sonin.mn

Төв аймгийн Засаг дарга, тус аймгийн Ардчилсан намын дэд дарга Д.Баярбаттай ярилцлаа. Улс төрд өрнөж буй цаг үеийн асуудлаар түүний байр суурийг сонирхсон юм.

-Ерөнхий сайдыг огцруулах, бусад намтай хамтран ажиллах гэрээ, Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүн гээд танай намынхан нэлээд хөдөлгөөнтэй байна. Та тус намын гишүүний хувьд эдгээр асуудлыг юу гэж харж байна вэ?

-Эдийн засгийн нөхцөл байдал таагүй байгаа энэ үед улс төрийн хөдөлгөөн хийж огт болохгүй. Төв аймгийн Ардчилсан намынхан Засгийн газрыг цаашид тогтвортой ажиллуулахын тулд одоогийн хамтын ажиллагааг үргэлжлүүлэх нь чухал гэж үзэж байгаа.

Иймд намын даргын бусад намтай хамтран ажиллах гэрээгээ шинэчилснийг дэмжиж байна. Хамгийн чухал нь бид бүх шатандаа бүтээн байгуулалт өрнүүлэх хэрэгтэй байна. Ийм үед хамтын ажиллагаа чухал. Манай аймгийн намын хувьд ч МАХН-тай хамтран ажиллаж байгаа.

-Үүнийг дэмжихгүй, Ерөнхий сайдыг огцруулах саналтай танай намын гишүүд байгаа шүү дээ?

-Намын эв нэгдлийг хангах тал дээр хариуцлага алдаж, эсрэг байр суурьтай байгаа намын нөхөдтэй хариуцлага тооцох ёстой гэж манай аймгийн Ардчилсан намынхан үзэж байгаа. Нам бодлого, мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлж байхад эсрэг ажиллаж болохгүй.

Мөн МАН-ынхан улс орны хөгжилд сөргөөр нөлөөлсөөр байна. Бид өнөөдрийг хүртэл тус намд шүүмжлэлийн байр суурь илэрхийлэхгүй явсан. Өмнөх 20 гаруй жилийн түүхэнд МАН аймаг, орон нутгийг хөгжүүлэх бүрэн боломжтой байсан ч хийгээгүй шүү дээ.

-МАН-ын хувьд сөрөг хүчний үүргээ гүйцэтгэдэг болов уу. Гэтэл танай намын хэсэг гишүүн сөрөг хүчинтэй байр сууриа нэгтгэсэн нь ямар учиртай юм бэ?

-Бид ажлаа л хийх ёстой. Улс орноо хөгжүүлэх түүхэн цаг үед хоорондоо талцаж болохгүй. Хэрэв намын бодлогын эсрэг байр суурьтай гишүүн байгаа бол намаас хөөх хүртэл арга хэмжээ авах хэрэгтэй.

-Үндэсний зөвлөлдөх хороогоо хуралдуулж асуудлыг шийдье гэсэн саналтай хүмүүс ч танай намд бий?

-Одоо ҮЗХ хуралдах шаардлагагүй.

-МАХН-тай хамтран ажиллах гэрээгээ шинэчилсэнтэй холбоотойгоор асуудал гарах шиг боллоо. Энэ нь хэр оновчтой шийдвэр байсан бол?

-Сүүлийн хоёр жил Шинэчлэлийн Засгийн газрын хийж буй ажил ард түмний нүдэн дээр харагдаж байгаа. Ардчиллынхан гарч ирээд бусад намтай эвсэж ажилласны хүчинд ажил урагшилсаар байна. Ийм үед цаашид ч гэсэн хамтран ажиллах хэрэгтэй гэж бодож байна.

-Танай намынхан хоорондоо таарамжгүй байгаа нь олон бүлэг, фракцтай холбоотой гэдэг үнэн үү?

-Их улс төрд явж буй хэдхэн хүний эрх мэдэл, ашиг сонирхлын зөрчил л байдаг болов уу. Орон нутагт ийм асуудал байдаг­гүй.  Бид бол улс орноо хөгжүүлэхийн төлөө сэтгэл шулуудан ажил­ладаг. Аль ч аймагт очиход өнгө төрх нь өөрчлөгдөн шинэчлэгдсээр байна. Иймд үед бид өмнөх ажлаа л хийх хэрэгтэй.

-Хоёр намын хамтын ажиллагааны гэрээний нууц хавсралт гэх хувилбар ил гарсан тухай нэлээд шуугисан. Та түүнд итгэж, эргэлзсэн үү?

-Тийм агуулгатай гэрээ гэж юу байх билээ. Ер нь улс орны тусгаар тогтнол, аюулгүй байдалд сөрөг нөлөө үзүүлэх увайгүй үзэгдэл сүүлийн үед гарсаар байна.

Засгийн газрыг унагах гэсэн, төрийн эв нэгдэлтэй байх зарчмын эсрэг явдаг хүмүүс байх юм. Тэгэхээр Монголын төрөөр ингэж тоглож байгаа хүмүүст хатуу хариуцлага тооцдог байх ёстой.

-Та хоёр намын дунд байгуулсан гэрээг бодитоор үзсэн үү?

-Хэвлэлээс тодорхой хэмжээний мэдээлэл авсан. Өмнө нь байгуулсан гэрээгээ сайжруулсан хувилбар гэж бодож байна. Цаг хугацаа явж байгаа болохоор өмнөх зүйлээ эргэж харж шинэчлэх зүйл байж болно шүү дээ. Улс төрд хамгийн гол зорилго бол ялалтад хүрэх.

Ялалтад хүрэхийн тулд бэлтгэгдсэн байх ёстой. Ялсныхаа дараа эрх мэдлийн хуваарилалтаа зөв хийх, улс оронд бодитой хөгжлийн ажил хийх гээд төлөвлөсөн зүйл байдаг. Тиймээс эртнээс бэлтгэгдсэн байх нь гайхах зүйл биш.

-Ардчилсан нам парламентад угаас олонх болж чадаагүй. Аль нэг намтай хамтарч ажиллах нь тодорхой. Гэхдээ Ардын намыг сонгож, дахин МАНАН үүсгэх саналтай хүмүүс байдаг шүү дээ?

-МАН Монголын төрд 90 гаруй жил засагласан. Ингэхдээ орон нутагт л гэхэд их бүтээн байгуулалт өрнүүлж чадаагүй. Сүүлийн хоёр жилийн дотор л орон нутагт ажил хурдтай явж байна шүү дээ.

Тиймээс ажил хийхийн төлөө биш гацаадаг, зогсоодог, байнга өө хайдаг Ардын намтай хамтарч МАНАН үүсгэх шаардлагагүй гэж боддог. Ер нь Ардчилсан нам дотооддоо зөрчилтэй байгаа юм шиг харагддаг боловч сөрөг хүчин л хагалан бутаргах ажил хийдэг. Тэгэхээр ийм намтай эвсэн ажиллаж болохгүй гэж манай айм­гийн намын гишүүд үздэг.

-Цаашид аль ч нам олонх болж чадахгүй, иймд улс төрийн намууд заавал хамтран ажиллах болно гэдгийг улстөрчид ярьдаг. Энэ нь улстөржилт биш улс орны ажлыг урагшлуулах алхам ч гэж үзэх нь бий. Та үүнтэй санал нийлэх үү?

-Хамгийн гол нь бү­тээн байгуулалт. Эхлүүл­сэн ажлаа амжилттай дуусгахгүй бол олон тө­сөл царцана. Маш олон бүтээн байгуулалтын ажил өрнүүлэх ийм үед улс төрийн байдал тогтвортой байх хэрэгтэй. Эдийн засгаа босгомоор байна.

Улстөржсөөр бай­гаад хамаг цагаа үрж болох­гүй. Бидэнд нэг цаг ч үнэтэй байгаа энэ үед улс төр маш тогтвортой байх хэрэгтэй. Сүүлийн хоёр жилд бид хамтарч аймагтаа ч ихээхэн ажил хийж буйг онцлох хэрэгтэй.

М.Ганцэцэг

Эх сурвалж: