sonin.mn

ТУНИС. /ITAR-TASS/. 2011 оны “Мэлрэг цэцгийн хувьсгал”-ын дараа Тунист анх удаа парламентын сонгууль боллоо. Орон нутгийн цагаар 19 цаг 30 минутын байдлаар сонгогчдын ирц 59,99 хувь байсан байна.

Тунисын Сонгуулийн төв хорооноос танилцуулсан мэдээллээр, нийслэл хотын зэргэлдээ оршдог Бен Арус мужийн оршин суугчид сонгуульд хамгийн идэвхтэй оролцжээ. Тус мужид сонгогчдын ирц 70 хувьтай байсан байна. Харин Сиди-Бузид мужийн оршин суугчид хамгийн идэвхгүй оролцжээ.

2010 оны сүүлээр ард олны бослого хөдөлгөөн эхэлж, улмаар "Арабын хавар" хувьсгал гарахад хүргэж байсан тус мужийн ирцийн үзүүлэлт 48 хувьтай гарсан байна.

Орон нутгийн цагаар 07:00 цагт санал хураах хэсгүүд нээгдэх үед хэдийн урт дараалал үүссэн байжээ.

Хамгийн түрүүнд саналаа өгөхөөр ирсэн хүмүүсийн дотор “Нидаа Тунис” намын тэргүүн Бежи Каид Себси байв. Тэрбээр лалын шашинтнуудын “Ан-Нахда” намын гол өрсөлдөгчид тооцогдож байгаа юм.

“Ан-Нахда” намын тэргүүн Рашид Ганнуши гэр бүлийн гишүүдийн хамт саналаа өгөхөөр иржээ.

Хэдийгээр асан олон хүн цугласан боловч сонгууль тайван болж өнгөрчээ. Цагдаагийн албан хаагчид, Үндэсний гвардийнхан болон цэргийн албан хаагчид сонгуулийн хэсгүүдийн аюулгүй байдлыг хангасан байна. Сонгуулийн үеэр хүчний байгууллагуудын нийтдээ 80 мянга орчим ажилтан ажиллажээ.

217 суудал бүхий Тунисын Ард түмний төлөөлөгчдийн ассамблейн депутатуудыг сонгох сонгуульд 5,3 сая сонгогч саналаа өгөхөөр бүртгүүлсан байна. 2014 онд явуулсан хүн амын тооллогын дүнгээс үзвэл, тус улсын хүн ам 10,9 сая болжээ.

Д.Жаргал

Эх сурвалж: