sonin.mn

НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 69 дүгээр чуулганы 10 дугаар сарын 21-ний өдрийн бүгд хуралдаанаар НҮБ-ын Хүний эрхийн Зөвлөлийн гишүүнээр 2015-2017 онд ажиллах 15 улсыг сонгов. Энэ удаагийн сонгуульд нийт 17 улс нэрээ дэвшүүлж оролцсон бөгөөд санал хураалтад НҮБ-ын гишүүн 192 улс саналаа өгсөн байна.

Ази, Номхон далайн бүлгийн 4 суудалд Энэтхэг, Индонейз, Бангладеш, Катар, Баруун Европ болон бусад орны бүлгийн 2 суудалд Португал, Нидерланд, Африкийн бүлгийн 4 суудалд Нигери, Гана, Конго, Ботсвана,  Зүүн Европын бүлгийн 2 суудалд Албани, Латви, Латин Америк, Карибын бүлгийн 3 суудалд Эл Сальвадор, Боливи, Парагвай сонгогдсон байна.

НҮБ-ын Хүний эрхийн Зөвлөлийн гишүүнээр сонгогдоход дэгийн дагуу саналаа өгсөн гишүүн орнуудын ердийн олонхийн буюу 97 улсын дэмжлэг шаардлагатай байдаг аж. Африкийн бүлэг, Зүүн Европын бүлэг, Баруун Европ болон бусад орны бүлгээс нэр дэвшигч улсын тоо тухайн бүлэгт ноогдох суудлын тоотой тэнцүү байсан тул тэд бүгд шаардлагатай 97-оос дээш тооны санал авч сонгогдсон байна.

Харин Ази, Номхон далайн бүлэг 4 суудалд 5 улс, Латин Америк, Карибын бүлгийн 3 суудалд 4 улс өрсөлдсөнөөс Тайланд, Коста Рика улс бусдаасаа цөөн санал авсан тул Хүний эрхийн Зөвлөлийн гишүүнээр сонгогдож чадаагүй байна.