sonin.mn

Төрийн албан хаагчдын цалинг УИХ- ын тогтоолоор баталдаг. Гэтэл УИХ-аас ийм тогтоол гараагүй байхад шүүгчдийн цалинг нэг сая хүртэлх төгрөгөөр нэмсэн гэх мэдээлэл чуулганы үеэр сөхөгдөж, УИХ-ын дарга З.Энхболдыг багагүй бухимдуулав.

Тодруулбал, ШЕЗ-ийн дарга Н.Лүндэндоржийн шийдвэрээр шүүгчдийн цалинг нэмсэн гэх мэдээлэл юм л даа. ШЕЗ-ийн дарга Н.Лүндэндоржийн тайлбарласнаар анхан шатны шүүхийн шүүгчид 2.7 сая, давж заалдах шатны шүүхийн шүүгч 2.9 сая, дээд шүүхийн шүүгч 3.2 сая төгрөгийн цалин авч байгаа аж.

Дээд шүүхийн цалинг хэзээнээс нэмсэн талаар тус шүүхийн Тамгын газрын дарга Ж.Наранпүрэвээс тодруулахад “ШЕЗ-ийн даргын тогтоолын дагуу аравдугаар сарын 1-нээс Дээд шүүхийн шүүгчдийн цалинг нэмсэн. Одоо тус шүүхийн Ерөнхий шүүгч 3.3, шүүгч 3.2 сая төгрөгийн цалин авч байна” гэв. Өмнө нь Дээд шүүхийн шүүгчид 2.3 сая төгрөгийн цалинтай байсан аж.

Харин Дээд шүүхийн шүүгчийн цалинг тогтоосон УИХ-ын тогтоол хүчин төгөлдөр хэрэгжиж байхад ШЕЗ- ийн дарга дураараа тогтоол гаргаж цалингаа нэмэх эрхгүйг УИХ-ын дарга З.Энхболд хатуухан сануулж, УИХ-ын гишүүн Р.Бурмаагаар ахлуулсан ажлын хэсэг гарч уг асуудлыг Хууль зүйн байнгын хороогоор авч үзэхийг үүрэг болгосон юм.

Энэ талаар ажлын хэсгийн ахлагчтай холбогдож тодруулахад “Шүүгчдийн цалинг хууль бусаар нэмсэн асуудлыг ирэх долоо хоногт ажлын хэсгийн хуралдаанаар авч хэлэлцэнэ” гэхээс өөр тайлбар хэлсэнгүй.

Гэтэл ШЕЗ-ийн дарга Н.Лүндэндорж аль өнгөрсөн оны наймдугаар сард сонинд өгсөн ярилцлагадаа “Шүүгчийн цалинг нэмэх нь шударга ёсонд оруулсан хөрөнгө оруулалт болно” хэмээн онцолж байсан. Тэр ч байтугай шүүгчийн цалинг УИХ тогтоох боломжгүй гэдгийг ч хэлж байсан билээ.

Тэрбээр “2002 оны Шүүхийн тухай хуульд шүүгчийн цалинг УИХ тогтооно гэж заасан байдаг. Энэ хуулийн заалтыг судлаачид нэлээд шүүмжилсэн. Юу гэхээр хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх гэсэн харилцан хяналт, тэнцвэртэй байх гурван эрх мэдлийн нэг нь нөгөөгийнхөө эдийн засгийн хараат бус байдлын гол зангилаа болсон цалинг тогтоох нь буруу.

Иймд хууль тогтоогчид шүүмжлэлийг хүлээж авч Шүүхийн тухай багц хуулиар шүүгчдийн цалинг УИХ тогтоож байсан зохицуулалтыг халсан. Хуулийг үзэл баримтлал, логикоор нь бус, үг, үсгээр нь уншдаг зарим нэг хүн “Шүүгчдийн цалинг ШЕЗ тогтооно гэсэн үг үсэг алга байна” гэж асууж байгаа. Шүүгчдийн цалинг захиргаа нь тогтоохгүй бол өөр ямар субъект тогтоох юм.

Үүнийг хийхгүй бол шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоо яаж биелүүлэх билээ. Тийм учраас бид Үндсэн хуулиас шууд салаалсан Шүүхийн тухай багц хуулиар олгосон эрх хэмжээний дагуу шүүгчдийн цалинг тогтоосон” гэж ярьсан.

Мөн дээрх тогтоолын хүрээнд шүүгчдийн цалин 2014 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлнэ гэдгийг ч албан ёсоор мэдэгдэж байсан юм. Харин Дээд шүүхийн шүүгчдийн цалин аравдугаар сарын 1-нээс нэмэгдэж байгаа нь тухайн байгууллагын төсөв тусдаа учраас ингэж оройтсон гэдгийг хэлж байгаа юм.

Өөрөөр хэлбэл, анхан болон давж даалдах шатны шүүхийн төсөв ШЕЗ-ийн төсөвт харьяалагддаг байна. Харин Дээд шүүх тусдаа төсөвтэй учраас ийнхүү цалингийн нэмэгдэл шийдэгдэхгүй байсаар өдий хүрсэн гэдгийг хэлж байна. Гэхдээ Дээд шүүхийн шүүгчид нэмэгдсэн цалингаа авч эхлээгүй, одоо энэ сарын сүүлийн цалин нэмэгдэж орох байх гэсэн мэдээлэлтэй байна.

