sonin.mn

2013 онд Баянхонгор, Дундговь, Дорноговь аймгууд болон Замын-Үүдийг нийслэлтэй автозамаар холбосон бол энэ онд Өмнөговь, Сүхбаатар, Хөвсгөл аймгуудын замыг ашиглалтад оруулна.

Сүхбаатар аймгийн замын хөдөлгөөнийг нээсэн, Хөвсгөлийн замын хатуу хучилтыг энэ долоо хоногт дуусгана. Харин Дорнодын чиглэлд 90 км автозамын өмнөх гүйцэтгэгч "Насны зам" компанитай хийсэн гэрээг цуцалж, өөр гүйцэтгэгч сонгох болсонтой холбоотойгоор барилгын ажлыг ирэх онд гүйцээхээр хойшлуулсан.

Сүүлийн 2 жилийн дотор 2500 км автозам барьсны 1300 нь дээрх 6 аймаг, Замын-Үүдийг нийслэлтэй холбосон автозам, үлдсэн 1200 км нь ирэх жилүүдэд холбогдох бусад аймгийн болон баруун бүсийн босоо тэнхлэгийн автозам юм гэж "Бүтээн байгуулалтын цаг" уулзалтын үеэр Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын дэд сайд Х.Ержан хэллээ.

2012-2014 онд нийслэлд 80 км зам шинээр барьж, 145 км замыг өргөтгөн шинэчилсэн нь ойрын үед хийгдээгүй бүтээн байгуулалт боллоо. Үүний зэрэгцээ олон гудамж, талбай, гүүрийг шинэчилсэн. Өнөөдөр гэхэд Бээжингийн гудамжны зорчих хөдөлгөөнийг нээлээ гэж Нийслэлийн Автозамын газрын дарга Д.Нанзаддорж танилцууллаа.

Ухаахудаг-Гашуунсухайт чиглэлийн 225 км төмөр замын суурь бүтцийн барилгын ажил 47 хувийн гүйцэтгэлтэй байна. Төмөр замын дагуух 5 өртөө зөрлөг, ажилчдын орон сууц, засварын төв, захиргааны барилга байгууламжууд, тэдгээрийн цахилгаан эрчим хүчний хангамжийн нарийвчилсан зураг төслийг энэ онд гаргаж дуусгана.

Төмөр замын дохиолол холбооны системийн зураг төсөл боловсруулах, тоног төхөөрөмж нийлүүлэх гүйцэтгэгчтэй энэ ондоо багтаан гэрээ байгуулна.  2015 оны 5 дугаар сард газар шорооны ажлыг дуусгаж, бүтээн байгуулалтын ажлыг эрчимжүүлнэ гэж “Монголын төмөр зам” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал П.Батсайхан хэллээ.

Харин зүүн чиглэлийн буюу Тавантолгой-Сайншанд-Хөөт-Чойбалсан-Эрээнцав-Бичигт чиглэлийн нийт 1506 км төмөр замын зураг төслийг гаргаад, одоо тендерийн бичиг баримт боловсруулж байгаа юм.

2013 оны 6 дугаар сард ажлыг нь эхлүүлсэн Хөшигийн хөндий дэх нисэх онгоцны шинэ буудлын бүтээн босголт 25 хувийн гүйцэтгэлтэй байна. Оффис, 1200 ажилчдын амьдрах байр, худаг, халаалтын зуух, цэвэрлэх байгууламж зэргийг байгуулж тохижуулсны зэрэгцээ бетон зуурмаг бэлтгэх 3 үйлдвэр, лабораторийн байр барьж, тоног төхөөрөмжийг угсраад байна.

Гэрээ ёсоор онгоцны буудлыг 2016 оны 12 дугаар сард ашиглалтад оруулна гэж Улаанбаатар хотын олон улсын нисэх онгоцны шинэ буудал барих төслийн зохицуулагч Н.Энхбат хэллээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.