sonin.mn

Өвгөн намынхан үхэхдээ үхэр буугаа тавина гэгч болж байна. АН, МАХН-тай хамтран ажиллах гэрээний асуудал сөхөгдсөн нь МАН-д хүндээр тусч МАНАН байгуулах хүсэл нь замхарснаар Засгийн газрыг огцруулна гэдэг ужиг хүнд өвчин нь улам ихээр сэдэрлээ.

2012 оны сонгуулийн үр дүнд бий болсон УИХ болон Засгийн газрыг ажил хийлгэхгүй байх аргаа улам идэвхжүүлж сүүлийн үед өдөр шөнөгүй огцруулах асуудал ярих боллоо. 2012 оноос хойш буюу сүүлийн 2 жилийн хугацаанд МАН 6 удаа Засгийн газрыг огцруулах саналыг оруулж ирсэн байна.

Үүний улмаас УИХ-ын чуулганы хуралдааны 50 хувь нь үр ашиггүй хийрхэл буюу МАН-ын оруулж ирсэн огцруулах саналыг хэлэлцээр өнгөрүүлсэн гээд бод доо. Уг нь УИХ хийгээд Засгийн газарт хийх ажил их бий.

Сонгогчдынхоо өмнө хүлээсэн үүрэг хариуцлагаас гадна, амласан амлалтуудаа биелүүлэх ёстой. Гэтэл 2012 оны сонгуулиар навс ялагдаж, үзээгүйгээ үзсэн өвгөн намынхан Засгийн газрын ажлыг хийлгэхгүй хэмээн улайрч эцэст нь УИХ-ын гишүүн Ё.Отгонбаяр Ерөнхий сайдыг үхүүлэх дээрээ туллаа.

Улстөрийн улайрсан тэмцэл нь цагтаа боловсролын сайд явсан хүнийг хүртэл солиоруулж ийм үг хэллэг хэлэх дээр нь тулгадаг байна шүү. Хэдэн сарын өмнө Ё.Отгонбаяр гишүүн Хятадын “ZTE”компанитай сүжирч хэдэн тэрбум төгрөг зувчуулсан гэх асуудал нь ид дэвэрч байх үед хэлгүй юм шиг л таг байсансан.

Гэтэл өдгөө хэлд орсон төдийгүй хэлэх хэлэхгүй үгийг хамар дорх хагархайныхаа хэрээр цуурч байгааг нь харвал МАН ч аргагүй үхэхдээ үхэр буугаа тавьж байгаа бололтой.