sonin.mn

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг танд

Би 82 настай, гэр бүл хөгшин маань 70 настай, ам бүл хоёулаа амьдардаг. Бид энэ өнгөрсөн зун хүргэн, охин, 1-12 насны гурван хүүхдийн хамт Архангай аймгийн Хашаат сумын Номгон багт айлд очсон юм.

Гэтэл дөнгөж очоод байтал байгалийн онц ноцтой аюул болж тэр айлын, хоёр давхар дүнзэн байшин, мөн том хэмжээний банзан байшингийн хамт хэдхэн секундийн дотор нурж алга болж, гадаа байсан гурван машин, гадуур байсан адуу, үхэр, хонь, ямааг хийсгэж, таван км газарт шидэж үзэх юмгүй болгосныг нүдээрээ харсан.

БЗД-ийн иргэн нэг сайхан залуу нас барж, арван нэгэн хүн хөл, гар нь хугарч маш хүнд гэмтэцгээсэн. Утсаар хэл мэдээ өгсний хүчинд Хашаат сумын засаг дарга, ИТХ-ын дарга түргэн тусламжтай ирж өөрийн харьяат хүмүүсээ аваад явсан.

Харин биднийг Булган аймгийн Рашаант сумын түргэн тусламж ирж аваачин эмнэлэг дээрээ эмчилгээ хийж хонуулаад долдугаар сарын 27-ны өдөр Улаанбаатар хотод гэмтлийн эмнэлэгт авчирсан.

Одоо биднийг харж хандах газар байхгүй. Зөвхөн эмнэлэг болон гэр гэртээ өвчиндөө шаналсаар байж байна. Хүргэн, охин хоёрыг наад зах нь зургаан сар болтол хөдөлмөр хийх боломжгүй гэж эмч нар нь хэлсэн байна.

Байгалийн ийм гэнэтийн онц ноцтой гамшигт өртсөн иргэддээ ямар хэлбэр ээр тусалдаг юм бэ? Тийм журам байдаг, энэрэл хайр үзүүлдэг бол бидэнд туслаач гэж гуйя. Бүхэл бүтэн нэг айл үр хүүхдүүдийн хамт бүр мөсөн амьдралгүй боллоо.

ХУД-ийн 15 дугаар хороо Рапид харш 3-138 тоот.

Өндөр настан Д.Авирмэд 91882977, 88031854