sonin.mn

НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 69 дүгээр чуулганы Гуравдугаар хорооны нэгдсэн хуралдаанаар буюу 10 дугаар сарын 23-ны өдөр Монгол Улсаас санаачлан оруулсан Бичиг үсгийн боловсролын тухай тогтоол нийтийн зөвшилцлөөр санал хураалтгүй батлагдлаа.

Бичиг  үсгийн боловсролыг дээшлүүлэх талаар бүх нийтээр олон арван жил хүчин чармайлт тавьж байгаа боловч өдгөө дэлхий дээр 781 сая насанд хүрэгчид бичиг үсэгт тайлагдаагүй, бага сургуулийн насны 58 сая, дунд сургуулийн насны 63 сая хүүхэд сургуульд хамрагдаж чадахгүй байгаа, бага насны 250 сая хүүхэд бичиг үсгийн боловсрол эзэмших нөхцөл бололцоогоор хангагдахгүй байгааг Ерөнхий Ассамблейн 69 дүгээр чуулганы хэлэлцүүлэгт зориулж гаргасан ЮНЕСКО-гын судалгааны илтгэлд дурджээ. Тиймээс бичиг үсгийн боловсролын асуудлыг олон улс, үндэсний аль аль түвшний хөгжлийн бодлогод тусгаж, улс төр, эдийн засгийн хөшүүргээр дэмжих  хэрэгцээ байсаар байгаа юм.

2015 оноос хойших Тогтвортой хөгжлийн зорилтуудыг тодорхойлох НҮБ-ын Нээлттэй ажлын хэсгийн тайланд дангаар зорилт болж ороод байгаа бичиг үсгийн боловсролын тухай чухал санаачилгаа тууштай үргэлжлүүлж байгаад гишүүн орнууд Монгол Улсад талархалтай хандаж байсан ба тогтоолын төсөлд 81 улс хамтран зохиогчоор орлоо.