sonin.mn

-АН, МАН ӨВӨР ТҮРИЙНДЭЭ ОРОХ НЬ АРДЧИЛАЛД ДАЙСАГНАСАН ХЭРЭГ БОЛНО-

Шинэчлэлийн Засгийн газраас хийж буй том бүтээн байгуулалтуудын нэг бол “Таван толгой" цахилгаан станц барих. Уг цахилгаан станцын арилжааны даалгавар хөрөнгө оруулагчдад очлоо гэсэн мэдээлэл түгээд байгаа. Энэ талаар болон улс төрийн өнөөгийн нөхцөл байдлын талаар уг төслийн удирдагч, МҮАН-ын дарга М.Энхсайхантай ярилцлаа.

-“Таван толгой” цахилгаан станцын арилжааны даалгаврыг хөрөнгө оруулагчдад хүргэлээ гэсэн мэдээлэл бий. Тэгэхээр энэ зууны хамгийн том үйлдвэр баригдах нөхцөл бүрдчихлээ гэсэн үг үү?

-Засгийн газар “Таван толгой” цахилгаан станц барих шийдвэр гаргаснаас хойш жил хагас болж байна. “Оюу толгой”-г эс тооцвол сүүлийн 30 жил Монголд томоохон үйлдвэр баригдаагүй. “Таван толгой”-д том хэмжээний цахилгаан станц барих шийдвэр гаргасан ч бид хөрөнгө мөнгөгүй тул гадаад зах зээл дээрээс хөрөнгө босгох шаардлагатай байгаа юм.

Бид энэ төслийг сонирхож байгаа эсэх талаар дэлхийн хэмжээний 25 компанид урилга явуулсан. 10 компани энэ төслийг  сонирхож  байна гэдгээ илэрхийлсэн. Тэдгээрээс Японы хоёр компани, Солонгосын нэг, Солонгос-Францын нэг компанийг бид урьдчилан сонгоод тэдэнд бид техникийн болон арилжааны даалгавар бэлтгэж хүргүүлэх ажпыгзохион байгуулсан юм.

Саяхан арилжааны даалгавар хүргүүлснээр монголчууд эхний шатанд өөрсдөөсөө хамаарах бүх ажпыг хийлээ гэсэн үг. Одоо хөрөнгө оруулагч болон банкууд ажиллаж шийдээ гаргана. Монгол Улс эрсдэл өндөртэй орны тоонд ордог, тэгээд ч том төсөл учир дангаар нь нэг банк санхүүжүүлэх бололцоогүй.

Олон сонирхлын тэнцлийг олох ярвигтай ажил эхэлж байна. Дэлхийн хэмжээний мэргэжлийн байгууллагуудын оролцоотойгоор төслөө боловсруулсан учир хөрөнгө мөнгө босгох магадлал өндөр байгаа.

-Хөрөнгө оруулагчид шийдвэрээ хэзээ өгөх вэ?

-Бид тэдэнд дөрвөн сарын хугацаа өгч байгаа. Энэ хугацаанд манай хөрөнгө оруулагчид асуудлаа судлаад, банк, санхүүгийн байгууллагуудтай ярилцаад саналаа өгнө гэж найдаж байна.

-Арай хурдан саналаа авч болоогүй юм уу?

-Яарч байгааг ойлгож болно. Гэхдээ том төсөл дээр “Яарвал даарна” гэдэг монгол ардын үг тохирно. Хөрөнгө оруулагчид Монголоос дутахгүй том компаниуд. Дотроо шийдэл гаргах үйл явц манайхаас ч хүнд байх шүү гэдгийг бодолцох хэрэгтэй. Дээр нь хүн болсон хойно шинэ жил, крисмасын баяр гээд амраад өгнө.

Япон, Солонгосчууд бидэнтэй адилхан цагаан сар тэмдэглээд явчихна. Энэ бүгдийг бодолцсон хэрэг. Мөн яарвал маш муу найдвар муутай санал ирэх аюултай. Олон улсын жишээг харж байгаад 4 сарын хугацаа өгсөн.

-Та Засгийн газрыг тойрсон улс төрөөс хол яваад байна уу?

-Үгүй шүү. Би бүх асуудлыг харж байгаа. Том төсөл хариуцсан хүний хувьд төр, засгийн тогтвортой байдлыг харж ажиглаж хөрөнгө оруулагчдын эргэлзээг тайлах үүрэг надад ногдож байгаа. Төр, засаг тогтворгүй бол хөрөнгө оруулагчид тэр тусмаа тэрбум доллар манай төсөлд барьж ирнэ гэж байхгүй шүү дээ.

-Тогтворгүй байдал үүсэх нөхцөл бүрдчихээд байгаа юм биш үү?

-Жолоодлоготой хийж байгаа өөрчлөлтийг “тогтворгүй байдал” гэсэн ангилалд  оруулмааргүй байна. Харин мэр сэр буруу зөв ярьж байгаад гэнэт жолоодлогогүй юм руу уначихвий гэж санаа зовох юм. Хэрвээ ийм явдал болбол монголчууд бүгдээрээ л хохирно. Хожиж гарах нам, улс төрч гэж байхгүй.

-Н.Алтанхуяг Ерөнхий сайд, МАХН-ын дарга Н.Энхбаяр нар хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурсан. Танай эвслийг ч төлөөлөөд байгаа юм шиг. Та энэ асуудалд ямар оролцоотой байна?

-АН, МАХН хоорондоо ямар гэрээ хэлэлцээ хийх вэ гэдэг нь бидний оролцдог хэрэг биш. Манай намтай холбоотой зүйл байдаг бол АН, МАХН-ын шийдэх асуудал биш. Би бичиг баримтыг нь үзээгүй. Тийм хэрэгцээ шаардлага үнэндээ байхгүй дээ. Хэвлэл дээр гарч байгаа баримт бичигт би итгэхгүй. Өөрсдөөс нь авч үзвэл үзнэ. Ач холбогдолгүй шахуу гэж бодож байгаа тул сонирхохгүй байна. Харин түүнийг тойроод хоосон сүржигнээд байна уу даа л гэж бодож байна.

Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнийг ярьж байгаа хугацаатай АН, МАХН гэрээ үзэглэх явдал давхацсанаараа л анхаарал татаж байгаа юм. Н.Алтанхуяг, Н.Энхбаяр энэ талаар хэвлэлийн хурал хийсэн.

Өөрсдөө олны өмнө ярьсан тул сонссон зүйлдээ итгэе гэж хэлэх үү дээ. Ерөнхий сайд МАХН-тай нэг гэрээ зурах гэж байна гэж над руу утсаар ярьсан. Манайд хамаагүй юманд бид юу гэж оролцох вэ дээ гэснээр бидний яриа өндөрлөсөн.

-Н.Энхбаяр дарга та хоёрыг уулзаагүй гэсэн мэдээлэл гарсан байсан?

-Уулзсаан. Монголд ирсний маргааш нь бидний хэсэг нөхөд зоог барьсан. Чөлөөтэй сайхан яриа болсон. Эмчилгээ, амралт илүүтэй ярьж улс төр тун бага ярьсан даа. Өчигдөр Солонгос явах гэж байгаатай нь холбогдуулан уулзсан. Монголд ирсэн болохоор сайхан өнгө орсон харагдаж байнлээ. 

-Засгийн газрын шинэ бүтэц хэр оновчтой болсон гэж үзэж байна?

-Засгийн газар бол сонгуулийн дараахь улс төрийн намуудын хүчний тэнцвэр байдаг. Энэ талаас нь харвал Засгийн газраа хамтран байгуулсан нам, эвслүүдийн сонирхлыг хөндсөн өөрчлөлтийг санал болгосон нь харамсаад ч барахгүй алдаа. Үнэндээ бүтцийн өөрчлөлт АН-ын доторхи фракциудын зөрчлөөс л үүдсэн.

Дээр нь хямрал нүүрлэчихээд байхад эдийн засгийн яамдаа хөндсөн нь том алдаа. УИХ энэхүү алдааг засах болов уу гэсэн чинь алдсан дээр нь гэсэн бололтой яах ийхийн зуургүй баталсан. Одоо ажилладаг яам нэг ч алга. Хүмүүс нь ажилгүй. Сайд нь тодроогүй. Бүр цаашлаад Ерөнхий сайдын асуудал тавигдаад байна.

Жолоодлогогүй хямрал руу унах өнгөтэй болж байна. Ерөнхий сайд алдаа хийж болно. Түүнийг нь засах гэж дэргэд нь зөвлөхүүд, намын бүлэг нь байдаг баймаар. Буруу  шийдвэр гаргасан бурууг УИХ хүлээх биз ээ. За яахав, өнгөрсөн бороо... гэж. Болоод өнгөрсний хойноос харамсаж хараад яах вэ. Апдаагаа бага дээр нь засах хэрэгтэй.

 



-МАН Ерөнхий сайдыг огцруулах санал тавьсан. Та үүнийг хэрхэн харж байна?

-Сөрөг хүчин хийх ёстой ажлаа л хийж байна. Харин Ардчилсан,нам цөөнхийн хэлээд байгаа зүйлд нь дүгнэлт хийгээд ажлаа сайжруулаад л явах ёстой шүү дээ. Ардчилсан нам өөрийн бурууг МАН-аас хайж болохгүй.

Гэхдээ огцруулбал дараа нь юу болох вэ гэдгийг бодох хэрэгтэй. АН сонгуулийн дараа байгуулсан Засгийн газрынхаа цөмийг ялангуяа Ерөнхий сайдаа хамгаалан авч үлдэж чадахгүй бол эдийн засгийн хямрал улс төрийн хямралаар тэжээгдэж жолоодлогогүй хямрал руу унах болно. Үүнд л маш их санаа зовж байна.

-Ерөнхий сайд Н.Алтанхуягийг огцруулаад Үндэсний эв нэгдлийн Засгийн газар байгуулъя гэж АН-ын зарим гишүүд ярьж байгаа. Бүх намыг оролцуулаад шүү?

-Дэндүү хариуцлагагүй яриа. Хэрвээ ийм явдал болбол түүний цаана хямралын эсрэг зогсч чадаагүйгээ АН МАН-тай хуваалцъя гэсэн явуургүй санаа нуугдаж байгаа. Яадаг ч байсан АН эвсэл, Ногоон намтайгаа хариуцлагаа энэ чигээрээ үүрч 2016 оны сонгуультай золгож сонгогчдоор дүнгээ тавиулах нь шударга.

Тэгээд ч би хувьдаа МАНАН ил далд хэлбэрээр дахин байгуулагдахын эсрэг байна. Тэр тусмаа манай нам шинэ маягийн МАНАН-ын легитим чанарыг хангагч байж болохгүй.

Улс төрийн хамгийн том намууд АН, МАН өвөр түрийндээ орох нь харилцан хяналтыг бүр мөсөн алдуулж Монголын нийгмийн дүр зургийг өөрчилсөн, төр ард түмний холбоог алдагдуулсан хэрэг болно.



Анх Монголын түүхэнд 62-ын Бүдүүн бүлэг байгуулагдахад би эсэргүүцэж байсан. Дараа нь МАНАН байгуулагдахад эсэргүүцэж байсан. Одоо ч энэ байр суурин дээрээ хатуу байна.

-Ярилцсанд баярлалаа.

Б.Нямаа

 

Эх сурвалж:

 

Энэ ярилцлагын зохиогчийн эрх "Өдрийн сонин"-д бүхэлдээ хамаарна.

М.Энхсайханы албан ёсны зөвшөөрөлтэйгээр нийтлэв.