sonin.mn

УИХ дахь “Шударга ёс” эвслийн бүлгийн өнөөдрийн хуралдаанаар 2015 оны төсөв, төсвийн хуулийг дагаж өргөн мэдүүлсэн зарим хуулиуд болон Соёлын тухай хууль нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаар хэлэлцжээ.

Бүлгийн дарга Н.Батцэрэг “Аж ахуйн орлогын албан татварын хуулинд нэмэлт өөрчлөлт оруулах, жилийн борлуулалтын орлого нь 1.5 тэрбум төгрөгөөс доош орлоготой компаниудад, аж ахуйн нэгжийн орлогын 90 хувийг буцааж өгөх тухай асуудлыг дэмжиж байгаа. 2015 оны төсөв дээр концефцийн шинж чанартай томоохон өөрчлөлт бол хөрөнгө оруулалт зардлыг үнийн дүнгээр нь батлаад орон нутагт нь өгөх юм.

Орон нутаг нь хуралдаад тухайн аймгийнхаа салбарууддаа өөрсдийнхөө хөрөнгө оруулалтын жагсаалтыг баталдаг байхыг дэмжсэн. Цалин тэтгэвэрийг 25-30 хувь нэмэгдүүлэх ёстой гэж үзэж байгаа. Түүнчлэн хүүхдийн 20 мянган төгрөгийг үргэлжлүүлэн олгох ёстой” гэв.

Мөн бүлгийн зүгээс, Соёлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөлд МҮОНРТ болон арилжааны телевизүүдийн эфирт гарч байгаа уран сайхны хөтөлбөрийн хувь хэмжээн дотор уламжлал, түүх соёлоо илүү түлхүү тусгах шаардлагатай. Ялангуяа хүүхдэд зориулсан нэвтрүүлгийн нийт цагийн 60-аас доошгүй хувийг үндэсний хэв шинж агуулсан нийтлэл нэвтрүүлэг эзлэх ёстой гэсэн санал гаргаж байгаа аж.

Ч.Ариунболд

Эх сурвалж: