sonin.mn

  Анх Юта мужийн нийслэл Солт Лейк хотод онгоцоор газардахад Увсын Улаангомд очсон мэт сэтгэгдэл төрнө. Хотын хажуугаар Хархираан уулс мэт нүцгэн хадтай өндөр уулс сүндэрлэж тэртээд Увс нууртай адил давст хөх нуур Солт лейк цэлэлцэх нь манай нутагтай юутай төстэй. Хүн амаараа манайтай яг адил 3 сая, нутаг дэвсгэрийнхээ хувьд ч Говь-Алтай, Ховдтой төстэй цөлөрхөг нутагтай энэ муж нь эдийн засгийн хөгжлийнхөө хурдцаар  Америкдаа хоёрт ордог.  Ютачууд туйлын хөдөлмөрч улс. 2013 онд явуулсан судалгаагаар Юта муж хүн амьдрахад хамгийн таатай  бүс нутгаар   шалгарчээ. 2002 онд өвлийн олимпийг зохион байгуулж туршлагажсан тэд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн өвлийн олимпийн 16-р тоглолтыг нутагтаа мөн зохион байгуулсан юм. Нийслэл Солт Лейк хотын олон улсын нисэх буудал нь дэлхийд эхний хорьд багтдаг учир  Америкийн хамгийн төмс үйлдвэрлэгчдийн холбоо нь төвөө Айдахо мужаас ийш нь нүүлгэн шилжүүлсэн байна.
Жил бүр сая саяараа нүүдэллэн ирэх төрөл төрлийн усны шувуудын эх өлгий нутаг бол Их давст нуур. Уртаашаа 100, өргөөшөө 50 гаруй км энэ нуур нь дэлхийн дөрвөн том давстай нуурын нэг бөгөөд Израиль улсад байдаг “Үхлийн тэнгистэй” адил маш их давстай учир та живчих бий гэж айлтгүй нуурын мандалд тамхиа татаад ч юм уу сонингоо уншаад хөвөөд байж болно.


Энэ мужид амьдардаг 3 сая хүний 60 гаруй хувь нь Христэд итгэгч нар, тодруулбал Исүс христийн хожмын үеийн гэгээнтнүүд буюу Мормончууд аж.
Энд хагас сар болохдоо гуйвсан дайвсан бүү хэл архи сэнгэнүүлчихсэн нэг ч хүнтэй  таараагүйн учир нь эндхийнхэн шашныхаа хатуу ёсыг баримтлан архи тамхинд мансуурах, гэр бүлээс гадуур завхайрах зайдагнах гэж огт байдаггүй. Хамгийн орлогогүй газар нь хотдоо ганцхан байдаг, архины дэлгүүр бар хоёр юм байна. 2002 болсон онд өвлийн олимпийн үеэр л  тэд мундаг ашигтай ажилласан гэнэ лээ.


Бүхэл өдөржин явсан ч
Буга гөрөөс таарсангүй
Яасан хачин өдөр вэ гэж “Учиртай гурвын” Балган дуулдаг шиг та тэнд очоод бүхэл өдөржин хайсан ч согтуу хүн олж харахгүй, мөн манайтай адил хулгай зэлгийд  юмаа алдчих вий гэж нэг их айлтгүй юм билээ. Учир нь эндхийнхэн шүтдэг шашныхаа итгэл үнэмшлээрээ хулгай хийдэггүй, худлаа ярьдаггүй улс.
Юта муж АНУ-даа хүн амын өсөлтөөр толгой цохино. Манай 60-аад оныхны адил эндхийн нэг айл дунджаар 5-6 хүүхэдтэй. Монголчууд хүүхэд олно гэдэг босоо зүүний үзүүр дээр будаа тогтоохтой адил гэж ярьдаг бол мормончууд хүүхдүүдээ Бурханы хишиг гэж үздэг учир эхчүүд аборт хийлгэх, умай дахь хүүхдийнхээ амийг таслах нь хамгийн том нүгэл гэж үзнэ.


