sonin.mn

УИХ дахь сөрөг хүчин МАН-ын бүлэг Ерөнхий сайдыг онхолдуулах хуу­лийн төслөө З.Энхболд даргад өргөн мэдүүлээд 10 гаруй хонож байна.

МАН-ын 26 гишүүн дээр “Шударга ёс” эвслийн Л.Цог, АН-ын Ж.Батзандан хоёр нэмэгдэж 28 эрхэм Ерөнхий сайдыг огцруулахаар сэлэм эргүүлсэн билээ. Тэдний түйвээн нэг тийш болоогүй байхад АН-ынхан, “МАХН-тай дур мэдэн хачин жигтэй гэрээ байгуулсан Н.Алтанхуягийг бид нар өөрсдөө зайлуулна.

МАН-ын шаардлага бидэнд пад­лийгүй” хэмээгээд хөөр­хий муу намынхаа дарга, Ерөнхий сайд руугаа бар­хиралдан ноцож эхлэв. Энэ удаа тэдний нэгдэл их л хорлонтой болж, Н.Алтан­хуягийг заавал ч үгүй сэгсэрч хаяхаар шулуудсан бололтой.

АН-ын “ноён жиргээч” М.Зоригт “Ерөнхий сайдыг огцруулах бичигт АН-ын 11 гишүүн гарын үсэг зурсан” хэмээн тайлбарлаж байсан нь саяхны явдал.

Гэтэл хамгийн сүүлд бат­тай эх сурвалжаас авсан мэдээллээр Н.Алтанхуягтай тооцоо бодох эсэргүү ги­шүүний тоо хэдийнэ 15 хүрч дахиад 4-5 ги­шүүн элсүүлж дөнгөвөл Н.Алтан­хуяг сайдын “зам нь шу­луудах”-ад бэлэн болоод байгаа дуулдана.

Аливаа асуудлыг сүр хүч оруулахдаа гарам­гай Г.Баярсайхан ги­шүүн “Ерөн­­хий сайдыг огц­руу­­­лах бичигт АН-ын 15 гишүүн гарын үсэг зурсан” хэмээн чангахан мэдэгдсэн нь асуудал ямархуу өндрөө аваад байгаагийн нотолгоо мөн.

Өнгөрсөн баасан га­рагаас эхлээд хэвлэл мэдээл­лийн­хэн “эсэргүү 15”-ын нэр усыг тодруулахаар дор бүрнээ таамаг дэвшүүлсэн ч тэгтэл их хүчин зүтгэл гаргах хэрэггүй байжээ.

М.Зоригт, Г.Баярсайхан, Р.Бурмаа нараас эхлээд “Н.Алтанхуягийг огцруулах бичигт би гарын үсгээ зурсан” хэмээн шулуухан зарласан эсэр­гүүнүүдтэй зэрэгцээд хө­шигний ард байсан эрх­мүүд тодорхой болов.

АН-ын бусад “Дүлзэн”-гүүд ойрхон байжээ. Тэг­вэл ур­­жигдархан АН-ын “эсэр­­гүү” гишүүдийн нэрс то­дорхой болов. Тэдгээр эсэр­­гүү­нүүдийг дурьдвал

1. М.Зоригт
2. Г.Баярсайхан
3. Р.Бурмаа
4. Р.Амаржаргал
5. Х.Баттулга
6. С.Одонтуяа
7. А.Бакей
8. Л.Эрдэнэчимэг
9. М.Батчимэг
10. Л.Болд
11. Б.Болор
12. Г.Батхүү
13. Б.Наранхүү
14. Д.Ганбат
15. С.Ганбаатар нарын нэрс тодорчээ.

Хэдийгээр ганц хоёр хүний нэрийн ард анхаарлын тэмдэг зурайж байгаа ч ерөнхийдөө баталгаатай гэд­­­гийг АН дахь эх сур­валжууд баталж байгаа аж. Ганц хоёр гишүүний нэр эргэлзээ төрүүлж байгаа ч өнөөдөр тодорхой болох нь ойлгомжтой юм.

Харин АН-ын эсэргүү гишүүдийн дунд “Тоон доторх үсэг шиг” нэгэн эрхмийн нэр дурайж бай­гаа нь УИХ дахь бие даагчдын зөвлөлийн дарга С.Ганбаатарын нэр юм. Уг нь түүний нэрийг МАН-аас өргөн барьсан бичигт дурьдсан байсан ч гарын үсгээ зураагүй байсан.

Харин энэ удаа АН-ынхантай нэгд­сэн нь тодорхой болжээ. Эдийн засгийн өнөөгийн хүндрэл, олон түмний бу­химдал түүнийг ийм алхам хийхэд ч хүргэсэн болов уу. Өөр нэг анхаарал та­тах хүн бол УИХ-ын дарга З.Энхболд. Түүнийг засгийг огцруулахын төлөө байгаа гэсэн мэдээлэл эртнээс л тарсан.

Гэвч тэрбээр одоо­хон­доо гарын үсэг зураагүй бололтой. Гэх­дээ энэ долоо хоногт эсэр­гүүнүүдтэй нэг­­дэхээр шазуураа зуус­хийж ч явж мэдэх л юм. Хуу­лиараа 19 гишүүн болж байж асуудлыг УИХ-д өргөн мэдүүлнэ. Ийм болоход да­хиад 4-5 гишүүний дэмж­лэг шаард­лагатай болно.

Ирэх долоо хоногийн гурав дахь өдөр асуудлыг хэлэлцэж эхэлнэ. Харин тэр үед эрх баригч АН-ынхан дахин завсарлага авч золигтохгүй бол тун ха­луухан үйл явдлууд өрнөх нь тодорхой болж байна. Монголын улстөр өө гэж.

Д.Түвшин

Эх сурвалж: