sonin.mn

Монгол Улсаас Шинэ Зеланд Улсыг хавсран суугаа Элчин сайд Р.Болд Шинэ Зеландын Олон улсын харилцааны хүрээлэнгийн Велингтон болон Хамилтон хотууд дахь салбарт зочилж “Монголын гадаад бодлогын  тулгамдаж буй асуудлууд” сэдвээр яриа хийв.

Энэ нь манай улсын Элчин сайдын зүгээс Шинэ Зеландчуудад зориулан хийсэн анхны лекц бөгөөд тэдгээрийн сонирхлыг ихээхэн татлаа. Элчин сайдын зүгээс Шинэ Зеланд нь НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн байнгын бус гишүүнээр сонгогдсоныг тохиолдуулан Шинэ Зеландын Гадаад хэргийн сайд М.Маккалид баяр хүргэсэн бөгөөд Монгол Улс Шинэ Зеландыг нэр дэвшихэд анхнаас нь дэмжиж ирсэн юм.

Мөн Ерөнхий сайд Ж.Ки, Гадаад хэргийн сайд М.Маккали нарт Парламентын сонгуулийн дараагаар албан тушаалдаа дахин томилогдсонд баяр хүргэсэн манай улсын Ерөнхий сайд, Гадаад харилцааны сайд нарын захидлыг гардуулав.

Элчин сайд Шинэ Зеланд Улсын Гадаад хэрэг, худалдааны яамны Төрийн нарийн бичгийн даргын орлогч хатагтай А.Смит, Хойд азийн газрын захирал хатагтай К.Фернли, Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн дарга хатагтай Х.Күилтер, Гадаадын хөрөнгө оруулалтын хорооны гүйцэтгэх захирал А.Макклюр, Тэтгэврийн сангийн гүйцэтгэх захирал А.Орр нартай тус тус уулзаж хоёр талын хамтын ажиллагааг өргөжүүлэх боломжийн талаар болон ирэх 2015 онд тохиох хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 40 жилийн ойг хэрхэн тэмдэглэх талаар ярилцав.

Жилд Шинэ Зеландын 500 гаруй иргэн Монголд зорчдог бөгөөд Монголын тал 2013 онд Шинэ Зеландын Фонтера компаниас 16 сая долларын хуурай сүү худалдан авчээ.