sonin.mn

  Ардчилсан намын дарга Н.Алтанхуягт баяр хүргэе. Ер нь энэ нөхөр тэгж байгаад тун зальтай “новш” юм. МАН-аас тасарч үлдсэн (Яг үнэндээ хэн нь хэнээсээ тасарсныг тогтооход нэн бэрх) МАХН-тай 2020 хүртэл хамтарч ажиллахаар гарын үсэг зурж орхилоо.

Ингэснээр найман жилийн дараа гэхэд Монгол ардын нам гээчийг ул мөргүй болгох их аян дайны эхлэлийг тавив бололтой. Өөрөөр хэлбэл Н.Энхбаяраар Ардын намын хойтохыг уншуулах сайхан боломжийг нээгээд өгчихөж байх юм. Зальтай золиг юм аа.

  Н.Энхбаяр ууртай яваа нь хэнд ч тодорхой. Нисэх дээр сая буугаад, “Нөхдөө эвтэй найртай сайхан амьдарцгаая. Бие биедээ хар муу санахаа больё. Улирсан баларсан бүхнээ мартья. Би Монголынхоо агаараар амьсгалж, болж өгвөл айл хунараар орон ааруул цагаан идээ амсахаар ирлээ” гэдэг чинь үнэндээ манж үг.

“Мэнгэтийн” армийг л тайвшруулах гэж хэлж байгаа “Сорвитийн” үг л дээ. Н.Энхбаяр гэдэг нөхөр нэгэнт зуусан араагаа тийм ч амар тавьдаггүй, язгуурын хонзогногч гэдгийг бид бүхэн муухан мэдэлгүй яахав. Ялангуяа оймстойгоо хөлөө гозгонуулсан тэр өдрийг мартана гэж ёстой гонжийн жоо, голионы баас байлгүй.  

  “Энэ Ардын намын амийг 1990 онд аваад, амьсгааг нь тасалчих байсан юм” гэсэн үгийг Ардчилсан намын тун олон хүн ярьдаг байв.

Ялангуяа 2000 оны сонгуулиар Ардчилсан нам хосоо шувтруулсны дараа амаа барин гаслах ардчиллагчид тун олон байсан даа, одоо л мартчихаагүй бол. Тэгвэл тэр үеэс хойш 14 жилийн дараа хоёр тасарсан хорт могойг нэг нэгнээр нь намнуулах “Намбарбарбарос” төлөвлөгөөг Н.Алтанхуяг боловсруулсан байна.

  Одоо Ардчилсан нам хутга заазуур билүүдэн, “хуягт танк” бэлтгээд байх ч хэрэггүй  боллоо. Шаардлага ч алга. Нэг байгаад хоёр салсан намын найман жил үргэлжлээд дуусах зарлаагүй дайн өнөөдрөөс эхэлж байна. Одоо хүссэн хүсээгүй наад хоёрын чинь дунд буу сэлэм тачигналдаад л явчих учир Ардчилсан намынхан минь дуугүйхэн л ажиглаад сууж бай. Нэг хэсэгтээ МАХН магнаг болно л биз. Удахгүй МАН сархинаг болоод эхэлнэ.

  Өө нээрээ энд нэг зүйлийг хэлэхээ мартаж. Намыг намаар нь цохиулах Н.Алтанхуягийн “Намбарбарос” төлөвлөгөөг Үүлэн үст яасан их эсэргүүцэж байна аа. ЮУг нь юмны цаад наадахыг харах хэмжээний улстөрийн тэмцлийн хат суусан л баймаар. Ямар буриад хүн гэхээр л “Хэнтийн гурав” гэдэг шиг заавал тэнэгдүү нөхөр байх ёстой биш.

Уг нь манай Үүлэн үстийн үзэж чаддаггүй юмны нэг нь коммунистууд л гэж ойлгодог шүү дээ. Тиймээс л Сүхбаатарын хөшөө, Лениний хөшөөг харахаар л уур нь хүрээд байсан гэж боддог шүү дээ. Үндсэндээ коммунистуудыг дарахын тулд л 90-онд өлсч суусан гэж таамагладаг шүү дээ. Түүнээс биш ирээдүйд МУ-ын баатар, УИХ-ын гишүүн, хотын дарга болох гэж тэмцээгүй байлгүй дээ. Үгүй юм болов уу?

  Чингис хаан дайснаа дарахын тулд дайсныхаа дайсныг тун чадамгай ашиглаж ирсэнийг энэ завсар бүү мартагтүн.

Н.Алтанхуяг зөв МАН-ыг шах. Н.Энхбаяр өөрөө өөрийнхөө бохиртуулсан хашааг цэвэрлэхийн тулд нийллээ. Зөв Иргэний зориг нам. Л.Одончимэд мэнгэтээс С.Баяраас ухаантай царайлсан “Ухаант туулай” царайлсан. Ер нь хумсаа маш сайн нуудаг муужгайнууд

Н.Халиун