sonin.mn

Хууль зүйн салбарын шинэчлэлийн бодлогын хүрээнд Хилийн боомтын тухай хуулийн дагуу улсын хилээр зорчигч, тээврийн хэрэгсэлийг шалган нэвтрүүлэх чиг үүргийг Иргэний харьяалал Шилжилт хөдөлгөөний ерөнхий газар гүйцэтгэх болсон билээ.

Ингээд энэ оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн шинэ бүтэц, бүрэлдхүүн чиг үүрэг, зохион байгуулалтаар ажиллаж эхэлсэн.Үүнтэй холбоотойгоор дагаж мөрдөх 21 журам, дүрмийг батлуулаад байна.

Мэргэжлийн үйл ажиллагааг чиг үүргийн дагуу өдөр тутам тасралтгүй биелүүлэх хугацаанд иргэд олон нийт рүү хандан явуулсан томоохон ажлуудыг давхар хийсэн. 4-9 дүгээр сард нийт 90 удаа мэдээ, мэдээлэл, ярилцлагыг телевиз,радио ,сонин, цахим хуудсаар гаргасан.

Мөн Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газрын алба хаагчид “Авлига, ашиг сонирхлын зөрчлөөс ангид байцгаая” аяныг 2014 оны 8 дугаар сарын 1-нээс 10 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл зарлаад байна. “Эзэн-100” эдийн засгийг эрчимжүүлэх 100 хоногийн хүрээнд 42 орны иргэдэд 2014-2015 онд визгүй зорчих шийдвэр гарсан талаар дэлгэрэнгүй мэдээлэл түгээсэн.

ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путины ажлын айлчлалын хүрээнд Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газар, ОХУ-ын Холбооны шилжилт хөдөлгөөний алба хооронд “Харилцан ойлголцлын санамж бичиг”-ийг үзэглэлээ.

Тэгвэл хууль тогтоомжийг олон нийтэд сурталчлах чиглэлээр 2014 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр Хууль зүйн яамнаас зохион байгуулсан “Нээлттэй өдөрлөг”-ийн арга хэмжээнд 33 алба хаагчийн бүрэлдхүүнтэй оролцож иргэд, үйлчлүүлэгчдэд зорчигч, тээврийн хэрэгслийн улсын хилээр нэвтэрсэн тухай лавлагаа, иргэний харьяаллын талаар лавлагаа, виз, бүртгэл, оршин суух зөвшөөрөл, зөрчил арилгах чиглэлээр газар дээр нь үйлчилгээ үзүүллээ.

Монгол Улс дахь гадаад шилжилт хөдөлгөөн, түүний тулгамдсан зарим асуудлыг шийдвэрлэх арга зам сэдэвт онол-практикийн бага хурлыг нээлттэй зохион байгууллаа.

Хурлаар гадаад шилжилт хөдөлгөөнд хамаарал бүхий байгууллага хоорондын үйл ажиллагааны уялдаа холбоог дээшлүүлэх, тулгамдсан асуудлыг хамтран хэлэлцэх, харилцан ойлголцлыг бий болгох зорилго тавьсан бөгөөд Гадаад харилцааны яам, Хөдөлмөрийн яам, Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, Хууль зүйн яам, түүний харьяа байгууллагууд, Гаалийн ерөнхий газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Хүний эрхийн үндэсний комисс, их дээд сургуулиудын эрдэмтэн, судлаачид, аж ахуйн нэгж байгууллагууд тус тус оролцлоо.

Байгууллагын цахим хуудсыг шинэчиллээ. Иргэдийг эрх зүйн мэдээлэл болон байгууллагаас үзүүлж буй үйлчилгээ, мэдээлэл, зөвлөгөө өгөх зорилгоор үйлчилгээний зааланд “Лавлагаа мэдээллийн төв” ажиллуулж байна. Гуравдугаар улирлын байдлаар тус төвд биечлэн-508 иргэн, утсаар-736 иргэн, нийт 1244 иргэн хандаж зөвлөгөө мэдээлэл авсан байна.

Ачаалал нэмэгддэг зуны улиралд дэлхийн жишигт нийцсэн эргүүлийн үйлчилгээг /Immigration patrol/ газар дээр нь үзүүлж ажилласан. Эргүүлүүд гадаадын иргэдийн бичиг баримтыг шалгаж, хуулийн хэрэгжилтийг хангуулж, зөвлөгөө, мэдээлэл өгөхөөс гадна өөрийн орны иргэн, аж ахуйн нэгж, байгууллагуудын сонирхсон асуултад хариулт өгч, санал хүсэлт, гомдол хүлээн авч ажилласан байна.

Иргэний харьяалал шилжилт хөдөлгөөний ерөнхий газар