sonin.mn

Дэлхий дахинд:

  Эбола вируст халдвар дэлхийн 9 улсад албан ёсоор бүртгэгдлээ

2014 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн байдлаар дэлхийн 9 улсад Эбола вируст халдварын 10208 тохиолдол бүртгэгдэж, 4971 хүн нас барсан байна. Үүнд:

 • Эрчимтэй тархалттай болон нэг болон цөөн тохиолдол бүртгэгдэж буй Гвиней, Либери, Сьерро-Леон, Нигер, Сенегал, Испани, АНУ, Мали зэрэг 8 улсад нийт 10141 тохиолдол бүртгэгдэж, 4922 (49%) хүн нас барсан.

 • Тусдаа өвчний дэгдэлт бүртгэгдэж буй БНАКУ-д 67 тохиолдол бүртгэгдэж, 48 хүн нас барсан байна.

 • 10 дугаар сарын 19-ний өдрөөс хойш 206 шинэ тохиолдлоор, нас баралт 45 хүнээр нэмэгдсэн байна.

 • Нийт 450 эрүүл мэндийн ажилтан өвчилж, 244 хүн нас барсан бөгөөд энэ нь нийт өвчлөлийн дунд 4.4 хувийг эзэлж байна.

  Мали улсад Эбола вируст халдварын анхны тохиолдол бүртгэгдлээ

Мали улсад Эбола вируст халдварын анхны тохиолдол бүртгэгдсэнийг ДЭМБ-аас албан ёсоор мэдээллээ. Уг халдвар нь хоёр настай охиноос илэрсэн бөгөөд тэрээр саяхан эмэг эхийн хамт Гвиней улсаас Малид иржээ. Охины биед өвчний шинж тэмдэг илрэх үед буюу 10 дугаар сарын 20-ны өдөр Kayes хотын эмнэлэгт хандсан байна. Kayes муж нь 128.000 хүн амтай. Нийслэл Бамако хотоос 600 км-т оршдог бөгөөд Мали болон Сенегалын хил дээр оршдог. Өвчтөний эмэг эх нь Өмнөд Гвинейн Kissidougou тосгонд хүүхдийн ээжийн оршуулганд оролцсон байна. Хэвлэлийн мэдээллээр хүүхдийн ээжийг нас барахын өмнө Эболатай төстэй шинж тэмдэгтэй байсан гэдгийг баталгаажуулж байгаа юм. 10 дугаар сарын 19-ний өдөр эмэг эх нь хүүхдийг асрахаар Гвинейгээс Мали руу авч явах үед хамраас нь цус гарч, эмнэлзүйн шинж тэмдэг илэрч эхэлжээ.

Одоогийн байдлаар өвчтөний ойрын хавьтлын 43 хүнийг илрүүлсэн бөгөөд үүнээс 10 гаруй нь эмч, эмнэлгийн ажилтнууд байна.

  АНУ-д Эбола вируст халдварын 4 дэх тохиолдол бүртгэгдлээ

Гвиней улсад ажиллаж байсан сайн дурын ажилтан Эбола вируст халдвараар өвчилсөн тухай ДЭМБ-аас мэдээлж байна. Тэрээр 10 дугаар сарын 17-ны өдөр Гвиней улсаас АНУ-ын Нью-Йорк хотод иржээ. Нислэгийн хугацаанд эмнэлзүйн шинж тэмдэг илрээгүй хэдий ч 10 дугаар сарын 23-ны өдөр халуурч эхэлсэн бөгөөд Нью-Йорк хотын Bellevue эмнэлэгт тусгаарлагдан эмчлэгдэж байна.

 Эх сурвалж: ДЭМБ

  Хүн амд зориулсан сэрэмжлүүлэг:

 • Өвчин бүртгэгдэж буй улс орнуудад онцгой шаардлага гарахгүй бол аялал жуулчлал, албан болон хувийн ажлаар зорчихгүй байх

 • Зайлшгүй шаардлагаар дээрх бүс нутгийн улс орнуудад очих тохиолдолд:

 o Халдвар авсан байж болзошгүй хүний цус, биеийн бусад шингэнд хүрэлцэхгүй байх;

 o Гараа савандаж угааж хэвших;

 o Тохиолдлын бэлгийн хавьталд орохгүй байх;

 o Үхсэн болон өвчтэй зэрлэг амьтны эд эрхтэн, сэг зэмээр оролдохгүй байх;

 o Арьс, салстаа гэмтээхгүй байх;

 o Түүхий болон дутуу болгосон хүнс хэрэглэхгүй байх;

 o Өвчтэй байж болзошгүй хүний хэрэглэсэн болон хүрсэн эд зүйлс нэн ялангуяа цусаар бохирлогдсон зүү тариур зэрэгт хүрэхгүй байх.

  • Шаардлагатай тохиолдолд таны эрүүл мэндийг хамгаалах, урьдчилан сэргийлэх зорилгоор ашигладаг тул өөрийн орны хилээр болон зорчин яваа гадны улс орны хилээр нэвтрэхэд бөглөдөг маягт буюу “health declaration” болон орох, гарах хуудас дахь (arrival/departure card) гэрийн хаяг, буух буудал, байрлах байр, холбоо барих хувь хүн/албан байгууллагын хаяг, утасны дугаарыг үнэн зөв алдаа мадаггүй бөглөх.

  • Дэгдэлт гарсан бүс нутгаас ирсэн зорчигчдын хувьд ирснээс хойш 3 долоо хоногийн дотор халуурах, ядрах сульдах, булчингаар өвдөх, бөөлжих, суулгах, арьсаар туурах, цус алдах зэрэг шинж тэмдгүүд илэрсэн тохиолдолд Халдварт өвчин судлалын үндэсний төвд (100 тоот утас болон хүлээн авах) яаралтай хандахыг зөвлөж байна.

  Шуурхай удирдлагын төв