Ийнхүү Дээд шүүхийн цалингийн нэмэгдлээс үүдэн бусад шатны шүүхийн шүүгчдийн цалин ч хөндөгдөж таарах нь. Хэрэв ШЕЗ-ийн даргын тогтоол 2014 оны нэгдүгээр сараас хэрэгжиж эхэлсэн бол бүтэн арван сар шүүгчид хууль бусаар өндөр цалин авч байсан болж таарах уу. ШЕЗ өнгөрөгч хоёрдугаар сарын сүүлээр шүүгчдийн цалин нэмэгдсэн талаар мэдээлж байсан.

Ингэхдээ анхан шатны шүүхийн шүүгчийн цалин 3.7 сая, давж заалдах шатных 3.9-4.0 сая, хяналтын шатны шүүхийн шүүгч 4.5 сая хүртэлх цалинтай байхаар тогтоосон талаараа дуулгаж байсан юм. Мөн шүүгчдийн ажил мэргэжлийн төвшинг тогтоогоод таван жил тутмынхаа хоёр хувийг нэмээд тооцохоор шүүгч сард дунджаар таван сая төгрөгийн цалин авахаар болж байгааг цохон тэмдэглэж байсан юм.

Ингээд ШЕЗ-ийн даргын тогтоолоор баталсан шүүгчдийн цалинг тооцож үзвэл жилдээ улсын төсвөөс 50 гаруй тэрбум төгрөг зарцуулах тооцоо гарсан байна. Өөрөөр хэлбэл, татвар төлөгчдийн мөнгөнөөс 50 тэрбумыг шүүгчдийн цалинд зарцуулна.

Ингэхээр ШЕЗ-ийн даргын тогтоолоор шүүгчдийн цалин нэмэгдсэн хэвээр цаашид үргэлжлэх үү, эсвэл УИХ-ын хүчин төгөлдөр тогтоолоор шүүгчдийн цалинг хуучин хэвээр тогтоох уу гэдэг маргаан дэгдэж байна. ШЕЗ-өөс өнгөрсөн хавар шүүгчдийн цалинг нэмсэн талаар мэдээлэхэд иргэд “Цалинг нэмлээ гээд шүүгчид хараат байж чадахгүй.

Шүүгчид авлига авсаар л байх болно. Харин ч эсрэгээрээ шүүгчдийн цалинг нэмснээрээ төрөөс авлига өгч байгаагаас өөрцгүй” гэж шүүмжилж байсан юм. Тэгвэл УИХ-ын даргын хэлж байгаагаар бол төрөөс шүүгчийн цалинг нэмээгүй, харин ШЕЗ-ийн даргын тогтоолоор нэмсэн гэдгийг хэлээд байгаа юм.

Тэгэхээр хэрэв УИХ дахь хүчин төгөлдөр тогтоолоор шүүгчдийн цалинг олгох болбол дээрх нэгдүгээр сараас өгч эхэлсэн шүүгчдийн нэмэгдэл цалинг шүүгчдээс гаргуулах уу, эсвэл ШЕЗ-өөс гаргах уу гэсэн ээдрээтэй асуулт гарч ирнэ. ШЕЗ-ийн дарга Н.Лүндэндоржийн хэлж байгаагаар шүүгч дунджаар 3.5-4.0 сая төгрөгийн цалин авч байж авлига авахгүй шударга ажиллах боломжтой гэж үздэг нэгэн.

Гэтэл үнэхээр төсвөөс өндөр цалин авсан шүүгчид авлига авахгүйгээр шударга ажиллаж байгаа эсэхийг хэрхэн хянах вэ гэдэг нь бусдын анхаарлыг өдгөө ч татсаар байгаа. Тагнуулынхан тэднийг алхам тутамд нь дагаад явахгүй нь лавтай. Тэгвэл тэднийг өөрөөр яаж хянах вэ. Шүүгч танил тал, хууль хяналтынхантай үгсэн тохирч шударга бус шийдвэр гаргадаг гэх шүүмж бий.

Тухайлбал, Хар тамхины хэрэгт сэжигтнээр татагдаж цагдан хорих ангид саатуулж байсан Г.Сарангэрэлийг шүүх хуралд шүүгчээр орсон Эрүүгийн хэргийн I шүүхийн шүүгч Мөнх-Эрдэнэ ЦЕГ-ын хурандаа нартай нийлж хууль бус шийдвэр гаргасан гэх мэдээлэл гарч байсан. Энэ талаарх мэдээлэл ШЕЗ- ийн Ёс зүйн хороонд очсон хэдий ч шийдвэрлэхгүй байсаар чимээ намжсан юм.

Уг нь иргэд шүүх хуралд орохдоо төрийн нэрийн өмнөөс хуулиа дагаж мөрдөж хэн буруутайг тогтоох эрх бүхий шүүгчид л найддаг. Тийм ч учраас шүүгч бусдаас хараат байж Монгол Улсын нэрийн өмнөөс чухал үүрэгтэй хүмүүс юм.

Харин ШЕЗ-ийн даргын хэлж байгаачлан шүүгчдийн цалин бага байгаа нь бусдаас авлига авахад хүрч, шүүх шударга ажиллаж чадахгүйд хүрч байгаа гэх “Өмгөөлөл” нь эсрэгээрээ иргэдээс авах авлигыг нь төр өгчихвөл тэд шударга ажиллана гэснээс өөрцгүй ч юм шиг.

Б.Цэцэгдэлгэр

Эх сурвалж: