sonin.mn

ТОКИО. /NHK/. Газын зурвасын дэд бүтцийг сэргээн босгох бүтээн байгуулалтын ажлыг хурдасгахын тулд барилгын материалыг тасалдуулалгүй байнга нийлүүлэхийг НҮБ-ын Палестины дүрвэгчдэд туслах агентлагийн тэргүүн уриалж байна.

НҮБ-ын Палестины дүрвэгчдэд туслах агентлагийн  ерөнхий комиссар Пьер КренбюльТокио хотод “NHK” телевизэд ярилцлага өгөхдөө ингэж уриалжээ.

Израиль болон Палестины “ХАМАС” бүлэглэлийн хооронд сүүлд болсон дайнд Газын зурвасын айл өрхүүдийн орон гэр, барилга байгууламжууд сүйтгэгдсэнийг тэрбээр ярьсан байна. Түүний хэлснээр, Газын зурвас яг газар хөдлөлтөд нэрвэгдсэн юм шиг болжээ.

Хэрвээ шаардлагатай барилгын материалуудыг тогтмол нийлүүлбэл 3-5 жилийн дотор Газын зурвасыг сэргээн босгох боломжтой гэж тэрбээр тэмдэглэсэн аж.

Харин барилгын материалуудыг тогтмол нийлүүлэхгүй бол Газын зурвасыг сэргээхэд 12-18 жил шаардлагатай.

Мөн сэргээн босгох ажилд тус нэмэр болохын тулд Газын зурваст Израилийн тавьсан эдийн засгийн хоригийг цуцлуулах хэрэгтэй гэж тус агентлагийн тэргүүн онцлон тэмдэглэж, ингэхийн тулд Япон болон бусад улс Израильд шахалт үзүүлэх хэрэгтэй гэж тэрбээр нэмж хэлжээ.

"ХАМАС" болон Израиль хоорондын 50 хоногийн дайнд 2100 хүн амь үрэгдэж, олон барилга сүйдсэн юм. НҮБ-ын мэдэгдсэнээр, 100 мянга орчим хүн орон гэрээ алджээ.

Г.Доржханд

Эх сурвалж: