sonin.mn

Монгол Улсаас НҮБ-ын дэргэд суугаа Байнгын төлөөлөгчийн газраас НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага, Хоршооллын олон улсын холбоотой хамтран "2015 оноос хойших хөгжлийн зорилтууд ба хоршооллын асуудал" арга хэмжээг 2014 оны 10 дугаар сарын 21-ний өдөр Нью Йорк хотноо зохион байгуулав.

Хоршооллын асуудлаар идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг Бразил, Финланд, Канад, Израйл, Итали, Кени, Этиоп, Өмнөд Африк, Япон, Малайз, Швед, Швейцарь, Итали зэрэг хорь гаруй орон болон НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага, Эдийн засаг, нийгмийн асуудал эрхэлсэн газар, Олон улсын хөдөлмөрийн байгууллага, Дэлхийн хүнсний хөтөлбөр зэрэг байгууллагын төлөөлөл оролцсон уг уулзалтыг Монгол Улсаас НҮБ-ын дэргэд суугаа Байнгын төлөөлөгч О.Оч удирдан явуулав.

Хамгийн хүн төвтэй, ардчилсан зарчмаар ажилладаг аж ахуй эрхлэлтийн хэлбэр гэж тооцогддог хоршоололд өдгөө дэлхийн 250 сая хүн хамрагдаж ажил амьдралаа залгуулдаг ажээ.  

Хоршоолол нь Мянганы хөгжлийн зорилтуудын хэрэгжилтэд их хувь нэмэр оруулсан ба 2015 оноос хойших тогтвортой хөгжлийн зорилгуудад ч тусгалаа олох ёстой гэдэг дээр уулзалтад оролцогчид санал нэгдэж байв. Ялангуяа ядуурлыг бууруулах, хөдөө аж ахуй, хүнсний аюулгүй байдал ба хоол тэжээл, тогтвортой хөгжлийн зорилгуудыг хэрэгжүүлэх арга хэрэгслийн хэсгүүд, эсвэл хөгжлийн санхүүжилтын асуудалтай уяж хоршооллын асуудлыг тусгах боломжийг эрэлхийлж ажиллахаар тогтлоо.

Дашрамд дурдахад манай улсын санаачлан авч явдаг Нийгмийн хөгжилд хоршооллын үүрэг Ерөнхий Ассамблейн тогтоолын хүрээнд 2012 оныг Олон улсын хоршооллын жил болгон тэмдэглэж өнгөрүүлсэн ба энэ 2014 оныг НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагаас Гэр бүлийн ферм эрхлэлтийн олон улсын жил болгон ажиллаж байгаа юм.