sonin.mn

КАИР. /ITAR-TASS/. Иракийн нийслэл Багдад хотын янз бүрийн дүүрэгт үйлдсэн цуврал халдлагын улмаас наад зах нь 19 хүн амиа алдаж, 40 гаруй оршин суугч шархадсан тухай телевизийн “Sky News Arabya” суваг мэдээлжээ.

Ирж буй мэдээллээс үзвэл, мина суурилуулсан гурван автомашиныг нийслэл хотын Мадинат-эс-Садр дүүрэгт амиа золиослогч дэлбэлсэн байна. Уг дүүрэгт шиитүүд голдуу оршин суудаг ажээ.

Өнгөрсөн мягмар гарагт мөн оршин суугчдын дийлэнхийг нь шиитүүд эзэлдэг Багдад хотын хэд хэдэн дүүрэгт гар хийцийн гурван тэсрэх төхөөрөг дэлбэрсний улмаас 20 орчим хүн амиа алдаж, хэдэн арван хүн шархадсан байна.

Сүүлийн саруудад Иракийн нийслэл хотод дэлбэрэлт болоогүй, тэсрэх төхөөрөг суурилуулсан автомашин дэлбэрээгүй, амиа золиослогч халдлага үйлдээгүй нэг ч өдөр байгаагүй юм.

Хэт давруу үзэлтнүүдийн “Лалын улс” бүлэглэлийн босогчид Иракийн нутаг дэвсгэрт өргөн хүрээтэй давшилтаа эхэлж, богино хугацаанд тус улсын хоёр дахь том хот Мосулыг оруулаад томоохон газар нутгийг эзэлж авсан энэ оны зургадугаар сараас хойш тус улсын аюулгүй байдлын салбарын байдал улам бүр дордсон юм.

НҮБ-ын мэдээлснээр, Иракийн нийслэл хотод байдал илүү хүнд байна. Тус хотод есдүгээр сард 352 хүн амиа алдаж, 1000 орчим хүн шархадсан байна. Иракт өнгөрсөн сард нийтдээ 1100 гаруй хүн халдлагын улмаас амиа алджээ.

Д.Жаргал

Эх сурвалж: