sonin.mn

ВАШИНГТОН. /NHK/. “Лалын улс” босогчдын цэрэгжсэн бүлэглэлд орж буй санхүүжилтийн урсгалыг таслан зогсоох хэрэгтэй байна гэж АНУ-ын засгийн газрын нөлөө бүхий албан тушаалтан онцлон тэмдэглэлээ. Мөнтэрбээр “Лалын улс”-ыг “дэлхийн хамгийн сайн санхүүжилттэй террорист бүлэглэл” гэв.

Терроризм, санхүүгийн тагнуул хариуцсан, АНУ-ын Сангийн дэд сайд Дэвин Коэн “Босогчдын энэ бүлэглэл олон арга замаар, тухайлбал нефть хууль бусаар хил гаргах, хүн хулгайлах зэргээр сар бүр хэдэн сая доллар цуглуулдаг” гэж хэлсэн юм.

Түүний хэлснээр, тус бүлэглэл нь Сири болон Иракт  хяналтдаа авсан бүсүүдээсээ нефть худалдан их хэмжээний мөнгө олдог аж. Мөн энэ онд тус бүлэглэл хүн хулгайлан, барьцааны мөнгөнд наад зах нь 20 сая доллар авчээ.

Мөн Катар болон Кувейтийн нийгмийн сүлжээнүүдээр дамжуулан тус бүлэглэлд хандив цуглуулж байна гэж  Коэн тэмдэглэв.

Тус бүлэглэлийн орлогын эх үүсвэрийн үндсийг устгахад Ойрхи Дорнодын улсуудын хамтын ажиллагаа маш чухал гэж тэрбээр үзэж байна.

Г.Доржханд

Эх сурвалж: