sonin.mn

Базарваань, Монголын улстөр ёстой л хиншүү, хярвас ханхлуулан шатаж, дүрэлзэж байна цаана чинь. Монголын байтугай, дэл­хийн улстөрийн түүхэнд байгаагүй, хойшид ч байх боломжгүй хоёр намын хамтын ажиллагааны тухай тавхан хоногийн настай гэрээг албан ёсоор цуцалж, “Сайтар боловсруулж бай­гаад дахиад нэг гар барина даа” хэмээн МАХН-ын дарга Н.Энхбаяр, АН-ын дарга, Ерөнхий сайд Н.Алтанхуяг хоёр нүдэндээ доголон нулмистай мэдээлэл хийдэг юм байна.

Бүү үзэгд, дахиад л ганц сарын настай гэрээнд гарын үсэг зурж, тэврэлдэн үнсэлдэж л золигтохгүй байгаасай.

Одоо чинь ер нь хаашаа янзын мордохын хазгай болсон цаг үе юм бэ дээ. Тавхан хоногийн өмнө л амьтан хүмүүсийн амралтын өдрийг сонгон чимээгүйхэн тэврэлдэж, гарын үсэг зурсан “2024 он хүртэл хаа ч явсан цуг гэж мэдээрэй” нь ийнхүү бут үсэрсэн шалт­­гааныг хэнэггүй, хээ­гүй Н.Алтанхуяг сайд маань “Нэгдүгээрт, энэ гэ­рээ намуудын эрх бүхий бай­гууллагуудаар орж хэ­лэл­цэгдэж байж хүчин төгөлдөр болох учиртай.

Хоёрдугаарт, бид гэрээний зүйл заалтуудаар нэгдмэл ойлголтгүй байгаа учраас гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах, засч сайжруулах асуудлаар хоёр намаас аж­лын хэсэг гарган хамтарч ажиллахаар тохирлоо.

Гуравдугаарт, энэ ажлын хэсэг хамтарч ажиллаад гэрээний талаар, зүйл заалтынх нь талаар нэг мөр ойлголттой болсны дараа намуудын холбогдох удирдах байгууллагуудаар оруулж батлуулъя гэж тохирлоо” гэсэн шүү юм яриад мишээмэр аядна лээ.

МАН-ын хүний мууд дуртай нөхдүүд Н.Алтанхуяг сайдыг олбог суудлаас нь ховх татаж унагахаар сандраасаар байхад хажуугаар нь Э.Бат-Үүл баатраас эхлээд зүгээр суулгахгүй гоочилсоор байгаад ихэд гомдсон Ерөнхий сайд маань “Бүр сүүлдээ энэ гэрээ хоёр намын хооронд байгуулсан гэрээ биш хоёр хүний хоорондох асуудал юм шиг гүтгэлэг, цуурхал ихээхэн тарааж байна.

Өчигдөр гэхэд Н.Энхбаяр дарга бид хоёрын гарын үсгийг хуулбарлаж хуурамчаар эвлүүлээд, энэ хоёр нөхөр ийм нууц гэрээ байгуулсан байна, гэрээний хавсралт нь ийм нууц зүйл байна гэсэн мэдээлэл цацагдсан.

Иймэрхүү гүтгэлэг хэрээс хэтрэх хандлагатай байгаа учраас үүнийг хэн хуурамчаар эвлүүлж тарааж байгааг тогтоохын төлөө хууль хяналтын байгууллагад хандана” хэмээн тун ч гунигтай дуугарсан.

Ядарч явахад нь яах нь вэ, хөөрхийг. Харин тавхан хоногийн настай гэрээнд гарын үсгээ үлдээсэн нөгөө нэг эрхэм МАХН-ын дарга Н.Энхбаяр “Гэрээ гэдэг бол аль болохоор олон хүний санал зөв зүйтэй туссан, тэр утгаараа хэрэгжих магадлал өндөр байж гэмээнэ сайн болох учиртай. Тийм учраас ажлын хэсэг байгуулъя.

Ажлын хэсэг дээрээ энэ гэрээг баяжуулах, нэмэх, өөрчлөх саналуудыг судлаад энэ гэрээгээ тэрний дараа­гаар хүчин төгөлдөр болгож хэрэгжүүлэх ажилдаа оръё гэсэн зарчмыг манай нам дэмжиж байгаа юм. Бид ямар нэгэн байдлаар Засгийн газрыг, Ардчилсан намыг эвгүй байдалд оруулъя гэсэн буруу зөрүү санаа байхгүй.

Намуудын санхүүжилтыг төсвөөс ол­гоё, намууд бизнесмэнүүд, олигархуудаас их шалт­гаал­даг болсон, бизнесийнхэн маань намуудад санхүүжилт өгч байгаа нэрээр эргээд төр, засгийг шахаж янз бүрийн шийдвэр гаргуулах гэж нөлөөлдөг, энэ нөлөөллөөс ангид болж хээл хахуультай дорвитой тэмцье гэсэн заалт энэ гэрээнд орсон байгаа.

Эдгээр заалт болон бусад шинээр орж ирэх, баяжих заалтууд Монгол Улсын улстөрийг, намуудын харилцааг илүү соёлтой, хариуцлагатай, эзэнтэй болоход том алхам болно гэж найдаж байна” гэхдээ хоолой нь цахиртаж байна лээ, хөөрхий.

Тав хоногийн настай гэрээний түүх нэг иймэрхүү. Тун удахгүй ядаж л ганц сарын настай гэрээ байгуулагдах байлгүй дээ, чааваас.

Д.Түвшин

Эх сурвалж: