sonin.mn

Ерөнхий сайд асан Думаагийн Содномтой ярилцлаа.

-Та бидний ярилцлага улс төрийн тогтворгүй цаг үед болж байна. Засгийн газрын тэргүүн бүтэцдээ өөрчлөлт оруулах санал гаргаснаар долоон сайдыг чөлөөлсөн. Дөрвөн сайдыг шинээр томилохоор өргөн мэдүүлсэн ч баталж амжаагүй.

Үндсэндээ энэ тооны сайдгүй яамтай, яамгүй сайдтай ийм нэг цэгцгүй төр засаг болчихоод байна л даа. Энэ бүх үйл явцыг Засгийн газрыг тэргүүлж явсан хүний хувьд та хэрхэн дүгнэж байна вэ?


-Байдлыг харахад түвэгтэй, санаа зовмоор болоод байна. Засгийн газрынхаа бүтцэд өөрчлөлт оруулж, яамдынхаа тоог цөөлж байгааг би хувьдаа зөв гэж харж байгаа. Энэ асуудлыг ярьж эхлэх үеэр ямар өөрчлөлт оруулах талаар өөрийнхөө саналыг бичиж, хэвлэлд нийтлүүлсэн.

Тэр сонин маань хэвлэгддэг өдрийн орой нь УИХ шуурхай хуралдаад асуудлаа шийдчихсэн учраас миний хэлж байсан санал тусгагдаагүй л дээ. Бүтцийн өөрчлөлтөд миний хамгийн ихээр харамсч байгаа гол зүйл нь Эдийн засгийн хөгжлийн яамыг татан буулгасан явдал. Үүнийг би маш буруу шийдвэр боллоо гэж бодож байна. Учир нь манай УИХ, Засгийн газар Монгол Улсаа хөгжүүлэх алсыг харсан бодлого, төлөвлөгөөгүй явдаг.

Үүнээс маш их хохирол гардаг. Дөрвөн жилийн хугацаатай гарч ирсэн УИХ, Засгийн газар энэ хугацаандаа хэрэгжүүлэх иж бүрэн бодлогогүй хөтөлбөр гаргадаг. Үүнийгээ хагас дутуу биелүүлсэн болж байтал өөрчлөгддөг. Энэ бол маш том дутагдал.

Энэ дутагдлыг засах хамгийн зөв гарцыг Эдийн засгийн хөгжлийн яам байгуулсан явдал гэж харж байлаа. Гэтэл энэ яам нь хөгжлийн бодлого төлөвлөгөө боловсруулах үндсэн ажлаа барьж авч чадаагүйгээс болоод татан буугдчихлаа. Энэ онд урд болон хойд хөршийн дарга нар манай улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар айлчилж хамтын ажиллагааны олон ч баримт бичигт гарын үсэг зурлаа.

Манайх хоёр хөрш улстайгаа хамтрахгүйгээр, тэдэнтэйгээ харилцаагаа сайн байлгахгүйгээр хөгжих бололцоо үндсэндээ байхгүй. БНХАУ-ын дарга Си Зинь пин багаа бүрдүүлээд арван жилийн хугацаанд улс орноо удирдах юм билээ. Харин ОХУ-ын Ерөнхийлөгч долоон жилийн хугацаатай сонгогдоод дахин энэ хугацаанд төрийн эрх барьж болдог.

Ингээд үндсэндээ нэг хүн 14 жилээр төрийн эрхийг барина. Өөрөөр хэлбэл, хоёр хөрш маань 10, 14 жил тогтвортой удирдлагатай байхаас гадна аль алинд нь хөгжлийн цэгцтэй хэтийн бодлого төлөвлөгөө бий. Зарим нэг салбартаа 20, 30, 50 жилийн хэтийг харсан төлөвлөгөө бодлоготой юм билээ. Гэтэл манай улсын төр, засгийн удирдлагыг дөнгөж дөрвөн жилийн хугацаатай сонгоод, хэтийг харсан бодлого, төлөвлөгөө байхгүй.

Одоогийн Засгийн газар хоёр жил хүрэхгүй хугацаа болоод өөрчлөгдөнө. Улсын Ерөнхийлөгч маань гурван жил болоод өөрчлөгдөнө. Тэгэхээр хоёр хөрш улсын удирдагчид манайхыг харахдаа “Эднийх байнга өөрчлөгддөг засагтай. Тогтвортой бодлогогүй. Ярьж тохирсон зүйлүүд тууштай хэрэгжих болов уу, үгүй болов уу” гэсэн эргэлзээтэй байж магадгүй.

Өнөөдрийн байдлыг харахад үнэхээр тогтворгүй засаг төртэй Монгол Улс гэдэг л гарч ирэх гээд байна. Хоёр жилийн өмнө баталж бүрдүүлсэн Засгийн газрын бүтэц нь одоо өөрчлөгдөж байна. Сайд нарыг өөрчилж болно. Яамны албан хаагчдыг өөрчилж боломгүй.

Туршлагатай, тогтвортой ажилладаг ажилтантай яам байхгүй бол тогтвортой бодлоготой яам байхгүй болно. Хамгийн гол нь Монгол Улс хөгжлийн тогтворгүй, богино настай төрийн ажилтнуудтай байгаад л би их харамсч сууна даа.

-Н.Алтанхуяг сайд Засгийн газрыг бүрдүүлэхдээ өөрийн намын бүлэг, фракциудад тэнцүү хувь хүртээх зорилгоор яамдынхаа тоог нэмсэн гэх шүүмжлэл одоо ч дагаж байгаа?

-Н.Алтанхуяг тэрийгээ буруу гэж үзээд одоо өөрчилж байна. Энэ өөрчлөлт буруу биш ч нэгдүгээрт, Эдийн засгийн хөгжлийн яамыг татан буулгадаг нь буруу. Хоёрдугаарт, сайд нараа чөлөөлөх, томилоход хугацаа их алдаж байна. Хараад байхад УИХ, Засгийн газар болон намууд маш их маргалдах юм.

Аль нам фракцын хүнийг сайд болгох вэ гээд л албан тушаал, эрх мэдлээ булаацалдан бүх цагаа барж байна. Энэ их цаг хугацаа, хөлс хүчээ зарж байгаа асуудал нь албан тушаал эрх мэдлээ булаацалдахад биш Монголоо ямар аргаар хөгжүүлэх, хөгжлийн төсөл мөн үү биш үү, ямар арга хэмжээ хэрэгжүүлэх бодлого байвал зөв вэ гэх асуудлаар маргаж баймаар.

Гэвч тийм хэлэлцүүлэг харагдахгүй юм. Ингэж хэрэлдэж байхын оронд цаг тулсан асуудал. Жишээлбэл, инфляци, худалдаа төсвийн алдагдал, иргэдийн бодит орлогын бууралт, авлигыг чухам ямар арга замаар бууруулж шийдэж болохыг ярих юмсан.

-Ерөнхий сайдын оруулж ирсэн бүтцийн асуудал их сунжирч байна л даа. Энэ хуулийг оруулж ирэхдээ эхлээд бүтэц, дараа нь бүрэлдэхүүн эцэст нь сайд нарын нэрийг өргөн барьсан.

Сөрөг хүчний зүгээс “Цаг алдаж байна, бүрэлдэхүүнтэйгээ хамт сайд нарынхаа нэрийг оруулж ирдэг байтал салгаж оруулж ирлээ” гэж шүүмжлээд байгаа. Өмнө нь бүтэц бүрэлдэхүүний асуудлыг ямар процессоор шийддэг байсан юм бэ?


-Цаг алдаад байна. Уг нь бүтцээ маш хурдан шийдсэн шүү дээ. Ард иргэдийн санаа бодлыг ч сонсоогүй. УИХ-ын чуулган эхлэнгүүт оруулаад ирсэн, шуурхай шийдсэн. Гэтэл одоо хэнийгээ сайдаар томилох, халах гэдэгт маш их цаг алдаж байна. Ажил цалгардаж байна. Сөрөг хүчин шүүмжлэх нь зөв.

-Ирэх оны улсын төсвийг та хэрхэн дүгнэж байгаа вэ. Улстөрчид бол “Маш муу” гэсэн үнэлгээ өгчихөөд байгаа?

-Энэ оны улсын төсөв хүнд байна. Ирэх оных үндсэндээ хөрөнгө оруулалт хийж чадахгүй төсөв болох нь ойлгомжтой. Нийгмийн арга хэмжээг дордуулахгүй санхүүжүүлэхэд хүрэлцэх эх үүсвэр бүрдэх нь эргэлзээтэй байх шиг байна. Би биечлэн судлаагүй, яриа сонсоход улам тарчиг төсөв болох шиг байна.

Төсвөө арвижуулахын тулд ямар төсөл хэрэгжүүлэх вэ гэдгийг ярьж шийдэх ёстой атал хийхгүй байна л даа. Уг нь энэ төрлийн ажлыг хөгжлийн бодлого боловсруулж байх ёстой Эдийн засгийн хөгжлийн яам хийх ёстой байсан.

Гадаад худалдааны алдагдал багаслаа гэж сүүлийн үед ярих болж. Алдагдал багасч байгаа нь зүгээр ч гадаад худалдааг ашигтай болгох төслийн талаар ерөөсөө ярихгүй улс юм. “Чингис”, “Самурай” бондоор нэлээд их мөнгө босгосон.

Гэтэл энэ мөнгийг төсвөө арвижуулах төсөлд зарцуулахгүй өнгөрөх шиг боллоо. Хөрөнгө оруулалт хийгээд үр ашгийг нь их удалгүй авчрахаар бэлэн сайхан төсөл уг нь байж л байгаа. Тэдгээрийг хэрэгжүүлэхгүй бол дараа жилүүдэд төсөв сайжрахгүй.

-Бондын хөрөнгөөр тухайлбал, ямар төсөл санхүүжүүлэх боломж байсан гэж та харж байна вэ?

-Миний мэдэхийн олон төсөл байгаагаас энд хоёрыг нь дурдаж болж байна. Нэгдүгээрт, Дорноговийн Мандах суманд байгаа Цагаан суваргын зэсийн ордыг ашиглах төсөл хэрэгжиж эхэлсэн. Энэ ордыг ашиглах үйлдвэр нь “Эрдэнэт”-ийн 70 хувьтай тэнцэх хүчин чадалтай уулын баяжуулах үйлдвэр.

“МАК” компани тэнд гол ажлаа эхлүүлчихсэн, тоног төхөөрөмжөө суурийг сонгож захиалаад үндсэндээ цутгачихсан, дэд бүтцээ муугүй бүрдүүлсэн байгаа. Энэ ордыг ашиглалтад оруулахад жаахан дэмжлэг үзүүлж экспортыг 500 орчим сая ам.доллараар нэмэгдүүлэх боломжтой. Энэ төсөлд бондынхоо мөнгөнөөс зээл өгвөл дөрвөн жилд багтаж зээлээ буцаагаад төлчих бүрэн боломжтой төсөл.

Нөгөөх нь Дорноговийн Даланжаргалан суманд сая тоннын цементийн үйлдвэр бариад эхэлчихсэн. Тоногт төхөөрөмж нь газар дээрээ ирчихсэн суурилуулж байна. Тэрэнд багахан хэмжээний зээл, санхүүжилт өгчих хэрэгтэй. Уг нь Засгийн газраас “Энэ үйлдвэрт зээл өг” гэдэг шийдвэр гаргасан. Гэтэл Хөгжлийн банк нь янз бүрийн шалтгаан хэлээд өгөхгүй байсаар дулааны улирал өнгөрч байна.

Энэ үйлдвэр жилдээ 100 орчим сая долларын импортыг хэмнэх, дотоодынхоо цементийн хэрэгцээг бүрэн хангах төсөл юм шүү дээ. Энэ мэтчилэн эдийн засгаа чадваржуулах, гадаад худалдаа, төсвөө тэнцвэржүүлэхэд нэмэр болох төслүүдэд зээлээ зарцуулмаар байхад Засгийн газар болон Эдийн засгийн хөгжлийн яам дутуу анхаарсан байгаа нь харамсмаар.

Бондын хөрөнгийг аймгууд болон хотын замыг сайжруулах ажилд зарцуулах шиг боллоо. Зам барьж байгааг буруу гэж хэлэхгүй. Гэхдээ санхүүжүүлэх эх үүсвэрээ зөв олж чадаагүй шиг санагдаад байгаа юм.

-Ирэх оны төсөв орж ирэхээсээ өгсүүлээд шүүмжлэл дагуулсан. Тухайлбал, Засгийн газар төсөв өргөн барьсныхаа маргааш Ерөнхий сайд бүтцийн өөрчлөлтөө оруулж ирсэн нь багагүй шүүмжлэл дагууллаа.

-Төсөв, бүтцийн өөрчлөлт хоёр уялдах нь зөв. Гэхдээ хэрэлдээд цаг алдаад байгаа нь буруу. Телевизээр харахад аравдугаар сарын 1-нд төсвийн төслөө тараачихаад дараа нь бүтцийн өөрчлөлттэй холбогдож, ямар өөрчлөлт оруулах санал нэмж тараасан шиг байна лээ. Яахав бүтэц, төсөв аль алиныг нь үзэж байгаад баталж таарна.

Ер нь төсөв хүнд байгаатай холбогдуулж миний бодож байгаа зүйл гэвэл ирэх оны төсөвт орлогын шинэ эх үүсвэр орж ирэхгүй. Дээр миний ярьсанчлан сайн төслүүд сонгож олж хэрэгжүүлээд үр дүн гараад төсөв рүү, экспорт руу ирэх онд нэмэлт мөнгө орж ирнэ гэх найдваргүй болсон. Тэгэхээр байгаа жаахан төсвийнхөө эх үүсвэрийг бүрдүүлээд тэр хэмжээндээ л амьдрахаас аргагүй болсон.

Дээрээс нь ирэх жилийн төсөвт дөрвөн төрлийн татвар шинээр бий болгох сураг гарсан. Аж ахуйн нэгжүүд алдагдалтай, үүд хаалгаа барьж байна. Хүмүүсийн амьдрал үнэхээр муудаж, бодит орлого нь буурсан. Ер нь худалдан авах чадвар суларч байгааг таксины жолооч нараас өгсүүлээд ярьж байна шүү дээ.

Захын худалдаачидтай ярьж байхад “Одоо ч наймаа хийх хэцүү болчихлоо доо” гэж байна. Энэ мэтээр аж ахуйн нэгжүүдийн эдийн засаг муудсан, хүмүүсийн орлого багассан байхад татвар нэмэх гэж байгаа бол аюултай. Засгийн газарт итгэх ард иргэдийн итгэл алдрах дээрээ тулаад байхад шинэ татварын дарамт бий болгохыг би аюултай гэж хэлж байгаа юм.

-Засгийн газрын бүтэц нь болохгүй, төсөв нь ч болохгүй эдийн засаг хүндрээд байгаа энэ нөхцөл байдал ер нь хэзээнээс бий болчихов. Энэ хямралт байдал юунаас болоод үүсчихэв?

-Энэ болж бүтэхгүй байгаа бүхний үндэс суурь нь төрийг биш намыг толгой дээрээ гаргасан засаг буюу төрийн буруу тогтолцоо. Одоо улстөрчид нэртэй улс төрийн намуудын удирдлагууд маргалдаж, өрсөлдөн, албан тушаал, эрх мэдлийн төлөө тэмцэж байна.

Ийм тэмцэл хорь гаруй жил үргэлжилсэн. Одоо улам гаарч байна. Одоогийн улс төрийн намын тухай хууль Монгол Улсын Үндсэн хуулийн суурь заалттай зөрчилдөж байгаа. Үүнийг улс төрийн бүх нам анхаарах ёстой. Алс хэтийг харсан бодлого төлөвлөгөөний төсөл боловсруул гэдэг саналыг би МАН-д хэлж байгаа.

Бүр орон тооны нарийн бичгийн дарга гаргаж, ажиллуулах санал ч хэлдэг. Төрийн тогтолцоог боловсронгуй буюу Үндсэн хуульд өөрчлөлт оруулах, парламентыг хоёр танхимтай болгож, Засгийн эрхийг ард түмний мэдэлд өгөх чиглэлээр санаачилга гаргах төслийг би МАН-ын удирдлагад хэлж байгаа. Харамсалтай нь, аль ч нам энэ чухал асуудлыг анхаарахгүй байгаад асуудал байгаа юм.

-Таны хэлж байгаачлан алс хэтээ харсан бодлогогүйн улмаас эрх барьж байгаа намууд эрх мэдлийн хэрүүлээ дуусгаж чадахгүй байна. Гэтэл ирэх жилийн төсөв батлах хугацаа тулчихлаа. Хэдийгээр хуулийн хугацаанд батлах нь тодорхой ч сайтар хэлэлцэх цаг гарахгүй байх шиг?

-Төсвийг батлах нь батална. Харин хэр сайн төсөв батлагдах вэ гэдэг л асуудал болох байх. Сайн л тооцоо судалгаатай хандах хэрэгтэй. 1990 оноос урьд улс даяар нэг намын тогтолцоотой, олон толгой байгаагүй. Эмх цэгцтэй, бодлого нь тодорхой. 20 жилээр Монгол Улсаа хөгжүүлэх бодлоготой явсан юм. Ардчилал хэрэгтэй. Гэхдээ сахилга дэг журамгүй бол ардчилал ямар ч хэрэггүй зүйл болно.

Ийм олон намтай, ардчилал хөгжиж байгаа нь энэ гээд аль ч нам нь хариуцлага хүлээдэггүй. Хамтарч улс орныхоо төлөө санаа нэгдэж чаддаггүй нь гай болж байна шүү дээ. Тиймээс л би төрийнхөө тогтолцоог өөрчил.

Хууль тогтоодог байгууллагынхаа дээд талд ард түмний засаглалыг бий болго гэж хэлээд байгаа юм. Үүнийг шийдэхгүйгээр ойр зуурын хэрүүлээр улс хөгжихгүй. Хорь гаруй жил хэрэлдлээ. Одоо болмоорсон доо.

-Та засаг тэргүүлж байсан хүний хувьд зовлонг нь мэднэ. Одоогийн Ерөнхий сайд Н.Алтанхуяг их л шүүмжлүүлэх юм. Энэ хүний засгаа удирдаж байгаа байдлыг та ер нь хэрхэн үнэлдэг вэ?

-Би Засгийн газрын үйл ажиллагаанд дүгнэлт өгч чадахгүй. Юм хийх гэж оролдоод л байна. Харин юу хийчихсэн бэ гэдгийг нь харахад аймгуудыг замтай болголоо, хотын зам сайхан боллоо.

Гэтэл юу дутаж байна вэ гэдэг тал дээр ярихад улсыг хөгжүүлэх, гаднаас авч байгаа зээлээ үр ашигтай ашиглах тал дээр маш дутагдалтай байна. МАН-ын буюу сөрөг хүчний зөвлөгөөг сонсох тал дээрээ муу байна. Жаахан бодлоготой баймаар байна.

Сайн гэж магтуулаад, өөрсдийгөө хэвлэлээр магтаад байхын оронд шүүмжлэлийг бодитоор тусгаж, түүнийг засч залруулахад анхаармаар санагдана. Н.Алтанхуяг сайдыг саяхан огцруулна гээд 28 гишүүн гарын үсэг зураадахлаа.

Миний санаа зовж байгаа гол зүйл нь огцруулсны дараа юу болох вэ гэдэг л байна. Огцруулсныхаа дараа ямар Ерөнхий сайд тавих гэж байгаагаа зарлаад, өмнөх алдаагаа хэрхэн арилгах тухай ярьж байж шийдэхгүй бол зүгээр огцруулчихдаг, оронд нь асуудлыг хэрхэн шийдэхээ мэдэхгүй хэдэн хүн томилдог байж болохгүй.

Ингэвэл дахиад л үр дүнгүй хоёр жил өнгөрөх болно. Гол нь асуудалд бодитоор хандмаар байна. Миний харж байгаагаар ирэх хоёр жилд бодитой ажил хийчихнэ гэж хүлээгээд хэрэггүй.

