sonin.mn

Монгол Улсын Сонгуулийн Ерөнхий Хорооны дарга Ч.Содномцэрэн, ХБНГУ-ын Холбооны сонгуулийн байгууллагын дарга  Родерих Эгелер нар өнөөдөр Харилцан ойлголцлын Санамж бичигт гарын үсэг зурлаа.

Санамж бичгийн дагуу хоёр байгууллага  сонгуулийн хууль түүний хэрэгжилт, нэмэлт өөрчлөлттэй холбоотой болон сонгуулийн статистик тоон мэдээлэл, туршлага солилцох  зэрэг 9 чиглэлээр хамтран ажиллахаар тохиролцов.

ХБНГУ-ын Холбооны сонгуулийн байгууллага нь олон улсын сонгуулийн байгууллагуудтай хамтран ажилладаг хэдий ч анх удаа энэхүү түншийн түвшинд Монгол Улсын сонгуулийн төв байгууллагатай Санамж бичиг байгуулж байна. Энэ бол бусад орны сонгуулийн байгууллагатай хамтран ажиллахад үлгэр жишээ болно гэж үзэж байгаагаа ноён Родерих Эгелер онцлон тэмдэглэв.

Өмнө нь Монгол Улсын сонгуулийн талаар Засгийн газартаа тайлагнахдаа, Монгол Улс сонгуулийн цахим хэрэгсэл ашиглахын сацуу саналын хуудсаа гараар  тооллох боломжтой нь төгс төгөлдөр, боловсронгуй арга хэмээн үзэж байгаагаа илэрхийлсэн гэж  тэрээр  мэдэгдлээ.

Санамж бичигт гарын үсэг зурах арга хэмжээний үеэр ХБНГУ-ын Холбооны сонгуулийн байгууллагын дарга Родерих Эгелер Монгол Улсын Сонгуулийн Ерөнхий Хорооны дарга Ч.Содномцэрэнд ХБНГУ-ын Гадаад явдлын яамны сайдын мэндчилгээг уламжиллаа. Мөн тэрээр Монгол Улсын Сонгуулийн Ерөнхий Хорооны даргыг ХБНГУ-д айлчлахыг урив гэж СЕХ-ны хэвлэл, мэдээллийн төлөөлөгч  мэдээлэв.