sonin.mn

Монголын улстөрчид “Ноён урваач, нохой шар­ваач” гэдгийг ёстой нэг жинхэнэ утгаар нь баруун, солгойгүй үзүүлцгээж байна.

Уг нь Монгол ардын аман ярианд нэг сумаар хоёр туулай агнах талаар зүйрлэн ярьдагсан. Харин Монголын улстөрчдийн өнөөдрийн авир, үйлдлүүд “Хоёр сумаар ганц муу туулай намнах”-д л зо­риу­лагдаж эхлэв.

Ухаандаа Ерөнхий сайд Н.Алтанхуягийг огц­руу­лахаар УИХ дахь МАН-ын бүлэг хуулийн төслөө УИХ-ын дарга З.Энхболдод өргөн бариад яг долоо хонож байна. Тухайн үед АН-аас “Босоо ороолон” Ж.Батзандан ганцаараа МАН-тай эвсч гарын үсгээ зурсан биш “Нүдэнд орсон хог, шүдэнд үлдсэн мах” болж байв даа.

Ямар сайндаа л “Гудамжинд тэнэж явсан энэ босоо ороолонг одоохон АН-аас хөөж намынхаа нэр төрийг сэргээе” гэцгээн их багагүй бархиралдаад авсан.

Тэр гайтай бичигт “Шударга ёс” эвслээс ганцаараа гарын үсгээ зур­сан УИХ-ын дэд дарга Л.Цогийг “За тэр угаасаа жаахан юмтай, мунгинуу өвгөн” гэцгээгээд чимээ алдарсан.

Харин тэр үед сошиал ертөнцөд ихэнх цаг заваа барж суудаг АН-ын бас нэгэн “эсэргүү” гишүүн “Ерөнхий сайдыг огцруулах МАН-ын 28-ын дотор жур­мын нөхөр, нутгийн дүү байгаад харамсч байна” гээд л жиргэж байсансан.

Гэтэл түүнээс хойш долоо хоноогүй байхад “2016 оны сонгуульд хамтарч орно. Намын гишүүдээрээ нэг ярьж болмоор. Үүнийг мэд­сэн бол Ж.Батзантай зур­даг л байж” хэмээн ухаан санаа нь 360 градус эргэ­чихээд, цоо шинээр жиргээд сууж байна.

Яг өнөөдрийн хувьд эрх баригч АН яах аргагүй хоёр, гурав хуваагдаж зарим нэг нь “Байгуулсан Засгийн газраа унагах аваас намаас хөөнө” гэсэн намынхаа дүрмийн эсрэг ажиллаад байгаа ч тун удахгүй хүс­сэн хүсээгүй Э.Бат-Үүл баатраар удирдуулж аваад Н.Алтанхуяг дарга аа онхолдуулах нь тодорхой болоод явчихлаа.

Хэдийгээр өчигдөрхөн хүртэл УИХ-ын нэгэн байнгын хорооны дарга “Ерөнхий сайдыг огц­руу­лахаар МАН-ын бүлэг хуулийн төсөл өргөн барь­сан. Харин АН-ын гишүүдийн зүгээс Н.Алтанхуяг даргад улс­төрийн хариуцлага хү­лээл­­гэхээр гарын үсэг цуг­­луулж байгаа нь МАХН-тай байгуулсан хууль бус гэрээнээс үүдэлтэй. Тэ­гэхээр Ерөнхий сайдыг огцруулах хоёр намын оруулж байгаа асуудал бол шал өөр утга агуулгатай юм шүү” хэмээн багагүй ууртай мэдэгдэж байна лээ.

Үгүй мөн хачин жигтэй тохиолдол шүү. Хөөрхий, Н.Алтанхуяг сайдын мэнгэ яалт ч үгүй ирэх 11 дүгээр сард голлох учиртай байж л дээ. МАН ч яах вэ, Ерөнхий сайдыг онхолдуулж байж л уужуухан амьсгаа авах нь тодорхой учир “Шударга ёс” эвслийн дараа АН-ын­хан завсарлага авсан аваа­гүй хөмхийгөө зуугаад л дай­раад байх нь гарцаагүй.

Харин “Н.Алтанхуяг бид хоёр ардчиллын анхнаас хамт яваа хоёр. Гэхдээ уг нь туйлын нягт нямбай, хянуур хүн байсан. Одоо бол хар толгойноосоо бусдыг бодохоо больж. Энэ хүнээс даруйхан салах цаг болжээ” хэмээн хашхирах нь холгүй байгаа 1990 оны ардчилсан хувьсгалын “ганц баатар” Э.Бат-Үүлээр толгойлуулсан АН-ын журмын нөхөд нь “Чонотой нийлсэн гэрийн нохой” ямар хорлонтой байдгийг үзүүлэхээр архи­­ралдаж эхэлсэн Н.Алтан­хуяг сайдыг яах аргагүй буланд шахаж хаашаа ч гарах гарцгүй болгочихлоо.

Хэдийгээр АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Оюундарь “МАН-ын тавьсан үндэслэлээр засгаа огцруулахыг нам хэзээ ч зөвшөөрөхгүй” хэ­мээ­сээр яваа ч яах аргагүй хоёр эрх ашиг, нэг шийдвэр дээр огтлолцох өдөр ойртож эхэллээ. Яг өнөөдөр АН-ын гал тогоог хаврилдуулж, хамаг бүх­нийг нь зохи­цуу­лалцаж яваа Ц.Оюундарь дарга “Хувийн хийгээд фракцийн эрх ашгаа на­маас дээгүүр эрэмбэлээд байгаа хүмүүс бий.

УИХ-ын гишүүн М.Бат­чимэгийн нэрийн ард нэг ардчилал гэж бус АН л гэж бичигддэг. МоАХ-ны хүмүүст би са­нуулж л байсан. Гэхдээ тэд улс­төрийн хуй­валдаан хийх гээд байгаа юм биш. Үндэс­лэлийг нь би ихээр хүндэтгэж байгаа” гэсэн нь нийслэлийн АН-ын дарга Э.Бат-Үүл, МоАХ-ны дарга Х.Баттулга на­рын Н.Алтанхуягийг авч хаях тохиролцоог сүйдтэй буруу­шаахгүй байгаагаа илэр­хийлсэн хэрэг гэж үзэхээс өөр аргагүй. Асуудал ийнхүү хоёр үзүүртэй зүү шиг харван орж ирээд ганц муу Н.Алтанхуяг сайдад лавхан зоогдчихлоо.

Хэдийгээр МАН-ынхан ил цагаан дайрч, АН-ынхан далдуур “хор хутгацгааж” байгаа ч эцсийн бай нь ганц хүн дээр төвлөрч ёстой л хоёр сумаар ганц туулай намнах гэсэн яг өнөө­дөрт таарсан хэлц үгийг бий болгочихлоо. Үүнийг “Нэмэгдэхүүний байрыг соль­сон ч нийлбэрийн ча­нар өөрчлөгдөхгүй” гэж тайлбарласан ч бас болно.

Ямартай ч гэрийн но­хой хээрийн боохойтой нийл­­чихээд хамгийн тар­ган ирэг рүүгээ эргээд улан­гасан дайрахыг үзэх өдөр ирдэг л юм байна. Хачин юм мөн ч их үзэх нь дээ.

Д.Түвшин

Эх сурвалж: