sonin.mn

Шүүхийн ерөнхий зөвлөлийн Санхүү хөрөнгө оруулалтын газрын дарга Л.Баяраагаас шүүхийн төсөв, эдийн засгийн баталгааны талаар тодруулга авлаа.

-Монгол Улсын Үндсэн хуулийн 48 дугаар зүйлийн 3-т “Шүүх улсын төсвөөс санхүүжнэ. Шүүх үйл ажиллагаагаа явуулах эдийн засгийн баталгаагтөр хангана” гэсэн заалт хэрэгжиж байна уу?

-Шүүхийн үйл ажиллагааны эдийн засгийн баталгааг эдийн засгийн утгаар нь “хангалттай” гэсэн ойлголт юм. Одоо шүүхийн төсөв хангалттай биш байна. Нэг тоосго ч авах хориотой. Олон шүүх байргүй байгаа өнөөгийн нөхцөл байдлаас үзэхэд Үндсэн хуулийн дээрх заалт хэрэгжихгүй байна.

-Төсвөө Шүүхийн ерөнхий зөвлөл шууд өргөн мэдүүлдэг болсон юм биш үү?

-Тийм заалтууд Шүүхийн тухай хууль, Шүүхийн захиргааны тухай хуульд бий. Энэ нь шүүхийн бие даасан, шүүгчийн хараат бус байдлыг хангахад чиглэсэн зайлшгүй хийгдвэл зохих чухал бодпого учир хуулиар баталгаажуулсан нь сайн эхлэл.

Харамсалтай нь цааш нь хэрхэн хэрэгжүүлэх процесс нь байхгүй учраас тунхаг болон үлдээд байна. Дутуу дулимаг, ойлгомжгүй асуудал цөөнгүй байна.

Шүүхийн ерөнхий зөвлөл нь хууль санаачлагч биш учир энэ асуудлыг шийдвэрлэх хэмжээний эрх зүйн зохицуулалт тусгасан хууль санаачлан Улсын Их Хуралд шууд өргөн мэдүүлэх боломжгүй. Тэгэхээр Улсын Их Хурал нь хууль санаачлагчийнхаа буюу Засгийн газрын өргөн барьсан төсвийг хэлэлцээд явж байна.

Иймд шүүхийн төсөв Засгийн газраас шууд хараат хэвээр байсаар байна. Шүүхийн ерөнхий зөвлөлөөс бодит байдал, хэрэгцээ шаардлагад нийцүүлж хийсэн төсвийн төслийг гүйцэтгэх эрх мэдлийн байгууллага хасна, танана, үнэлнэ гээд бодож хийсэн төсвийг маань ёстой юу ч биш болгоно доо.

Харин Улсын Их Хурал өнгөрсөн жил шүүхийн урсгал төсвийг Засгийн газраас өргөн барьснаас 15 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлж тогтоосон нь том алхам болсон.

-Шүүхийн материаллаг бааз үнэхээр хоцорсон нь харагддаг?

-Энэ үнэн. Цаашид ч ийм байх дүр зураг ажиглагдаж байна. Шүүхийн 2014 оны хөрөнгө оруулалт “00”, 2015 онд ч бас “00” болж байх шиг байна.

Сүүлийн жилүүдэд буюу 2006 оноос хойш Дэлхийн банкны санхүүжилтээр дөрвөн шүүхийн байрыгшинээрбарьж, долоон шүүхийн байранд засвар үйлчилгээ, өргөтгөлийн ажлыг 3.6 тэрбум төгрөгөөр хийсэн гээд улсын төсвийн хөрөнгө оруулалттай нь харьцуулаад яривал үнэхээр санаа зовмоор дүр зураг харагдах биз.

Өөрийн байргүйгээс гадна шүүхээс өөр байгууллагатай буюу прокурор, тухайн аймгийн ЗДТГ-тай хамтран нэг байранд байрладаг шүүхүүд нэлээд байна. Энэ нь “шүүхийн байранд шүүн таслах ажиллагаанаас өөр үйл ажиллагаа явуулахыг хориглоно” гэсэн хуулийн заалтыг зөрчиж байна гэж үзэж болно.

Гэтэл нийслэлийн бүх дүүргүүд, агентлагууд сайхан байртай боллоо. Тэдний хуучин, нураах гэсэн байруудаас шүүхийн ажлыг явуулах зайлшгүй шаардлагаас болж байруудыг нь гуйж түр эзэмшиж байна.

Тухайлбал, Хан-Уул, Сүхбаатар дүүргийн хуучин байруудын тодорхой хэсгүүд гээд. Ингээд харахад шүүхийн материаллаг бааз гэж ярихад ч төвөгтэй.

-Шүүхийн эдийн засгийн баталгааны талаар өөр нэмж хэлэх зүйл байна уу?

-Цол дагаж бяр гэж монголчууд ярьдаг. Харин Монгол Улсын Үндсэн хуулийн дагуу хууль тогтоох, гүйцэтгэх засаглалтай эрх мэдлийн хувьд адил, хяналт тавих түвшинд ажилладаг шүүх эрх мэдлийг юу дагав, юуг шинэчлэв, засаглалын тэнцвэр хэрхэн хангагдаж байна гэдгийг дор бүрнээ бодох биз ээ.

Б.Нямтуяа

Эх сурвалж: