sonin.mn

УИХ-ын гишүүн Н.Батцэрэгтэй цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-Зам тээврийн сайдад таны нэрийг дэвшүүлсэн. Гэтэл үүнийг Ерөнхийлөгчтэй зөвшилцөөгүй гээд байгаа. Энэ ямар учиртай юм бэ?

-Зөвшилцөнө гэдэг нь өргөн мэдүүлж байгаа Ерөнхий сайдын зүгээс асуудлаа Ерөнхийлөгчид тавьдаг юм билээ. Ерөнхийлөгч хуулиар заасан тодорхой хугацааны дараа зөвшилцлөө явуулдаг.

Хэрвээ албан бичиг ирээгүй бол Ерөнхий сайд өөрийн бүрэн эрхийн хүрээнд өргөн мэдүүлдэг юм байна. Тэгэхээр яг хуулийнхаа хүрээнд явж байгаа гэж байсан.

-Гэтэл Ерөнхий сайдыг огцруулах асуудал ороод ирлээ шүү дээ. Үүнд эвсэл ямар байр суурьтай байгаа вэ?

-Тал талаасаа Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг МАН-ын бүлгийн гишүүд өргөн барьчихсан байгаа. Үүнээс үүдээд Ерөнхий сайд өөрөө Засгийн газрын гишүүнийг УИХ-д өргөн мэдүүлдэг.

Өргөн мэдүүлдэг субьектийг өөрийг нь өргөн мэдүүлчихсэн байгаа тохиолдолд сайд нарын асуудлыг ярих нь дарааллын хувьд хэр оновчтой вэ гэдэг асуудал үүссэн.

Долоо хоног бүрийн баасан гарагт УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл хуралдаж, ирэх долоо хоногт УИХ-ын чуулган болоод Байнгын хороод дээр ярилцах асуудлаа хэлэлцдэг. Үүнээс л сайд нарын асуудлыг хэлэлцэх үү, Ерөнхий сайдын асуудлыг хэзээ оруулах вэ гэдгийг шийднэ.

-Эвслийн бүлгийн авсан ажлын тав хоногийн завсарлагыг энэ асуудалтай холбож тайлбарлаад байгаа.

-Янз бүрээр тааж, ярьж, бичиж байгаа байх. Бид нарт судлах, ялангуяа өргөн барьсан талтай, мөн нөгөө талын субьекттэй нь ч ойлголцох зүйлүүд байсан. Тэр хүрээндээ завсарлага авсан.

-Нөгөө талд МАХН, АН хоёрын хамтран ажиллах гэрээ олны сонирхлыг ихэд татаж байгаа. Эвсэл гэчихээд дангаараа гэрээллээ гэх яриа ч байна. Үүнийг хэрхэн харж байна?

-Намуудын дотоодод болж байгаа улстөрийн амьдралд нь аль нэг нам хөндлөнгөөс оролцох нь зохимжгүй. Гэхдээ мэдээж хэрэг «Шударга ёс эвсэл» МАХН, МҮАН хоёроос бүрддэг.

Тиймээс яг эвсэл дотроо бол түншилж байгаа нэг намын тухайд улстөрийн ямар нэг шийд гарахад нь анзаараад, хэрэгтэй гэж үзвэл дэмжээд явдаг. Яг энэ зарчмаар л явж байна. Түүнээс биш бид ямар нэг байдлаар татгалзаад буруу, зөв гэсэн зүйл алга. Харж байна.

-Дөнгөж сая /Баасан гарагийн чуулганы нэгдсэн хуралдааны үеэр. Үдээс өмнө/ Төмөр замын салбарт төрөөс баримтлах бодлого. Тэр дундаа шүүмжлэл дагуулж байсан царигийн асуудал эцэслэн шийдэгдлээ.

-Энэ бол их удаан яригдсан асуудал. Ер нь хилийн боомт руу бүх чиглэлээр сэглээд байх нь зөв үү, буруу юу гэж ярьсан.

Тогтвортой удаан хугацаанд эдийн засгийн өсөлтийг хангах, нийгмийн хөгжлийг хурдасгахын тулд томоохон ордуудаа гадаад зах зээлд, ялангуяа далайн боомтоор дамжуулж, гурав дахь зээлд хүргэх арга нь юу вэ гэх мэт олон эрэл хайгуулын дунд яригдаж байгаад Төрөөс төмөр замын салбарт баримтлах бодлогын хүрээндээ урд хөршөөр дамжуулан далайд хүрэх, урд хөршийн зах зээлд гаргах чиглэлээр хамгийн боломжтой тээврийн бодлого явуулах ёстой гэж үзсэн.

Тухайлбал «Таван толгой»-н бүлэг ордоос урагш гарч байгаа нүүрс боомтоор гарахдаа автозамаар гарч байгаа шүү дээ. Ингэхээр жилдээ 21 орчим сая тонн нүүрс олборлож байна. Тонн нүүрсний тээврийн зардал 25 орчим ам.доллар байгаа.

Хэрвээ төмөр замаар тээвэрлэвэл 10 ам.доллар хэмнэнэ гэж үзэж байгаа. Тиймээс бид төмөр замын тэр дундаа төмөр замын тээврийн бодлогыг оновчтой болговол эдийн засагт тогтвортой өсөлт бий болох өргөн боломж байна.

Гэхдээ Сайншанд-Замын-Үүд чиглэлийн нарийн царигаар барих төмөр замын чиглэлийг УИХ дэмжсэнгүй. Харин «Таван толгой»-гоос урагшаа гарч байгаа хэсэг Хөөт гэсэн чиглэлийг бол дэмжлээ.

-УИХ-ын даргын өмнөд хөршид хийх айлчлалаар энэ талаар ил үү дэлгэрэнгүй яригдах байхдаа?

-Нэг зүйлийг ойлгох хэрэгтэй л дээ. Хоёр хөршийн дээд удирдлагуудын хийсэн айлчлалууд ихэд хүлээгдсэн айлчлал байсан. Томоохон асуудлуудыг шийдсэн. Тухайлбал Хятадын даргын айлчлалын хүрээнд шийдэгдсэн нэг том асуудал нь транзит тээврийн хөнгөлөлттэй нөхцлөөр гэрээ байгуулж чадсан явдал шүү дээ.

Түүнийг бүгд л сайн гэрээ боллоо гэж байсан. Харин үүнийгээ хэрхэн ашиглаж, ямар бараа бүтээгдэхүүн, хаа хүртэл яаж тээвэрлэх тухай асуудал нь одоо шийдэгдэж байна. УИХ-ын дарга З.Энхболд БНХАУ-ын парламентын даргын урилгаар айлчлах гэж байна.

Энэ айлчлалын үеэр бүх Хятадын Ардын их хурлын дарга болон БНХАУ-ын даргатай уулзах уулзалтууд байгаа. Энэ хүрээнд яригдаж байгаа нэг сэдэв нь манай транзит тээврийн гэрээг хоёр тал хэрэгжүүлэх явдал. Үүнтэй холбоотой төмөр зам барих ажлыг ямар хэлбэрээр хийх талаар асуудлууд хөндөгдөх байх.

М.Санчир

Эх сурвалж: