sonin.mn

Эрүүл мэндийн яам, Хүний эрхийн үндэсний комисс хамтран “Эрүүл мэндээ хамгаалуулах эрх” сэдэвт эрүүл мэндийн байгууллагын ажилтнуудад зориулсан сургалтыг зохион байгууллаа. Уг сургалтад нийслэлийн хоёр, гуравдугаар шатлалын эрүүл мэндийн байгууллагууд болон тусгай мэргэжлийн төвийн 40 орчим ажилтан оролцсон юм.

Иргэдийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний талаар мэдээлэл олж авах эрхийг хангах, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээнд учирч буй хүнд суртал, чирэгдлийг багасгах, байгууллагын үйлчилгээний чанар, хүртээмжийг дээшлүүлэх, үйлчлүүлэгчийн эрх хөндөгдөж, зөрчигдсөн тохиолдолд эрхээ хэрхэн сэргээлгэх зэрэг олон талын мэдээлэл дутмаг байдгийг харгалзан Хүний Эрхийн Үндэсний Комиссоос өнгөрөгч тавдугаар сард эрүүл мэндийн байгууллагуудыг “Эрүүл мэндээ хамгаалуулах иргэний эрх” мэдээлэл, сурталчилгааны самбартай болгох тухай зөвлөмжийг Эрүүл мэндийн яаманд ирүүлсэн.


Үүний дагуу Эрүүл мэндийн яам, Хүний эрхийн үндэсний комиссоос энэ удаагийн сургалтыг зохион байгуулж, эрүүл мэндийн байгууллага бүрт иргэдэд эрүүл мэндээ хамгаалуулах эрхийн талаар тодорхой мэдээлэл өгөх “Чимээгүй хөтөч” буюу самбартай болоход юуг анхаарах, хүний эрхийн үндсэн ойлголт, эрүүл мэндээ хамгаалуулах эрх, үүрэг, эмнэлгийн тусламж авах эрх, мэдээлэл хайх, хүлээн авах эрх гэж юу болох, зайлшгүй байх мэдээллийн агуулга зэргийг тодорхойллоо.

Эрүүл мэндийн байгууллага бүр ийм самбартай болсноор хүний эрхэд суурилсан харилцаа, хандлагыг бүрдүүлэхэд томоохон ахиц гарах бөгөөд эмнэлгийн ажилтнуудын ажлын ачаалал ч 40-60 хувь буурах боломжтойг Хүний эрхийн үндэсний комиссын мэргэжилтнүүд онцолж байлаа.

Цаашид энэ төрлийн сургалтыг үе шаттайгаар зохион байгуулахаар боллоо.