sonin.mn

Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн /2014.10.22/ хуралдаанаар Засгийн газар 2014.01.09-ний өдөр өргөн мэдүүлсэн Галт зэвсгийн тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийж эхэллээ.

Улсын Их Хурлын гишүүн О.Баасанхүү хуулийн төслийн танилцуулгыг хийлээ.

Байгаль орчин, ногоон хөгжлийн яам, байгаль орчны 30 гаруй төрийн бус байгууллага, иргэд, эрдэмтэн судлаачдын саналуудыг нэг бүрчлэн ажлын хэсгийн хурлаар хэлэлцэн хуулийн төсөлтэй холбогдуулан 42 зарчмын зөрүүтэй санал, найруулгын шинжтэй 34 санал, төслийг дагалдаж өргөн мэдүүлсэн 6 хуулийн төслийн 10 зарчмын зөрүүтэй саналын томьёолол боловсруулсныг танилцууллаа.

Улсын Их Хурлын гишүүн З.Энхболд зарчмын зөрүүтэй олон санал байна, буцаагаад шинэчилсэн найруулга хийж оруулья гэсэн бол Ц.Оюунбаатар гишүүн аюулгүй ажиллагааны сургалтад хамрагдсан, цэргийн алба хаасан хүмүүс галт зэвсэг худалдаж авч болох юм гэсэн санал гаргалаа.

Мөн Улсын Их Хурлын гишүүн Р.Гончигдорж Галт зэвсгийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийг хамт оруулж ирье гэсэн санал гаргалаа.

Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн саналаар хуулийн төслийн зарчмын зөрүүтэй олон саналыг шинэчилсэн найруулгын төсөл болгон хэлэлцэе хэмээн үзсэн тул уг асуудлыг хэлэлцэхийг түр хойшлууллаа.

Дараа нь  ажлын хэсгүүд байгуулах тухай асуудлыг хэлэлцэв.

Ингэснээр Хөдлөх эд хөрөнгийн болон эдийн бус хөрөнгийн барьцааны хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулж,   УИХ-ын гишүүн Д.Оюунхорол уг ажлын хэсгийг ахалж ажиллахаар болсон бол  Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн төсийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийг  УИХ-ын гишүүн Ж.Батзандан ахлахаар  боллоо хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.