sonin.mn

УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат өчигдөр ээлжит мэдээллээ хийв. Тэрбээр мэдээллийнхээ эхэнд УИХ дахь АН-ын бүлгийн өчигдрийн хуралдаанаар хоёр асуудал хэлэлцсэн тухай дуулгав.

Өнгөрсөн долоо хоногт өрнөсөн үйл явдалтай холбогдуулан Ерөнхий сайд Н.Алтанхуягаас мэдээлэл сонссон байна.

Харин Д.Эрдэнбат даргын мэдэгдсэнээр Ерөнхий сайд Н.Алтанхуяг болон МАХН-ын дарга Н.Энхбаяр нарын гарын үсгийг хуурамчаар үйлдэн олон нийтэд тараасан хэргийн буруутнаар МАН-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албаны дарга асан Н.Дэмбэрэл тодорч, АН-ын бүлгийн хуралдаанаар энэ асуудалд хуулийн хариуцлага оногдуулах ёстой гэдгийг хэлэлцжээ. Үүний дараа тэрбээр дараах асуултад хариулсан юм.


-Ерөнхий сайдыг огц­­руулахаар АН-ын нэр бүхий арван хэдэн ги­шүүн гарын үсэг зурсан та­лаар шуугиж байна. Энэ асуудлын талаар бүл­гийнхээ хурал дээр ярилц­сан уу?

-Манай намын 15 ги­шүүн Ерөнхий сайд Н.Алтан­­­хуягийг огцруу­ла­хаар гарын үсгээ зуржээ гэх мэдээлэл хэвлэл мэ­дээл­­­лийн хэрэгслээр тараад бай­гаа.

Тодруулбал УИХ-ын гишүүн С.Одонтуяа, М.Зоригт, Г.Баярсайхан, Р.Бурмаа, Р.Амаржаргал, Х.Бат­тулга, А.Бакей, Л.Эрдэнэ­­чимэг, М.Бат­чимэг, Л.Болд, Б.Болор, Г.Батхүү, Б.Наранхүү, Д.Ган­бат нарын нэрс дурь­дагд­сан. Тэгвэл бүлгийн хурал­дааны үеэр УИХ-ын гишүүн Ц.Болор “Би гарын үсэг зураагүй.

Зураагүй байхад зурсан гээд бичсэн байгааг шалгаж өгнө үү” гэдэг хүсэлтийг бүлгийн даргад тавьснаар энэ талаар хэлэлцсэн. Ер нь хэвлэл мэдээллийн хэ­рэгслүүд мэдээллийн үнэн бодит байдал, хүний нэр хүндийн асуудалд ихээхэн бодитой хандаж ёс зүйтэй ажиллах шаардлагатай байна.

Ор үндэсгүй мэдээ­лэл цацаж хүний нэр төрд халддаг байдалдаа мэ­дээллийн хэрэгслүүд онцгой анхаарал хандуулах цаг болсон нь Ц.Болор гишүүний дээрх гомдлоос тодорхой харагдаж байна. Сүүлийн үед тарж байгаа зохион байгуулалттай, ху­дал мэдээллүүдийг зайлш­гүй анхааралдаа авах шаардлагатайг бүлэг дээр ярилцсан.

-Бондын үлдэгдэл мөн­гийг босгох талаар яригдсан сурагтай. УИХ дахь сөрөг хүчинтэй зөв­шил­­цөлгүйгээр Монгол Улсын өрийн хэмжээг нэ­мээд явах бо­ломж­той юу. Энэ талаар тодорхой тайлбар өгөхгүй юу?

-Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийг УИХ-ын гишүүдийн 3/2 нь батлах учиртай. Бид УИХ-ын 3/2-ыг бүрдүүлж чадахгүй байгаа учир МАН-аас маш олон удаа гуйсан. Тэртэй тэргүй таван тэрбум ам.долларын бонд босгох шийдвэрийг УИХ-аас баталчихсан. Үүний 1.5 тэрбумыг авчихсан. Үлдсэнийг нь авъя гэхээр УИХ дахь үл ойлголцол хойш нь чангаагаад байна.

Өөрөөр хэлбэл, нэг гараараа ав гээд гар барьчихсан мөртлөө нөгөө гараараа авч болохгүй гээд хориглочихоод байна. Үүнийг улс орныхоо эдийн засгийг бодоод эрүүлээр ярья гэхээр тэд үгүй гээд байгаа. Үгүй гэж байгаа бол бид ямар улс орноо баллалтай биш бололцоогоо ашиглах ёстой. Гадаадын хөрөнгө оруулалт хүлээлтэд орж, эргэлзээ үүсчихээд байгаа.

Монголд хөрөнгө оруу­лахгүй гэсэн хүн байхгүй. Гагцхүү энэ улс төрийн тогтворгүй байдал нь хүлээлт үүсгээд байгаа юм. Тиймээс улс төрийн тогтвортой байдлаа бий болгочихоод цаашаа явахад өнөөдрийн олонхид асуудал байхгүй.

-ТЕГ-аас УИХ-ын ги­шүүдийн туслахыг шалгасан гэсэн мэдээлэл хийсэн. Энэ талаар мэдээлэх боломжтой юу?

-М.Зоригт гишүүний туслахыг ТЕГ-аас дуудаж мэдүүлэг авсан талаар бид мэдээлэл авсан. УИХ-ын гишүүд ч мөн мэдээлэл өгсөн. Энэ нь ганцхан М.Зоригт гишүүний тус­лахаас бус мессеж ирсэн бүх л гишүүдийн туслахуудаас мэдээлэл авсан юм билээ.

М.Зоригт гишүүн өнөөдрийн хуралдаанд суугаагүй шалтгаанаа надад утсаар мэдэгдсэн. Баруун-Уртын авто замын нээлтэд оролцоод өнөөдөр өглөө үүрээр ирсэн учраас чөлөө авсан. М.Зоригт гишүүнээс өөрөөс нь лавлаж асуух зүйл байвал тодруулна биз.

-Ерөнхий сайдыг огц­руулахаар гарын үсгээ зур­сан гишүүдтэйгээ биечлэн уулзсан уу. Ер нь УИХ дахь АН-ын бүлгийн даргын хувьд энэ асуудлыг хэрхэн харж, дүгнэж байгаа вэ?

-Гишүүдийн нэрс тодорхой, сонин хэвлэлд ч гарсан байна лээ. Хамгийн гол нь тэдгээр гишүүдээс өөрсдөөс нь асуугаад үнэн худлыг нь лавласан нь дээр байх. Худал мэдээлэл гишүүдэд түгээх нь сайн зүйл биш.

Миний хувьд Ерөнхий сайдыг огцруулах кнопыг дарна гэдэг нь Ардчилсан намыг буудахтай адилхан сонсогдож байна гэдгийг л гишүүддээ хэлж байгаа. Бидэнд нуугаад байх зүйлгүй учраас гишүүддээ сануулж байгаа. Үйл явдал цаашид хэрхэн өрнөхийг мэдэхгүй учраас өөр зүйл хэлж мэдэхгүй байна.

-Тавантолгойг хувьчлах асуу­дал яригдаж байгаа юу?

-Тавантолгойн менеж­ментийн хувьчлалын асууд­­­лаар Засгийн газрын тог­­тоол гарсан. Энэ тог­тоолоор Тавантолгойд хө­­рөнгө оруулалт хийх ком­­паниудын журам бат­лагдсан. Сонгон шалга­руулалт арваннэгдүгээр са­рын 1-нд дууссаны дараа менежментийн хувьчлал хийгдээд явна гэсэн бодолтой байна.

Энэ өвөлд багтааж дээрх ажлыг хийгээд шалгарсан компаниуд хөрөнгө оруулалтаа хийгээд явах нь зөв.Энэ нь валютын урсгалыг нээх бас нэгэн боломж гэж харж байгаа.

-Нийтийн тээврийн үнэ ханштай холбоотойгоор да­раа долоо хоногт ах­мадууд жагсаал цуглаан хийнэ гэж байна. Энэ талаар танай бүлэгт мэдээлэл байгаа юу?

-Жагсаал цуглааны талаар бидэнд тодорхой мэдээлэл байхгүй байна. Нийтийн тээвэртэй холбоотой асуудлаар Нийслэлийн удирдлагуудтайгаа ярилцах нь зүйтэй гэж бодож байна.

-Ж.Батзандан гишүү­нийг намаас хөөх шаардлагагыг орон нутгийн намын төлөөллүүд тавьж байгаа дуулдсан. УИХ дахь АН-ын бүлгийн даргын хувьд ямар байр суурьтай байгаа вэ?

-Энд болж буй улс төрийн үйл ажиллагаанаас болж манай намынхан хаа хаана аа савлах шаардлагагүй гэдгийг орон нутгийн намынхандаа онцолж хэлмээр байна. Ардчилсан нам гэдэг ганцхан нам байгаа учраас цаашид ойлголцоод явах нь чухал болохоор танай, манай гэсэн талцлыг өдөөх хэрэггүй. Ж.Батзандан гишүүнийг намаас хөөх дүрмийн зөрчлийн асуудал үүсээгүй.

Тэгээд энэ талаар ярилцсан зүйл байхгүй. Ж.Батзандан гишүүн бүлгийнхээ хуралд суугаад, оролцоод л явж байна. Харин асуудал үүсэх юм бол намын дүрмэнд маш тодорхой зүйл заалтаар заасан байгаа.

-2014 оны төсвийн тодотголыг хийгээд тун удалгүй 2015 оны төсвийг батлах бололтой. Ер нь Монгол Улсын 2015 оны төсөв чамбай, элдэв эрсдэл багатай болох найдлага байна уу. Бодит зардлаа танах боломж харагдана уу?

-Арваннэгдүгээр са­рын 15-нд 2015 оны Улсын төсвийг батлах ёс­той. Төс­вийг хэтрүүлж хэ­лэлц­сэн ч хуулийн санкц байхгүй. Төсвөө хугацаандаа баталж чадахгүй бол УИХ тарах ёстой гэсэн юм байхгүй. Хугацааны хувьд маш дав­чуу гэдгийг анхнаасаа л хэлж байсан.

Харамсалтай нь улстөржсөөр байгаад ху­­гацаа тулчихлаа. Гэхдээ хугацаанд хавчигдаж түүхий төсөв хийх эрх энэ УИХ-д байхгүй. Нэг талаас зардлаа тана гэсэн ч нөгөө талаас царцаасан хөрөнгө оруулалтыг барь гээд байгаа нь асуудал үүсгэж байгаа.

2012 оны УИХ-ын сонгуулийн өмнө УИХ-ын гишүүд дур зоргоороо маш олон обьектыг барьж, түүнийгээ санхүүжүүлэх эх үүсвэргүй болсон нь өнөөдрийн 400 гаруй царцаасан обьект бий болох эх суурийг тавьсан.

УИХ дахь МАН-ын бүлгийн зүгээс улсын тө­сөв санхүүгийн байдал хүндэрч байгааг мэдсээр байж эдгээр обьектуудын дутуу санхүүжилтийг яаралтай хийхийг шахаж, нэг ёсны хоосон улстөр хийсээр байна.

Хэрвээ энэ 400 гаруй обьектийг бүгдийг санхүүжүүлнэ гэвэл хоёр их наяд төгрөг шаардлагатай. Зайлшгүй эдгээрийг гүйцээж баръя гэвэл төсвийн тогтвортой байдлын хуульд өөрчлөлт оруулж, өрийнхөө хэмжээг өөрчлөх шаардлагатай.

Өнөөдөр Монголын эдийн засаг хүчтэй ашиглалтын байдалтай байгаа нь бид ирээдүйд хүлээгдэж байгаа өрөө төлж чадах уу, үгүй юу гэдэг нөхцөл байдал үүсэх боломж нээгдээд байгааг хатуухан анхаарах хэрэгтэй.

Тэгэхээр бид энэ өрөө төлөхийн тулд эдийн засгийн тэлэлт, хөрөнгө оруулалтын бодлогоо яаж авч явах вэ гэдэг дээр маш бодитой, боломжтой нөхцөл байдал үүсгэх шаардлагатай болоод байна.

Бид 2017 оны гурав­дугаар сард өмнөх Засгийн газрын авсан 580 сая ам.долларыг төлнө. Энэ мөнгийг яаж тараасан бэ гэдгийг монголчууд бүгдээ­рээ мэдэж л байгаа. Дараа нь бид 2018 онд “Чингис бонд”-ын 500 сая ам.долларыг төлнө.

Тэгэхээр 2017-2018 онд нэг их наяд га­руй ам.долларыг төлөхийн тулд Монголын эдийн засаг хэрхэн яаж явах ёстой вэ гэдгийг аль аль талаасаа улстөржилгүйгээр, эрүүлээр ха­рах ёстой гэж бид үзэж байна.

Улстөрийн тогтворгүй байдал нь эдийн засгийг зогсонги байдалд оруулсан гол буруутан юм. Энэ бол Монголын улстөрийн намууд, ард түмний эрх ашигт харшилж байна. Бид одоо урагшаа харж, аль болохоор учраа ололцоод цаашаа явах цаг болсон.

Д.Түвшин

Эх сурвалж: