sonin.mn

 “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2014 оны 40 дэх дугаар хэвлэгдэн гарлаа. Эмхэтгэлийн шинэ дугаарт Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хууль, Монгол Улсын Засгийн газрын зарим гишүүнийг үүрэгт ажлаас нь чөлөөлөх тухай Улсын Их Хурлын тогтоолыг нийтлэв.

Түүнчлэн энэ дугаарт Хөдөө аж ахуйн давхар даатгалын хуулийн этгээдийг үүсгэн байгуулах тухай Засгийн газрын тогтоолыг нийтлэв. Энэхүү тогтоолоор хөдөө аж ахуйн давхар даатгалын үйл ажиллагааг эрхлэн явуулах үүрэг бүхий “Хөдөө аж ахуйн давхар даатгал” хувьцаат компанийг үүсгэн байгуулж байгаа юм. Мөн Нэмэгдсэн өртгийн албан татварын урамшууллын системийг хөгжүүлэх төслийн нэгжийг байгуулах тухай Засгийн газрын тогтоол нийтлэгдлээ. Дээрх тогтоолоор Нэмэгдсэн өртгийн албан татварын урамшууллын системийг хөгжүүлэх төслийн нэгжийг байгуулж, үйл ажиллагаанд нэн тэргүүнд шаардлагатай байгаа зардлыг гарган санхүүжүүлэхийг холбогдох хүмүүст даалгажээ.

“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн шинэ дугаарт мөн Монгол Улсын 2014 оны төсвийн хэрэгжилтийг хангах зарим арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоолыг нийтлэв. Дээрх тогтоолоор Сангийн сайдад улсын төсвийн хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний санхүүжилтийг банкны урьдчилгаа төлбөрийн баталгаагаар олгохыг зогсоохыг даалгасан бөгөөд Төсвийн бүх шатны эрх захирагч нарт төсвийн орлогын бүрдүүлэлттэй уялдуулан олгосон санхүүжилтийн хүрээнд үйл ажиллагаагаа оновчтой зохион байгуулж, төсвийн сахилга хариуцлагыг өндөржүүлж, өр төлбөр үүсгэхгүй ажиллахыг даалгажээ хэмээн УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.