     Монголд ан хийхээр явж байхдаа танилцан дотноссон өвгөнийг Кен Торап гэнэ. Эднийх зургаан хүүхэдтэй өнөр өтгөн айл. Торап гуай нэг өрөөндөө агнасан ангийнхаа чихмэлийг цуглуулсан нь яг музей аятай болжээ. Аляскад агнасан цагаан янгир, цахир хандгай, Монтанад буудсан ойн хүрэн баавгай, Монголын аргаль, хар сүүлт гээд тэнд байхгүй ан бараг үгүй. Зөвхөн ангийн бууны нь цуглуулга гэхэд л том жижиг хорь гаруй байгаа нь бүтэн салаа цэрэг зэвсэглэхэд хүрэлцээтэй мэт.
Америкийн анхны конгрессын баталсан эрх чөлөөний арван тунхаг дотор “хүн бүр өөрийгөө хамгаалахын тулд зэр зэвсэг эзэмших эрхтэй” гэсэн нэгэн заалт бий. Түүнийхээ дагуу энэ орны насанд хүрсэн иргэд болгон хэрэг төвөг тариагүй л бол хэдэн ч буу эзэмших эрхээр бүрэн хангагдсан байдаг.


Гэр бүлийн гишүүн бүр нь том том “Ford  expedition” жиптэй, өөрөө хувийн жижиг онгоцтой түүнээс:
-    Та баян хүн үү гэж асуухад
-    Үгүй ээ, манайх эндхийн жирийн л нэг айл гэж хариуллаа.  
   1900-гаад оноос эхлэн 100 гаруй жил ажилласан дэлхийн хамгийн том зэсийн уурхай энэ мужид буй. Уурхайг эзэмшдэг Рио тинто компани мужийн сан хөмрөгт багагүй орлого оруулдаг ч манайтай адил газрын доорхи эрдэнэсээр баян энэ муж уул уурхайгаас түдгэлзэж, аялал жуулчлал, усалгаатай газар тариаланг маш сайн хөгжүүлж чаджээ. Улсаас мөнгө гарган уулын ам салаа болгонд далан барьж нуур цөөрөм тогтоосон нь айл бүрийг эзэмшдэг газрынхаа хэр хэмжээгээрээ газартариалан түүний дотор жимсний аж ахуй эрхлэх боломжоор хангаж өгчээ.  


Салт Лейк хотоос зүүн хойш 100 гаруй км яваад Cache valley буюу эрдэнэ нуусан хөндийд очлоо. Уртаашаа 60, өргөөшөө 30 км энэ том хөндий нь эрт дээр үеэс нутгийн индиануудын хожим нь Америк тивийг зорьж очсон барууны анчдын өлгий нутаг байжээ. Бизон хэмээх тонн гаруй жинтэй зэрлэг үхэр, хүрэн баавгай, буга хандгай эндхийн ойгоор мянга мянгаараа бэлчдэг байжээ. Эндхийн анчид баавгай, хандгай, булга, шилүүс гээд алсан ангийнхаа үнэт арьсыг энд бие биеэсээ нууж цуглуулж хадгалдаг байсан учир эрдэнэ нуусан хөндий нэртэй болсон гэнэ. Одоо бол Юта мужийн газартариалан, МАА эрхэлдэг ганц түшиц газар нь болсон байна. Манайхны хэлдгээр хоёр мянгат малчныхаар орлоо. Нэг нь 600 үнээ саадаг сүүний ферм, нөгөөх нь 1200 буга малладаг мянгат бугачных. Бугачных мянган бугынхаа цусан эвэр, махыг зарж цулайдаг бол үхэрчнийх үнээгээ өдөрт гурав сааж нэг үнээнээс хоногт 30л сүү авдаг өдөртөө, 18, сардаа 500 гаруй тонн сүү борлуулдаг гээд бодохоор мөн овоо орлоготой байгаа биз. Үхрийн фермийн эзнийх 11 хүүхэдтэй, ач гуч нийлээд одоо 65-уулаа болсон учир фермдээ гаднаас ажиллах хүч авдаггүй гэж 72 настай Жон өвөө ярьлаа. Эдний гэр бүлд байдаг нэг хүндрэлтэй асуудал нь түүний аав, ээж болох 96, 94 настай хоёр хөгшин хүүхдүүдийнхээ үгэнд орохгүй машин унаж хурдны замаар давхидаг явдал гэлээ. Би монгол маягаараа сэтгэж -Сэвчээнийх нь утсыг битүү салгаж хаяад асахгүй болгочих гэж зөвлөхөд -Тэр нэмэргүй ээ, автын түргэн дуудаад л тэр дор нь янзлуулчихна гэлээ.

   Тэдний хажууханд жоохон газар, жижигхэн байшинд амьдардаг настай хоёр буурайгийнхаар сониучилж орлоо.  Смит өвөө дэлхийн II дайны үед Филиппины арлууд дээр япончуудтай үзэлцэж, эмээ тэр үед фронтод сувилагч хийж явсан гэж ам уралдан ярьцгаав. Эднийх 0.07га жижигхэн хашаандаа саалийн 8 ямаа, 1 ухна, 16 ишигтэй, саравчиндаа 30 өндөглөгч тахиатай  хэрдээ шаггүй малчин айл санж. Өвөө өөрөө ямаагаа саана, зэргэлдээ дэлгүүрээс хадгалах хугацаа нь дууссан хаягдал ногоо жимс авчирч тэднийгээ тэжээнэ, эмээ сүүгээ борлуулна, илүү гарсан сүүгээр нь бяслаг шахна гээд тэд тус тусдаа хөдөлмөрийн хуваарьтай. Өвөө өглөө орой 8  ямаанаасаа 30 гаран литр сүү саадаг, сүүг нь хавь ойрын нялх нойтон хүүхэдтэй айлууд  1 литрийг нь гурван доллараар худалдан авдаг, дээр нь хэдэн тахианыхаа өндгийг зарчихдаг гээд тооцохоор эдний гэр бүлийн орлого өдөртөө 100 доллараас буудаггүй гэнэ. Америк нийгмийн ядарсан задарсан өвөө эмээ нарын амьдрал нэг иймэрхүү дүр төрхтэй.


Юта муж нь хэдийгээр хур тундас багатай халуун цөлийн бүсэд орших боловч усалгаатай тариаланг амжилттай хөгжүүлж царгасыг маш их хэмжээгээр тарин жилдээ гурав хадаж 1 га-гаас дунджаар 80-100ц өвс авдаг юм байна. Хөрш зэргэлдээ Айдахо муж Америкдаа төмсний тариалангаараа тэргүүлдэг бол Юта мужийг чухам царгасны эх орон гэлтэй.


   Эрдэнэ нуусан хөндийн төв хот Логан 60 мянган хүнтэй. Энэ хотод такси байдаггүй учир гаднаас ирсэн мань мэтэд ийш тийшээ явахад их хүндрэлтэй юм билээ. Хэдэн жилийн өмнө энд таксины компани байгуулж үзсэн боловч хүн болгон машинтай энэ газар өнөөх нь удалгүй дампуурчээ. Нийтийн тээврийн автобус нь алдаг оног явдаг, гэхдээ тэр нь үнэгүй. Хоорондоо 30 минутын зайтай явдаг автобус үнэгүй байдгийн учир нь тун цөөхөн үйлчлүүлэгчтэйнх. Энд тэндээс цагаачилж ирээд амьдралд хөлөө олж ядаж яваа ганц нэг хүн суудаг, тэднээс орж ирэх задгай мөнгийг цуглуулах төхөөрөмж автобусанд суурилуулах, тооцооны нэгж ажиллуулах гээд орлогоосоо давсан зарлага гарах учир мужийн захиргаа хотдоо байдаг ганц автобусны компаниа бүрэн санхүүжүүлдэг юм байна.  Дээр нь энэ компани 70 дээш настай өндөр настнууд, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд жижиг оврын тусгай тоноглолтой автобусаар дуудлагаар бас үнэгүй үйлчлэх үүрэгтэй гэнэ.

                                                                              Ш.Пүрэвсүрэн
                                                         Удахгүй хэвлэгдэх “Хорвоогоор аялахуй” номноос