Амжихгүй. Магадгүй ямар сайн төсөл байх вэ гэдгийг сонгох, боловсруулах, түүнийхээ ТЭЗҮ-г гаргах ажил хийж магадгүй. Нааштай үр дүн гарна, дорвитой төсөл хэрэгжинэ гэж хүлээх аргагүй болсон байх.

-МАХН-ын дарга Н.Энхбаяр гадаадад эмчлүүлж байгаад ирлээ. Энэ хүн ирсэн даруйдаа АН-ын дарга Н.Алтанхуягтай урт хугацаанд хамтран ажиллах гэрээ байгуулсан. Үүнээс болоод эрх баригч намынхан хүртэл намын даргаа огцруулахаар гарын үсэг цуглуулаад эхэллээ л дээ?

-Би тэр гэрээг интернэтээр бүрэн эхээр нь харсан. Намууд хоорондоо гэрээ энэ тэр байгуулдаг л байх. Гэхдээ МАХН, АН хоёр чинь хоёр тийшээ харсан үзэл баримтлалтай нам шүү дээ. 1990-ээд онд гарч ирж байхдаа энэ хоёр чинь барууны болон зүүний гэсэн эсрэг тэсрэг үзэл баримтлалтай намууд байлаа.

Товчхондоо барууны үзэл баримтлал нь татварыг бага хэмжээнд байлгаад аж ахуйн нэгж, иргэдэд ашиг орлогын дийлэнхийг үлдээгээд хөгжлийн нийгмийн асуудлыг өөрөө шийдэх эрх чөлөө өгөх зарчимтай. Харин зүүний чиглэлийн үзэл баримтлал нь татвар авна, авсан татвараараа нийгмийн асуудлыг төвлөрүүлж шийднэ гэсэн зарчим барьдаг юм билээ.

Ямар ч л байсан зарчмын их зөрүүтэй үзэл баримтлал болох хоёр нам гэрээлээд арван жил хамтрах болж байгаа бололтой. Одоо аль нам нь ямар үзэл баримтлалтай хийгээд тэр үзэл баримтлалаа тууштай баримталдаг эсэх нь ойлгогдохгүй больсон.

Ер нь Монгол Улсынхаа хөгжлийн төлөө хамтарч зүтгэе гэж зорьж байгаа бол би буруу өгөхгүй. Гэтэл гэрээг нь харахад яаж сонгуульд ялах вэ, албан тушаал, эрх мэдлийг хэрхэн хувааж авах вэ, тэрний төлөө яаж тэмцэх вэ гэсэн зүйл л харагдсан.

Уг нь тэр гэрээ нь Монгол Улсынхаа эдийн засаг, нийгмийг ийм замаар хөгжүүлье, ийм төслүүд хэрэгжүүлье гэж бичээд дэлгэрэнгүй хэлээд үүний төлөө хамтраад зүтгэе гэсэн байсан бол сайн байлаа.

-Ярилцлагынхаа төгсгөлд энэ Засгийн газарт юу дутагдаад байгааг асуумаар байна. Хамгийн түрүүнд юу хийх хэрэгтэй вэ, таны бодлоор?

-Монгол Улсын хөгжлийн алсыг харсан цэгцтэй бодлого, ялангуяа үйлдвэрлэл хөгжүүлэх бодлого энэ Засгийн газарт дутагдаад байна. Хамгийн гол дутагдаж байгаа зүйл энэ. Бас сахилга, дэг журам, хариуцлага дутагдаж байна.

Энэ бүхнийг шийдэхийн тулд дахин хэлье, төрийн тогтолцоог өөрчилье. Миний санал бол 300-400 гишүүнтэй байнгын ажиллагаатай. Улсын бага хуралтай, Ерөнхийлөгч нь Засгийн газраа толгойлдог, засгийн бүтэц, бүрэлдэхүүнийг Ерөнхийлөгч нь хариуцаж шийддэг болгочихье.

Өөр арга зам байхгүй. Ардчиллыг дэг журамгүй, эрх, эрх чөлөөг сахилга хариуцлагагүй байдал болтол туйлшруулахаас сэрэмжлэх, болгоомжлох цаг болж байгаа санагдана.

М.Өнөржаргал

Эх сурвалж: