sonin.mn

ВАШИНГТОН. /NHK/. Сири дэх “Лалын улс” бүлэглэлд АНУ тэргүүтэй эвсэл нэг сарын өмнөөс агаарын цохилт өгч эхэлсэн боловч тус бүлэглэлийн цэргийн хүч хэвээр байсаар байна.

Есдүгээр сарын 23-наас эхлэн АНУ болон бусад улс агаараас 280 гаруй удаа цохилт өгчээ.

“Лалын улс” бүлэглэл курдуудын эсрэг хүчтэй тэмцэж буй Сирийн Кобани хотод агаарын цохилтын 60 орчим хувийг өгсөн ажээ.

Тус бүлэглэлийн байрлалд өгсөн агаарын цохилт тэдний давшилтыг удаашруулж байгаа хэдий ч Кобани хот бүлэглэлийн гарт орох боломжтой хэвээр байна гэж АНУ Батлан хамгаалахын хэвлэлийн төлөөлөгч мэдэгдлээ.

Кобани хотыг хамгаалж буй нэгэн курд утсаар, “Лалын улс” болон курдуудын байлдааны гол ажиллагаа хотын захад гурван цаг үргэлжилсэн тухай  тус мэдээллийн агентлаг хүргэжээ.

Тэрбээр, Кобани хотыг бүлэглэлээс хамгаалахад АНУ-ын агаарын цохилт хангалтгүй байгааг дурдаад олон улсын хамтын нийгэмлэгээс цэргийн тусламж хүссэн байна.

Сирийн хойд нутагт “Лалын улс” бүлэглэлтэй тэмцэж байгаа курдуудад зэвсгийн болон бусад хангамжийг нисэх онгоцоор хүргүүлсэн гэж АНУ-ын арми мэдэгдсэн билээ.

Уг тусламжийн зарим нь “Лалын улс” бүлэглэлийн хяналтад байгаа бүсэд унасан, гэхдээ энэ нь байлдаанд том нөлөө үзүүлэхгүй гэж Батлан хамгаалах яам мэдэгдэв.

Д.Нямтулга

Эх сурвалж: