлөөгүй гэсэн шалтгаанаар түүний 5х7 хэмжээтэй амины байшин болон газар эзэмших эрхийг эзэнд нь хэлэлгүй цуцалжээ.

Уг нь хууль журмын дагуу бол газар эзэмших эрхийг нь цуцалсан тухай эзэн холбогдогчид заавал дуулгах ёстой.
Гэтэл Засаг дарга Д.Бадарсан энэ бүхнийг үл огоорч төрийн өндөр албан тушаал хашиж буй эрхэмд энэ мэтээр тал засч байгаа нь ашиг сонирхолын зөрчилтэй гэдгээ харуулсан хэрэг гэж газраа алдсан иргэн үзэж буй юм.

Түүнчлэн Бадарсан дарга Н.Жаргалын газар эзэмших эрхийг нь цуцалсан хэрнээ энэ ту­хай­гаа газрын кадастарын бүртгэл, хувийн хэрэгт нь тэмдэг­лэлгүй орхисон байсныг Н.Жаргал олж мэджээ. Хамгийн хачирхалтай нь иргэн Н.Жаргал уг газрыг байшингийнх нь хамт худалдаж авахдаа бүх зүйлийг хууль журмынх нь дагуу хийж өөрийн нэр дээрээ шилжүүлэн авсан байдаг байна.

Түүний авсан газрыг Д.Бадарсан дарга тухайн үед захирамж гарган баталгаажуулсан байхад нь газрын албаных нь нөхдүүд бүтэн хоёр сар гаруй хугацаанд хав дарсан байжээ.

Гэхдээ хамгийн гол нь газрын асуудлыг бүхэлд нь хариуцах эрх мэдэлтэн нь Нийслэлийн өмчийн харилцааны газрын дарга Ш.Төмөрбаатар болохоор алба­туудаа хөдөлгөж үнэхээр сайд дүүдээ иргэн Н.Жаргалын газрыг хүчээр аваад өгчээ гэж хардахаас өөр аргагүй байгаа юм.

Н.Жаргал: Ерөнхийлөгчөө, дээрэмчдэд хариуцлага тооцож өгөөч

Ингээд Н.Жаргалын өнгөрсөн баасан гаригт Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид бичсэн захидлаас нь иш татъя.
Тэрбээр “Энэ оны зургаадугаар сарын 22-ны өдөр манай хөрш болох дөнгөж сайдаар томи­лог­доод байсан Ш.Түвдэндорж баахан хүмүүстэй зуслан дээрээ ирснээр миний зуслангийн газар, худалдаж авсан өмч, ху­вийн орон сууцыг минь дээрэм­дэх үйлдэл эхэлсэн болно.

Түү­ний ах Ш.Төмөрбаатар /одоо Нийслэлийн өмчийн харил­цааны газрын дарга хийдэг/-ын тушаа­лаар амралтын өдөр СБД-ийн газрын албаны байцаагч Билэгсайхан, Бямбажаргал нарын хүмүүс ирж миний хийж байсан засварын ажлыг шаардах хуудсаар зогсоосон.

Маргааш нь тус дүүргийн газрын албаны дарга Мөнхбаатар болон дээрх хоёр хүн хэлэхдээ Ш.Түвдэндорж сайд энэ зуслан­гийн газрыг надад зарсан хүнээс авах ёстой байсан.

Тиймээс өнгөрсөн оны газрын төлбөр тө­лөөгүй гэсэн шалтгаанаар, хэ­дийгээр иргэний хувийн өмчийн амины орон сууц байсаар байтал хууль далайлган газар эзэмших эрхийг нь СБД-ийн Засаг дарга Бадарсангаар цуцлуулаад энэ тухай эзэнд нь хэлэлгүй хав дарсан байна.

Гэтэл захиалагч эзэн Ш.Түвдэндорж зуслан дээрээ ирснээр бүх хэрэг мандаж СБД ба газрын албаны бэртэгчин этгүүдүүд буюу газрын албаны дарга Т.Мөнхбаатар, байцаагч Бямбажаргал нар миний нэр дээр гарсан захирамжийг надаас нууж, намайг элдвээр хуурч төөрөгдүүлэх, дарамт шахалт үзүүлэх зэргээр миний эрх ашгийг хөндсөн тул би Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүлд хандсан боловч бас л эдгээр хүмүүсийн урт гар, нийтийн албаны бэртэгчин этгээдүүдийн оролцоотойгоор ми­ний гомдлын хариуг 68 хоногийн дараа өгсөн нэр зүүж аргацаалаа.

Энэ хооронд Мөнхбаатар, Бямбажаргал нар үгсэн хуйвал­даж, надад зуслангийн өөр газар олгоё, чи энэ байшингаа буулгаж аваад тэндээ барьчих, биднийг дарга /Ш.Төмөрбаатар, түүний дүү Ш.Түвдэндорж/ нар дарамталж алах гээд байна. Чи ажлаа түр хойшлуул тохиролцоё, бидний буруу гэх зэргээр намайг хуурч байгаад өнгөрсөн 13-ны өдөр миний хувийн өмч болох зуслангийн мансарттай байшинг надад мэдэгдэлгүйгээр, цагдаагийн хамгаалалтын дор хүчээр алга болголоо.

Ардчиллын арьс нөмөрсөн эдгээр хуульгүй этгээдүүдийн золиос болж ардчиллын амин сүнс болсон хувийн өмчөө, нийтийн албан хаагчид ба цагдаагийн албан хаагчдаар хулгайгаар, бүр шүүхийн шийдвэргүйгээр хүчээр алга болгуулж, нураалгуулж сүйтгүүлсэндээ маш их харамсаж, нэг үгээр бол хэлэх муу үг үл олдоно.

Таныг шударга үнэнийг дээдэлдэг Ерөнхийлөгч гэж үздэг учраас энэхүү захиаг бичсэн.

Хэрэв зээ эдгээр хуульгүй дээ­рэмч­­дэд зохих хуулийн хариуц­лагыг тооцохгүй бол зуслангийн газар­тай түүн дээрээ зуслангийн байшин барьж амьдарч байгаа хэрнээ, ямар нэгэн байдлаар зуслангийнхаа газрын төлбөрийг төлөөгүй, миний адил олон мянган жирийн иргэдийн өмчийг энэ мэтээр дурын албан тушаалтан хүчээр алга болгох боломж бай­саар байгааг танд дахин, дахин сануулах нь илүүц байх.

Таныг энэ хэрэгт анхаарлаа хандуулж, буруутай этгээдүүдэд өөрийн эрх хэмжээний хүрээнд хариуцлага тооцох эсвэл шаардлага тавина гэдэгт гүнээ найдаж байна” гэх утга бүхий нэлээд ноцтой гэмээр гомдлыг Н.Жаргал Ерөнхийлөгчид хүргүүлсэн байна.

Уг нь Н.Жаргал зуслангийн сайхан байшинтай болохыг мө­рөө­дөж явсаар сая л нэг дээрх зус­лангийн газрыг худалдаж авчээ.

Тэрбээр уг газрыг ном жур­мынх нь дагуу худалдан авч СБД-ийн өмч газрын харилцааны албанд бүртгүүлж эхнэр хүүх­дүүдээ наадмаас өмнө зусланд гар­гачих санаатай, байшингийнхаа зас­варын ажлыг эхлүүлсэн ч эрх мэдэлтнүүдийн балгаар ийнхүү газраа дээрэмдүүлж байшингаа нураалгуулжээ.

Билэгсайхан: Өө нөгөө Жаргал уу, би байрыг нь буулгахад л байсан шүү дээ

Бид энэ талаарх мэдээллийг нягтлах, мөн болсон үйл явдлыг тэнцвэртэй байлгах үүднээс СБД-ийн газрын албаны дарга Т.Мөнхбаатартай уулзахыг хүссэн боловч түүнийг гадуур ажилтай яваа хэмээн ажилчид нь хэлсэн юм.

Ингээд иргэн Н.Жаргалын гомдолд нэр дурьдагдсан газ­рын албаны мэргэжилтэн Билэг­сайхантай уулзахад “Өө нөгөө Н.Жаргал уу ёстой ядаргаатай юм” гэх ганц хоёрхон үг хэлээд бушуухан өрөөндөө орж, хаалгаа хаасан юм.

Тэрбээр “Хариуцсан хүн нь би биш. Бямбажаргал шүү дээ. Тэр одоогоор алга байна. Би тухайн үед Н.Жаргалын байрыг нь буулгахад л байсан” хэмээсэн юм.

Тэгэхээр эдгээр албан хаагчдыг Нийслэлийн өмчийн харилцааны газрын дарга Ш.Төмөрбаатар дарга тушаал заавар өгч иргэний газ­рыг дээрэмдэж авсан гэдэг нь харагдаж буй юм. Үүнийг нотлохын тулд Ш.Төмөрбаатар даргатай уулзахаар түүнийг зориход бас л хоосон хаалга мөргөж, энэхүү мэдээллийг өгөх хүн олдсонгүй.

Гэхдээ иргэн Н.Жаргалын зуслангийн газрыг СБД-ийн газрын албаны нэр бүхий хүмүүс буулгасан болох нь тодорхой болсон юм. Бид дараагийн ду­гаартаа эрх мэдэлтнүүдэд газраа алдсан гэх энэхүү асуудлыг сурвалжилж хүргэх болно.

Р.Саруул

Эх сурвалж: